Дундговийн Эрүүл мэндийн газраас аймгийнхаа ард иргэдийн дунд зарласан, илүүдэл жингээ хасах 45 хоногийн аяны дүн гарлаа. “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасан, эрүүл мэндээ сайжруулцгаая” болзолт аянд зургаан сум, 19 аж ахуйн нэгж, байгууллагын 360 гаруй хүн оролцож, илүүдэл жингээсээ салсан байна. Тэд нийтдээ 624 кг жин хаяжээ. Илүүдэл жинтэй 100 хүний 17 нь хэвийн жиндээ буцаж орсон бол таргалалтын нэгдүгээр зэрэгт багтсан 54 хүний 14 нь, хоёрдугаар зэрэгт хүрчихээд байсан 14 хүний тав нь жингээ хассан аж. Аян эхлэхэд оролцогчдын 38 хувь нь хэвийн жинтэй байсан бол эцэст нь 44.5 хувь болж нэмэгдсэн байна.
.