Энэ жил төсөв хаа хаанаа хүрэлцэхгүй, төрийн байгууллагууд чардайж, өргөл барьц гуйж, бадарчлах нь холгүй байгаа. Эрүүл мэндийн салбарыг ч энэ байдал тойрч бус дайрч, эмнэлгүүдийн эмийн төсөв танагдсан. Тэгвэл улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед оюутнууд санаачлан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасагт тоглоомын өрөө гарган, түүнийгээ тохижуулсан байна.
Таван хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, мөөгөнцөртөж, эм, тариа үнэртсэн өрөө өдгөө хүүхэлдэйн киноны баатруудаар ханаа гоёж, өнгө засжээ. СЭЗДС-ийн магистрын хөтөлбөрт суралцаж буй 20 гаруй залуус “Сэтгэлийн жигүүр” төсөл хэрэгжүүлэн, таван сая гаруй төгрөг цуглуулан, хамгийн их засвар шаардлагатай өрөөг засаж, тохижуулсан нь энэ. Тус төслийн багийн удирдагч Ж.Солонго “Бид төслөө 14 хоногийн өмнө санаачилж, 3-4 хоногт тоглоомын өрөөгөө цэвэрлэн, ханыг нь будаж, зураг зураад, засаж, тохижууллаа. Зориулж тавилга хүртэл хийлгэсэн.
Төсөлд маань 150 гаруй хүн нэгдэж, оролцсон” гэв. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 180 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тэднээс 52 мянга нь хүүхэд. Өнгөрсөн өвөл нийслэл төдийгүй улсын хэмжээнд халдварт өвчин их гарсантай холбоотойгоор 90 хүрэхгүй орон дээр 210 хүүхэд хүлээн авч, заримыг нь хонгилдоо зулсан байна. Тус эмнэлгийн хүүхдийн их эмч Х.Уламбаяр “Манайд жилдээ 5000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хүүхдүүд эм уух, тариа тариулахдаа дургүй, их уйлна.
Энэ үед тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулах, саатуулах шаардлага тулгардаг ч яах ч аргагүй байсан. Харин одоо тоглоомын өрөөтэй болсноор энэ бэрхшээл байхгүй боллоо” хэмээн ярив. Түүнчлэн эмч нар эм, тариа тасалдах тохиолдол цөөнгүй гарч байгааг нуусангүй.
СЭЗДС-ийн магистрын хөтөлбөрийн оюутнууд төслийн удирдлага хичээлийнхээ хүрээнд “Сэтгэлийн жигүүр” төслийг 2009 оноос хэрэгжүүлжээ. Анх асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараахаас сайн үйлсийн аяныхаа гарааг эхэлж, үүнээс хойш тусламж шаардлагатай хэн бүхэнд гараа сунган тусалж, төслөө хэрэгжүүлэн, аянаа өргөжүүлсээр ирсэн байна.
Э.ЭРДЭНЭ