УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд уг хуулийн төслийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, төслийн нэгдүгээр зүйлийн 6.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар тогтооно” гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзэв.
Улмаар дэмжсэн саналуудыг нэгтгэн томъёолж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үүний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, тус хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 53.4 дэх хэсгийн “үл маргах” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-т заасан” гэж өөрчлөхөөр тогтсон.
Энэ үеэр гишүүд хуулийн төслийн тухайн зүйл, заалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Мөнгөтэй, том компаниуд иргэдийн газрыг хямдхан авч нэг өрөө байранд оруулдгийг болих хэрэгтэй. Хашааны газраа 10, 20, 100-гаар нь нийлүүлээд том байшин зээлээр бариад, тэндээ өөрсдөө орж суугаад, илүүг нь зарж байшингийнхаа өрийг төлдөг системийг нэвтрүүлэх цаг болчихоод байна. Бид хүмүүст орон сууцаа барьцаалж зээл авах эрхийг 1996 онд өгсөн шүү дээ. Буруудсан зүйл ердөө байхгүй. 1996 оноос өмнө 100 айлын зах гэж байгаагүй. Орон сууцыг хувьчилсан учраас түүнийгээ засдаг зах зээл үүссэн.
Маш олон хүн ажилтай болсон. Олон жилийн өмнөх шигээ ард түмнээ хайрлаж, энэрч байгаа юм шиг ярьдаг популизмаасаа салах хэрэгтэй, Нямдорж гишүүн ээ. Орон сууц хувьчилснаар Монголын ард түмэн алдаагүй. Хашааны газрыг та нар 2003 онд өгсөн. Гэхдээ зарж борлуулах, барьцаалах эрхийг нь өгөөгүй 12 жил болжээ. Одоо өгье. Малыг малчдад өгөхөд нь бас бүгдийг алж идээд хотод орж ирнэ гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Одоо хашаагаа зарж, барьцаалж, өөрсдөө байшин барих эрхийг нь өгөх гэж байна. Мөнгөтэй, том барилгын компаниудыг дэмжихээ больё, УИХ-ын гишүүд ээ. Өөрийнх нь хувь заяаг өөрт нь өгье” гэв. Харин Ц.Нямдорж гишүүн “Бат-Үүлээс юм юм гарах нь. Дахин төлөвлөлтийнхөө газрын учрыг олоогүй байж, дахиад баахан иргэнийг газаргүй болгох нь. Ухсан газраасаа хулгай хийнэ. Чамайг хулгай хий гэж улсын баатар болгоогүй шүү. Чи сүүлийн үед салга болоод байгаа шүү” гэж хэлэв.
Ингэснээр гишүүн, хотын дарга хоёрын хооронд хэрүүл үүсэв.
Э.Бат-Үүл: -УИХ-ын гишүүн хүн доромжилж болдог юм уу. Доромжлуулж байхад чинь би чамайг өмөөрч байсан шүү
Ц.Нямдорж: -Чи худлаа хэлж явдаг. Хамаг амьтны газар хураагаад авчихсан, орон гэргүй хүмүүс цаана чинь олон байна.
Э.Бат-Үүл: -Чи хэрүүлээс өөр юу хийсэн юм бэ. Худлаа солиорно.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Зайл чи.
Э.Бат-Үүл: -Яадаг муу новш вэ, чамайг доромжлуулж байхад чинь өмөөрч байсан шүү гэж хэлээд хуралдааныг орхин гарав.
Ц.Нямдорж: -Нэг муу дүүргийн дарга болчихоод УИХ дээр орж ирээд ингэж болдог юм уу. Нотариат тойрсон баахан луйвар явна. Харж л байгаарай, Батзандаан. Ядарсан иргэд газаргүй болоод дуусна даа. Энэ маргааны дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Т.ЭНХБАТ