УИХ-ын гишүүн Л.Цог Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулах ажлын хэсгээс гарснаа өчигдөр мэдээллээ. Тэрбээр энэ тухайгаа УИХ-ын дарга, ажлын хэсэг, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нарт дуулгасан байна. Үндсэн хуулийг боловсруулсан үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа учраас ажлын хэсгээс гарч байгаа аж.
Л.Цог “Парламентын засаглалыг бэхжүүлэх нэрийн дор Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, тэр ч бүү хэл УИХ-ыг тараах эрх мэдэл өгөх гэж байна. Энэ нь бодлогоо хэрэгжүүлэхийн тулд УИХ-ыг дарамтлах хэрэгсэл болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг юу ч үгүй хасаж байгаа. Хууль санаачлах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ахлах эрхийг нь хасна.
Мөн ард түмнээс сонгохгүй, УИХ-аас сонгоно гэж буй. Тэгэхээр УИХ-д олонх болсон намын хүн л Ерөнхийлөгч болно. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт орсон УИХ хэмээх байгууллага Монгол Улсын хувь заяаг авч явж чадахгүй нь ойлгомжтой болсон. Тиймээс хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн байр суурь баримтална” гэж ярив.