Өнгөрсөн сарын 24-29-нд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 83 дугаар -рөнхий чуулган Франц улсын Парис хотноо болжээ. Чуулганд дэлхийн 140 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцож, хуурай газрын болон усны амьтдын малын эрүүл мэндийн код хариуцсан зөвлөлийн тайлан, дэлхий нийтийн малын эрүүл мэндийн асуудал, анхаарал татсан өвчний дэгдэлт зэрэг асуудлаар илтгэл тавьж, хэлэлцсэн байна. Тус чуулганд манай улсаас Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн, ДМАЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч П. Болортуяа оролцож, ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ. Энэ үеэр манай төлөөлөгчид Бүх Хятадын малын ерөнхий эмч Жан цю, ОХУ-ын Ургамал, хорио цээрийн албаны дэд дарга, малын ерөнхий эмч, ерөнхий байцаагч Непоклонов нартай уулзаж, гурван орны мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж. Тухайлбал, худалдааны хорио цээрт шүлхий болон бусад хил дамжин халдварладаг өвчний талаарх мэдээллийг шуурхай солилцох, хил залгаа бүс нутгуудын мал эмнэлгийн халдварт өвчний хяналтыг сайжруулах, хамтарсан эрүүл бүс байгуулах, худалдааны чөлөөт байдлыг хангах боломж зэргийг ярилцсан гэнэ. Мөн ирэх есдүгээр сарын 11,12-нд гурван улсын Малын ерөнхий эмч нарын ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцжээ.