Хэнтий аймагт роботын дугуйлан 30 гаруй жилийн тэртээгээс хичээллэж эхэлжээ. Харин 2001 онд тус аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн багш, сурагчид анх удаа роботын тэмцээн зохион байгуулсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа аймагтаа улсын аварга шалгаруулах робокон тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан бол энэ нь өдгөө олимпиад болон өргөжсөн байна. Гэсэн хэдий ч тэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжгүйгээс эвдэрсэн машин, хөгжим, зурагт зэрэг гарт тааралдсан зүйлээ ашиглан робот бүтээдэг байж.
Тэгвэл БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр тус аймаг болон Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай аймгийн зургаа, нийслэлийн ерөнхий боловсролын дөрөв, олон улсын хөтөлбөрийн сургалттай гурван сургуульд голыг нь олсон бэлэг өглөө. Тэрбээр “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд эдгээр 13 сургуульд лего робот, хоёр сургуульд гитарын клуб байгуулах тоног төхөөрөмж гардуулсан юм. Роботын клубт хамрагдсан хүүхдүүд хичээлдээ дуртай болохоос гадна тоглоомоор дамжуулан шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгтэй болж, сурлага нь мэдэгдэх үйц сайжирдаг байна. Лего робот нь хүүхдийн сонирхлыг татахуйц, физик, хими, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг хичээлээр эзэмшсэн мэдлэгийг нэгтгэн, чадвар болгон төлөвшүүлж, техник сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг багш нар онцоллоо.
Сургуулиудад өгсөн иж бүрдэлд жижиг хуванцар хэсгүүд, араа, дугуй, туузан дамжуурга, төв процессор, цахилгаан мотор, батерей, дуу мэдрэгч зэрэг сургалтын цогц хэрэглэгдэхүүн багтаж байв. Ингэснээр сурагчид өөрийн хүссэн загвараар роботоо угсарч, программчлан тодорхой үйлдэл гүйцэтгэн, туршиж үзэх боломжтой боллоо. Лего роботын иж бүрдэл нь долоон сая, хөгжим нь 50 сая төгрөгийн үнэтэй гэнэ. БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Авьяас” хөтөлбөрийн зорилго бол хүүхдийн техник сэтгэлгээ, авьяасыг хөгжүүлэх. Энэ хүрээнд нисэх загварын 100 гаруй дугуйлан хичээллэж байна. Мөн 100 гаруй сургуульд технологийн, 200 сургуульд физикийн лаборатори нийлүүлсэн” гэсэн бол Монголын роботын боловсролын нийгэмлэгийн тэргүүн, “Монгол тэмүүлэл” сургуулийн захирал Д.Төмөрчөдөр “Сургуулиудад өгч байгаа энэ роботууд нь 8-21 насныханд зориулагдсан. Үүгээр хичээллэсэн хүүхдүүдэд сайн үр дүн гарч байгаа нь судалгаагаар батлагдсан” гэв. 2012 оноос үндэсний хэмжээнд “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Тэр үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 20 хувь нь дугуйлан, секцэд хамрагдаж байсан бол энэ хичээлийн жилд 115 хувь буюу нэг сурагч 2-3 дугуйланд хичээллэх болжээ. Энэ нь тус хөтөлбөр үр дүнгээ өгч буйн бодит жишээ юм. “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 11а ангийн сурагч Э.Тамир “Би роботын дугуйланд яваад гурван жил болж байна. Энд суралцсанаар техник болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хичээл дээр үзсэнээ бодитоор турших боломж бүрдсэн” гэсэн юм. “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилготой таван чиглэлийн 121 төрлийн дугуйлан, секц, клуб хичээллэжээ. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, сургалтын орчныг сайжруулахад зориулж улсын төсвөөс нийт 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ