Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Манай улсын хувьд орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход нэг талаас барилгын салбарын үйлдвэрлэл, орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, санхүү, зээлийн үйлчилгээний шинэлэг хэлбэрүүдийг бий болгох, нөгөө талаас стратегийн хөрөнгө оруулалтыг татах замаар банк, санхүүгийн байгууллагуудын дунд өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Улсын Их Хурлын 2002, 2010 оны чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиудтай нийцүүлэн манай улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болох дотоодын хөрөнгө оруулалтын тогтолцоог бий болгох харилцааг зохицуулах шаардлагыг харгалзан үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан болохоо УИХ-ын даргад танилцуулав.
Түүнчлэн банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан зээлийн авлагыг дахин санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн нэг салбарт төвлөрсөн хөрөнгийг барилга зэрэг хөрөнгө шаардлагатай байгаа бусад салбарт хуваарилах нь улс орны эдийн засагт сайнаар нөлөөлж, тогтвортой хөгжлийг хангадаг олон улсын жишиг бий. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь олон улсын зах зээл дээр Засгийн газрын үнэт цаасны дараа орохоор баталгаатай гэж тооцогддог болохыг тэмдэглэн хэлэв. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс банкинд байршуулж тодорхой хугацаанд хүүгийн хамтаар буцаан авахтай адил нийгмийн даатгалын хөрөнгийг нэмэгдүүлэх санхүүгийн үйл ажиллагаа бөгөөд эдийн засгийн хувьд үр нөлөө ихтэй хэмээн үзжээ. Тус сангийн хөрөнгийг банкинд байршуулснаар тухайн нэг банк хадгаламжийн эх үүсвэртэй болж олон төрлийн зээл олгодог, харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авсан тохиолдолд уг үнэт цаасыг баталгаажуулж буй чанартай орон сууцны зээл олгосон хэд хэдэн банкууд нэгэн зэрэг эх үүсвэртэй болох боломж бүрдэх юм байна. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргээд иргэдэд урт хугацаат орон сууцны зээл олгоход зориулах, барилгын салбар болон хөрөнгийн зах зээлийг мөн дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой болохыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Уг хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр Засгийн газрын бонд, Монгол банкны үнэт цаас худалдан авах болон арилжааны банкинд байршуулахаас гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.