Англи хэлний түвшин тогтоох IELTS шалгалтад бэлдэгчдэд зориулсан www.ielts-blog.com цахим хуудаснаас зохион байгуулдаг уралдаанд Ч.Сансар хэмээх монгол бүсгүй тэргүүлжээ. Тус сайт сар бүр IELTS шалгалтад оролцогчдын дүнг харьцуулан шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Ч.Сансар өнгөрөгч сарын шалгаруултын академик түвшнийхэнтэй өрсөлдөж 8.5 оноотойгоор нэгдүгээрт жагссан аж. Өдгөө Швейцарьт ажиллаж амьдарч буй түүнтэй цахим сүлжээгээр холбогдлоо.
-Ямар зорилгоор IELTS-ийн шалгалт өгсөн бэ?
-Би одоогоор Швейцарийн “Mettler Toledo” компанид ажиллаж байгаа. Цаашид мэргэжлээрээ гүнзгийрүүлэн сурах зорилготой учир англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн.
-Швейцарьт амьдардаг учир багаасаа англи хэл үзсэн үү?
-Үгүй ээ. Дунд сургуульдаа орос хэл сурч байсан учраас их сургуульд ороод л англи хэл сурч эхэлсэн.
-IELTS-ийн шалгалт өгөхийн тулд хэр удаан хугацаанд бэлдсэн бэ?
-Хоёр гурван өдөр л бэлдсэн.
-Хоёр гурван өдөр л бэлдсэн атлаа уралдаанд түрүүлсэн гэхээр хэлний түвшин маш сайн байгаа байх нь ээ?
-Энэ уралдаан яг албан ёсных биш. www.ielts-blog.com гэж тус шалгалт өгөхөөр бэлдэж буй хүмүүст зориулсан цахим хуудаснаас зарласан уралдаанд л түрүүлсэн хэрэг. Дэлхий өнцөг булан бүрээс маш олон хүн уг шалгалтыг өгч байгаа. Тэднээс даалгавраа 100 хувь биелүүлж 9 оноо авсан хүн ч зөндөө бий. Миний хувьд 8.5 оноо авсан. Манайхнаас ийм оноо авсан хүн лон байдаг байх гэж бодож байна.
Эцэст нь IELTS-ийн шалгалт өгөхдөө юуг анхаарах тухай түүний зөвлөгөөг хүргэе. http://chsansar.blogspot.ch/2015/05/ielts-academic.html?m=1
Эхлэл
IELTS-ын шалгалт өгөхдөө баримтлах хамгийн чухал дүрэм бол шалгалтынхаа учир зүйтэй сайн танилцах. Учир нь англи хэлний түвшин хэчнээн сайн байсан ч шалгалтынхаа учир зүйг олохгүй л бол хангалттай сайн оноо авч чаддаггүй. Жишээлбэл, Австрид оршин суух эрх авах гэсэн англичууд эх хэлнийхээ шалгалтад бүдрэх тохиолдол цөөнгүй бий.
Шалгалт өгөхөөр бэлдэхдээ хийх хамгийн эхний алхам бол өөрийн түвшинг тогтоох туршилтын шалгалт өгөх. “British Council”-ийн тестийг http://takeielts.britishcouncil.org/prepare-test/free-practice-tests энэ холбоосоор ороод бөглөж, өөрийгөө сорих боломжтой. Монгол дахь түвшин тогтоох шалгалтад бэлддэг сургалтын төвүүд ч эл төрлийг сорилыг хийдэг. Тиймээс өөрийн түвшинг мэдчихвэл сонсох, унших, бичих, ярих гээд аль чадвараа илүү хөгжүүлэх ёстойгоо мэдэх боломжтой болохоос гадна энэ төрлийн шалгалтын ерөнхий ойлголттой болно.
Миний хувьд шалгалтад бэлдэхдээ “IELTS Test Builder” гэдэг ном ашигласан. Бэлдэхдээ яг л шалгалт өгч байгаа мэт тогтсон цагт даалгавруудаа гүйцэтгээд, эцэст нь хариутайгаа тулгаж, алдаагаа дүгнэж байлаа.
Түүнчлэн “6 Minutes English Listening” хэмээн BBC-ийн аппликейшнийг бас нэгэн гарын авлага болгон ашиглаж байлаа. Завтай үедээ сонсох зургаан минутын мэдээллүүд нь орчин үеийн нийгэм дэх асуудлуудыг хөндсөн байдаг тул бичих, ярих дасгалаа ч бэлдчихдэг.
· Сонсох
Сонсох хэсгийн даалгаврыг гүйцэтгэхдээ анхаарах хамгийн чухал зүйл нь заавартайгаа сайн танилцах. Бүх заавар цаасан дээр байдаг тул бичлэг сонсож байхдаа тэр хэсэгт анхаарал хандуулж цаг алдах шаардлагагүй. Хэдээс хэддүгээр даалгаврын зааврыг хэлж байгааг л чухалчлан сонсох хэрэгтэй. Асуултуудаа уншиж байхдаа дутуу орхиж, эсвэл чухал шаардлагагүй дараагийн бүлэг асуултын зааврыг сонсож цаг алдахгүйн тулд тухай бүрт хэдээс хэддүгээр асуултын зааврыг хэлж байгааг асуултын дугаарын доогуур зурж тэмдэглэх нь зүйтэй.
Бичлэг эхлэхээс өмнө асуултуудаа хариулттай нь уншиж амжуулаарай. Ингэснээр аль үгэнд анхаарал хандуулах хэрэгтэй, асуулт юун тухай байх вэ гэх мэтчилэн эхний ойлголттой болчих тул хариулахад хялбар болно. Жишээлбэл үг нөхөх асуултад цаг эсвэл үнийн талаарх мэдээллийг л олж сонсох хэрэгтэй гэдгийг урьдчилж мэднэ гэсэн үг. Түүнчлэн асуулт, хариултаа сонсох зуураа л хариугаа бичих хэрэгтэй. Ингэснээр хариугаа мартах, цаг алдахаас сэргийлж байгаа юм.
Хэрэв эхний асуултад хариулж чадахгүй эргэлзээд байвал тэр даруй асуултаа алгас. Үгүй бол эхний даалгаврын талаарх бодол дараагийнхийг сонсох үед ч бодогдсоор алийг нь ч хариулж чадахгүй бүх оноогоо алдахад хүрнэ.
Сонсох даалгавар дөрвөн хэсэгтэй. Бичлэг 20 минут үргэлжилж, хариулт бөглөх нэмэлт хугацаа нь 10 минут.
· Унших
Унших хэсгийн эрх хүнд нэр томъёо ихтэй ч бүгдийг нь уншиж, ойлгох шаардлага байхгүйд гол учир нь байгаа юм. Би эхээ гарчигламагц эхний асуулт, хариултаа унших арга хэрэглэсэн. Эхээс эхний асуултын хариуг олох хүртэл уншна. Учир нь асуултууд яг эхэд байгаа дарааллаар байдаг. Тиймээс эхээ нэг дор бүрэн гүйцэт уншилгүй асуултын хариуг олох хүртэлх хэсгийг уншиж хариугаа бөглөчихөөд дараагийн асуултыг уншиж, эхээс хариуг нь уншиж олох гэсэн зарчмаар унших хэсгийн даалгаврыг хийсэн. Түүнчлэн эхийг уншиж байхдаа хүний нэр, огноо гэх мэт асуултад байх магадлалтай мэдээллийн доогуур зурж тэмдэглэх нь зүйтэй. Тэгвэл цаг алдахгүй хариугаа олох болно. Унших даалгавар гурван эх өгдөг. Нэг цагийн хугацаанд бүх асуултад хариулж, хариу бөглөх хуудсан дээр бичих ёстой. Тэгэхээр нэг эхийг уншиж, асуултуудад хариулахад 18 минут зарцуулах ёстой гэсэн үг.
Хамгийн түгээмэл асуудаг асуултууд ихэвчлэн True, False, Not Given гэх эсвэл Yes, No, Not Given гэсэн хариулттай асуултууд байсан. True, False, Not give гэх хариутай нь ихэвчлэн баримтын талаарх асуулт байдаг бол Yes, No, Not given гэх хариулт бүхий асуулт нь зохиогчийн үзэл бодол, байр суурины талаар асуусан байдаг. Тэгэхээр асуултанд байгаа өгүүлбэрийн утга эхийнхтэй яг таарч байвал True буюу Yes гэж хариулна. Харин асуултанд бичсэн зүйлийн талаар эхэд огт дурдаагүй бол Not given гэсэн үг. Ингэж тааруулахдаа үг, үгээр нь биш асуултанд байгаа өгүүлбэрийн утгыг текстэн дээрх утгатай харьцуулах хэрэгтэй. Учир нь бараг бүх үг нь тохирч байгаа атал утга нь зөрж, False буюу No хариулттай байх нь бий.
Жишээбэл:
Асуултад: It always rains in the small town of Edenburg in south England.
Эхэд: Sometimes the weather is rainy in Edenburg in south England.
гэсэн байвал өгүүлбэр дэх үгнүүд нь адилхан юм шиг боловч always-sometimes гэсэн хоёр үгээр утга нь зөрж буй учир False гэсэн үг.
· Бичих
Бичих даалгавыг 1+1=2 гэсэн аргаар сурчихаж болохуйц. Ялангуяа эхний даалгавар график тайлбарлахад ашиглагдах үг, бичлэгийн бүтэц бүгд ойлгомжтой байсан учраас тэгж дүгнэлээ.
Бичих хэсгийн цаг их давчуу. Эхий даалгаврыг 20 минутанд (150-иас илүү үг бичих ёстой), хоёр дахь даалгаврыг 40 минутанд хийх ёстой (250-иас дээш үг бичих ёстой). Хоёр дахь буюу эссе бичих даалгавар нь хоёр дахин их оноотой тул эндээс эхлэхэд буруудахгүй.
Харандаагаар бичсэн нь зүйтэй, энэ нь ойлгомжтой бөгөөд засахад хялбар. Бичих хэсгийн даалгаврыг бэлдэхдээ бусад маш сайн бичсэн хүмүүсийн бичлэгүүдийг уншиж хэрэглэж байгаа үг, өгүүлбэрүүдийг нь өөрийн болгох хэрэгтэй. Цаг харж байгаад өдөрт нэг report, нэг эссе бичиж сургуулилах хэрэгтэй.
Бичлэгийнхээ төгсгөлд дахин нягтлах цаг заавал гаргах хэрэгтэй. Энэ цагтаа үг үсгийн алдаагаа засаж, зарим нэг энгийн үг өгүүлбэрүүдийг илүү нийцтэй хувилбараар нь орлуулж болно. Жишээ нь, but гэж бичсэн байсан бол however болгох.
Миний бичсэн бичвэр, эссетэй доорх холбоосоор орж танилцаарай. https://onedrive.live.com/view.aspx?resid=1C6EE1655ABAAC4A!1357&ithint=file%2cdocx&app=Word&authkey=!AFOKW-a3kZFpO8g
Түүнчлэн youtube хуудаснаа байршуулсан бичлэгүүдээс бичих даалгаврын учир зүйг олох аргыг сурч болно. https://www.youtube.com/embed/E3U1Y1jgGls
Хэрэв цагтаа бичиж дуусгаж амжихааргүй бол жоохон зай аваад төгсгөлийн дүгнэлтээ хийх хэрэгтэй. Нэг өгүүлбэрт багтаагаад хамаагүй дүгнэлтээ бичихгүй бол 25 хувь нь үүнээс хамаардаг гэдгийг бүү мартаарай.
· Ярих
Ярих бол хамгийн амархан хэсэг юм шиг санагдсан. Ялангуяа танилцах хэсэгт ямар даалгавар ирэх нь тодорхой тул урьдчилан хэдэн хариулт бэлдэж, түүнийгээ өөрийн болгочихвол болох нь тэр. Гэхдээ цээжилчихсэн нь илт мэдэгдвэл бас оноо хасагддаг.
Дараагийн хэсгүүдэд цахим хуудсуудаас шалтгалтад ирж байсан асуултуудыг харж байгаад толинд харж ярьвал үр дүнтэй.
Тавьсан асуултыг нь ойлгоогүй бол давтаж асуугаарай. Ярих хэсэг нийтдээ 15 минут орчим л үргэлжилнэ.
Эцэст нь IELTS Official youtube суваг дээрээс яриан хэсэгт ямар оноо авснаар нь ангилсан бичлэгүүдийг үзэж, өөрийгөө харьцуулаарай.