Дундговь аймаг энэ жил тарьсан 47 мянган модоо усалж хүчрэхээ байжээ. Говийн элсэнд үүнээс өмнө 113 мянган мод ургуулж чадсан энэ аймаг өмнө нь тарьсан модоо ажилгүй иргэдээр арчлуулдаг байсан аж. Тэдний цалинг нийтийг хамарсан ажилд зориулсан төсвөөс гаргуулчихдаг байсан гэнэ. Гэтэл энэ жил нийтийг хамарсан ажил гэсэн жагсаалтаас мод усалж арчлахыг хасчихжээ. Ингээд ажилгүй иргэдийг түр ажиллуулах мөнгө санхүүгүй болсон тул модоо яаж услах вэ гэдэг асуудалтай тулгараад буй аж. Дашрамд дурдахад, тус аймаг тарьсан модныхоо 75 хувийг ургуулсан амжилтаар өнгөрсөн жил улсад тэргүүлжээ.