Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаанхуруу гэдэг газраас өнгөрсөн тавдугаар сард иргэд алт ухаж эхэлжээ. Түүний дараа сумын цагдаа, байгаль хамгаалагчид тэнд очин, гар аргаар алт олборлогчдыг хөөн тараасан боловч албаны хүмүүсийг явахаар буцаад оччихдог байсан аж. Ийм байдлаар алт олборлож байсан Баянхонгор аймгийн нэгэн иргэн шороонд даруулан амиа алдсан байна.
“Эдийн засаг хямарч, хаа сайгүй ажилгүй хүн олширсон энэ үед нутгаасаа гарсан алтыг олборлуулаач” гэсэн хүсэлтийн дагуу иргэдийг тэндээс 10 хоног ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн аж. Тэнд газар газраас очсон янз бүрийн машин, мотоцикльтой 1000-гаад хүн өдөр, шөнөгүй алт ухаж байгаа гэнэ. Иргэдэд олгосон хугацаа өчигдөр дууссан тул сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон, иргэдийг тараалгахаар шийдвэрлэжээ.