Улаанбаатар хотоос энэ сарын 8-нд Увс аймаг руу 35 зорчигчтой хөдөлсөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн УВХ 22-88 улсын дугаартай ПАЗ маркийн автобус 9-ний үүрээр Архангай аймгийн Хотонт сумын нутагт осолдсон. Амь насанд халтай гэмтэл авсан хүн байхгүй, хүндэвтэр гэмтсэн найман хүнийг аймгийн эмч нар хяналтандаа байлгаж байгаа аж. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ослын газарт дуудлагаар очиж, зорчигчдод үзлэг хийсэн аж. Увс аймгийн Тариалан сумыг зорьж явсан, хувийн нэгэн их сургуулийн багш Хотонт сумын эмнэлэгт толгойдоо оёдол тавиулаад яаралтай тусламжийн машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орсон байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат жирэмсэн эмэгтэйг зөөлөн эдийн гэмтэлтэй, урагт аюулгүй гэсэн дүгнэлт гарчээ. Түүнийг Хархоринд хүргэсэн байна.
Осолд орсон зорчигчдыг авахуулахаар Архангай аймаг дахь Авто тээврийн газраас 45 хүний суудалтай автобус гарч Хотонт суманд 9-ний өглөө 08.00 цагийн үед очсон ч осолд орсон зорчигч бүрээс мэдүүлэг авна хэмээн цагдаа нар саатуулсан байна. Тухайн өдөр Хотонт суманд бороотой, хүйтэн байсан учраас зорчигчид үүнд бухимдан, “Осолд зорчигчид хамаагүй. Биднийг аймгийн төвдөө аваачаад мэдүүлэг авч болно шүү дээ. Гэтэл энд орох газар ч олдохгүй газарт мэдүүлэг авна гэж саатуулаад хохирсон биднийг улам хохироож зутрааж байна” хэмээн гомдоллов. Хотонтоос Цэцэрлэг хүртэл 86 км зайтай юм байна.