Хорин хэдхэн насандаа арван хэдэн тэрбумын авлигын хэргээр шалгагдаж буй хүн манай улсад “хүргэн дүүгээс” өөр үгүй. Г.Дэнзэнгийн түүх түүний 27 насанд дэндүү ахадна. Тэрбээр ЗГХЭГ-ын дэд дарга, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Үүний өмнө Тэргүүн Шадар сайдын туслах, зөвлөхөөр ажилласан намтартай. Түүний ажил, амьдралын товч атлаа амжилт, адармаагаар дүүрэн түүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай салшгүй холбогдож, Монгол даяар “хүргэн” хочтой болсон билээ. Одоо “хүргэний” араас Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед орон тооны бус зөвлөхөөр нь ажилласан хоёр ч хүн АТГ-т шалгагдаж эхэллээ.
Түүнчлэн УБЕГ-ын дарга болон зарим албан хаагчийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэв. Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150.3, 265.2 дахь хэсэгт зааснаар шалгаж буй. Өнгөрсөн сарын 21-нээс 14 хоногийн хугацаагаар хоригдсон түүнийг прокурорын байгууллагаас яллагдагчаар татан хоригдох хугацааг нь дахин хоёр сараар сунгажээ.
УБЕГ-ЫН ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
АТГ Г.Дэнзэнг орон гэрээс нь баривчлах үед түүний хамтран амьдрагч Г.Уянга нялх хүүхдээ тэврэн уйлж байсан тухай мэдээлэл бий. Гэрэлхүүгийн Уянга бол Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн охин. Түүнийг “Говь пауэр” ХХК-ийн захирал гэдэг бөгөөд Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа тус компанид Цагаанхадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер буюу нүүрс буулгах 17 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар олгосон хэмээн сэжиглэж буй юм. Харин Г.Дэнзэнгийн тайлбарлаж байгаагаар бол, тэрхүү “Говь пауэр” компани Г.Дэнзэн, Г.Уянга нарт огт хамаагүй гэх. Хэргийн учиг энд л байх шиг. Хэрэв “Говь пауэр”-ийн захирал Г.Уянга биш бол энэ компаниас болж нэгэн залуу хос хэлмэгдэж байхад Ч.Уянга хэмээх захирал бүсгүй өнөөдрийг болтол яагаад ил гарсангүй вэ. “Говь пауэр” ба Уянгын бүртгэлд “но” байгаа нь үнэн бололтой. Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийг АТГ шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Түүний баталж байгаагаар, 2013 оны нэгдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн “Говь пауэр” ХХК-ийн улсын бүртгэлийн эхийг 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд устгаж, хуурамчаар сольсон, захирал Гэрэлхүүгийн Уянгын эцгийн нэр болон төрсөн он, сар, өдрийг өөрчилсөн хэрэгт сэжиглэн АТГ УБЕГ-ын удирдлага болон зарим ажилтныг шалгаж байгаа юм байна. Ингээд “Говь пауэр” ХХК-ийн захирал Г.Уянга ердөө хормын төдийд Чулуунбаатар гэдэг овогтой, Н.Алтанхуягийн зээгээс таван насаар эгчмэд бүсгүй болон хувирчээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 29. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийг шалгах явцдаа илрүүлсэн Г.Уянга захиралтай “Говь пауэр” ХХК-ийн булхайг чуулганы хуралдаанд илчлэх байв.
Ажлын хэсгийг ахалсан Ж.Энхбаярт үг хэлэх боломж олдсонгүй. Энэ өдрийн өглөө “Говь пауэр”-ийн бүртгэл, Г.Уянгын овог, нас өөрчлөгдсөн байх бөгөөд харин үдэш нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт энэ тухай мэдээлэл УБЕГ-ын нэгэн ажилтнаас ирсэн байдаг. Эх сурвалжийн хэлснээр, АТГ Г.Дэнзэнг цагдан хорьсон тэр өдрөөс хойш УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж ажилдаа очоогүй бололтой.
ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ НЬ Ч БОЛЖ
Яагаад хамтран амьдрагч гэж. Г.Дэнзэн, Г.Уянга хоёр өдий болтол гурван жил нэг гэрт амьдарч, үр хүүхдийн эцэг, эх болсон мөртлөө яагаад гэрлээгүй юм бол. Залууст өмнө нь гэрлэх зав гараагүй болов уу гэсэн таамгийг миний бие дэвшүүлж байна.Тэд 2011 онд Н.Алтанхуягийг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байх үед танилцан дотносчээ. Тэгэхэд Г.Дэнзэн Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх болчихсон, харин Г.Уянга нагац ах Н.Алтанхуягийнхаа зөвлөхөөр ажилд ороод удаагүй үе. Засгийн газар дахь өндөр албан тушаалаас гадна АН-ын дарга байсан Н.Алтанхуягийн багийнхан 2012 оны сонгууль угтсан нөр их ажилд дарагдаж байсан нь ойлгомжтой. Хүргэн ахын удирдсан АН сонгуульд ялсны дараа ЗГХЭГ-ын дэд дарга болсон Г.Дэнзэнд ажлын дундуур гүйж, гэрлэлтээ батлуулах зав гараагүй биз ээ. Гэрлэж амжаагүй нь ч болж гэж нялх хүүхэдтэй залуу хосын өмнөөс бодогдож байна. Хэрэв тэд гэрлэлтээ батлуулсан бол хууль ёсны эхнэр, нөхөр хэмээгдэж, “Говь пауэр”-ийн захирал Г.Уянга мөн л цагдан хоригдох байсан.
Г.Дэнзэн одоо 27-той, хамтран амьдрагч Г.Уянга нь 25-хан настай. Нэг нь нөгөөдөө 17 тэрбумын тендер зувчуулж, эвлэрлийн гэрээгээр 4.5 тэрбум төгрөг олгож байхдаа нэг нь 25, нөгөө нь 23-тай л байж. Ийм насанд, тэгээд хариуцлагатай албанд томилогдон маш завгүй ажиллаж байхдаа хэдий завандаа элдвийн мөнгө төгрөг тонших, тэгэхдээ бүр хэдэн арван тэрбумаар нь хулгайлах санаа бодож олсон байх вэ. 25 насыг тойрч биш, дайрч гарсны хувьд тэднийг ийм зүйл сэдсэн, үйлдсэн, улс орныг хохироосон гэж итгэхэд бэрх санагдана. Г.Дэнзэн баривчлагдахынхаа өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би бохир улс төрийн золиос боллоо” хэмээсэн. Дүүгийн үг түүгээр энэ хэргийг хийлгэсэн, түүнийг ашигласан улс төрийн акулуудад хаягласан ч байж болох.
Л.ГАНСҮХИЙН АРААС Г.СҮХБУЯН, Р.ОТГОНТУЛГА
АТГ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэрэгт сэжиглэн шалгасаар удлаа. Одоо Л.Гансүхийн араас Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн орон тооны бус хоёр зөвлөх АТГ-т шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр, хоёр зөвлөхийн нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуян аж. Ерөнхий сайдын албан бус зөвлөхүүд төсөв зарцуулах, төсөл хэрэгжүүлэх эрхгүй. Харин Г.Сүхбуян, Р.Отгонтулга нар “Нүүрс” болон “Говь пауэр”-ийн хэрэгт огт хамааралгүй боловч төсвийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэгджээ. Г.Сүхбуян, Р.Отгонтулга нарыг цахим лавлагааны ТҮЦ машинуудыг Засгийн газарт зах зээлийн ханшаас өндөр үнээр “шахсан” хэмээн сэжиглэн нэгжлэг хийж, байцаалт авчээ.
Б.ЭНХЦЭЦЭГ