Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын дарга Бөхчулууны Пүрэвдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг шалгаж буй мэдээлэл хэвлэлд гарсны дараа тэрбээр нэгэн цахим хуудсанд “Намайг баривчлаагүй байгаа биз дээ. Цахим хуудсуудад гарч байгаа асуудлын талаар удахгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Үнэнийг хэлнэ” гэж ярьсан байв.
Тэгэхээр түүнийг батлан даалтад байлган шалгаж байгаа нь тодорхой болов. Харин түүний ажилладаг байгууллагынхан даргынхаа талаарх мэдээллийг үгүйсгэж, тийм зүйл болоогүй, үзлэг нэгжлэг хийсэн нь худлаа гэж ярьсан байгаа юм. Өчигдөр АТГ-ын албан ёсны цахим хуудсанд “ИХШХЕГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тэдэнд 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдээлжээ.
Прокурорын байгууллагынхан “ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэг нарт Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж их хэмжээний хохирол учруулсан, эд хөрөнгө завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож, албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийсэн” гэсэн мэдээлэл өгч, уржигдар болсон үйл явдлыг батлав.
Г.РАВЖАА