“Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлсэн юм. Тухайн сардаа хамгийн шилдэг бүтээл туурвисан нэг сэтгүүлчид эл цалинг олгодог зарчимтай. Хийсэн ажлынхаа хөлсөн дээр нэмэлт урамшуулал хэлбэрээр хүртдэг энэхүү цалинг авахын тулд “Өнөөдөр” сонины сэтгүүлчдийн дунд яггүй хэрнээ цагаан өрсөлдөөн өрнөдөг юм.
Өнгөрөгч сард хэн хамгийн шилдэг нийтлэл бичив, ярилцлага хийв, 1.000.000 төгрөгийн цалинг хэн авах вэ гэдгийг хөндлөнгийн хэн нэгэн бус манай сонины хамт олон өөрсдөө нууц санал хураалтаар тодруулдаг уламжлалтай. Энэхүү тогтсон дэг жаягийн дагуу Ц.Балдорж эрхлэгчийн нэрэмжит тавдугаар сарын цалингийн эзнийг тодруулахад Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга Ж.Эрдэнэцэцэг олонхийн санал авсан байлаа.
Түүний Төрийн хошой шагналт Н.Жанцанноровтой хийсэн “Монголын соёл, урлагийн төлөө зүтгэн, зүтгэн, зүтгэнэ” ярилцлага, Монголын дүрслэх урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн, анхны Төрийн соёрхолт, зураач О.Цэвэгжавын амьдрал, уран бүтээлийн тухай “Азарганы ноцолдоон”-ы О.Цэвэгжав” дурсамж нийтлэл, ховор, хачин сонин, бахдам, аймаар гэх зэрэг онцгой үйл явдал, тохиолдлыг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг уншигчдад мэдрүүлэхээр зорьдог “Мэдрэмжийн шок” ярилцлага-нийтлэлийг www.mongolnews.mn цахим хуудаснаас уншаарай.