Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагваад цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэг зочид буудлын тусгай өрөөнд энэ сарын 3-нд хэд хэдэн хүнтэй мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн мэдээлсэн юм.
Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн нэг нь мансууруулах төрлийн бодис, гаанс хэлбэрийн соруул биедээ хадгалж байсан нь тэднийг саатуулах үеэр илэрчээ. Тэдний шээс, цусыг шинжлүүлэхэд мансууруулах бодис илрээгүй ч, хадгалж байсан хүнд нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан үндэслэлээр хавтаст хэрэг нээсэн гэнэ.
Гавьяат тамирчин Д.Лхагваагийн хувьд мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд гурав дахиа баригдаж буй нь энэ юм. Тэрбээр 2011 онд хамгийн анх солонгос иргэдтэй мөрийтэй тоглохыг зохион байгуулсан, эд мөрийн баримт болох ширээ, хасаа, хөзөр зэргийг нь цагдаагийнхан битүүмжлээд байхад шатааж устгасан хэрэгт холбогдсон ч, шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Түүний дараа “Шинэ өглөө”, “Нархан” хотхонд нэр бүхий хүмүүстэй хамт мөрийтэй покер тоглосон үйлдэлдээ 2012 оны дөрөвдүгээр сард нэг жил тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн юм.