БНСУ руу хөдөлмөр эрхлэхээр явдаг монголчуудын тоо цөөрч байгаа тухай олон нийт ярих болжээ. Гэхдээ бодитой өөрчлөлт гарсан уу гэвэл үгүй. Эрүүл мэндээрээ хохирч, эх орон, гэр бүлээсээ хол, олон цагаар хөдөлмөрлөдөг хэдий ч хүмүүс хар ажил хийхээр харийг зорихоо болихгүй байгаа нь өнөөгийн Монголын ядуурал, хүний хөдөлмөрийг үнэлж чадахгүй байгаа харалган бодлоготой холбоотой. Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн 90 хүртэлх хоногийн хугацаатайгаар БНСУ-ыг зорьж байгаа иргэдээс визний хураамж авалгүй, урилга, барьцаа хөрөнгө шаардалгүй виз олгож буй. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа. Хэрэв Солонгост очсон монголчууд элдэв хэрэг, зөрчилд холбогдохгүй, хугацаандаа нутаг буцаж байвал энэ боломжийг хэвээр нь үлдээх юм билээ. 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн, бизнесмэнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Мөн ах дүү, хамаатан садан нь байнгын эсвэл ирж, очих визтэй бол гурван сарын хугацаатай визийг хөнгөлөлттэйгээр гаргуулж болох юм. Гуравдугаар сард БНСУ-ын виз хүсэгчийн тоо 1500-д хүрч байсан бол эл хөнгөлөлт хэрэгжиж эхэлснээс хойш энэ тоо даруй хоёр дахин нэмэгджээ.
Гурван сарын хугацаатай Солонгосыг зорьж байгаа хүмүүс найз, нөхөд, ах, дүүгээ түших нь гарцаагүй. Үр, хүүхэдтэйгээ уулзаж элгээ дэвтээх гэсэн нэгэн байхад, богино гэлтгүй энэ хугацаанд ахиу цалинтай ажил хийж, өр зээлээ хугаслахыг зорьсон нь ч байна. Ямартай ч, тус улсад ажиллаж, амьдарч байгаа 25 мянган монгол иргэн дээр энэ оны дөрөвдүгээр сард л гэхэд 6000 гаруй хүн нэмэгджээ. Тэдний 1340 нь жуулны виз, 3648 нь С-3 буюу богино хугацааны айлчлалын виз авсан байна. Нэг хэсэг нь хугацаандаа нутаг буцаж байгаа ч “харлаж” үлдсэн нь ч цөөнгүй. Солонгос дахь монголчуудын холбоо болон БНСУ-ын ЭСЯ, Монголын ГХЯ зэрэг байгууллагуудад ийм мэдээлэл байхгүй, байсан ч нийтэд ил зарлахгүй. Харин Солонгост ажиллаж амьдардаг монголчуудаас энэ талаар тодруулахад “Бямба, ням гаригт цагийн ажил олоод хийчихдэг байсан чинь чадахаа болилоо”, “Монголчууд ирсээр л байна. Харлаж байгаа нь ч байна. Гэхдээ зөрчил битгий гаргаасай. Тэгвэл шалгалт ихэсдэг юм” хэмээн ярьж байлаа. Саяхан БНСУ-д 17 жил ажиллаж амьдарч буй Ч.Баярмаа хэмээх эмэгтэйтэй онлайнаар холбогдож, мэдээлэл авсан юм. Тэрбээр “Гурван сарын хугацаатай энд ирсэн хүмүүс байнга ажилтай байж чадвал эхний сардаа онгоцны тийзийн, хоёр дахь сард амьдрах зардлаа нөхнө.
Харин гурав дахь сард хийсэн ажлын цалин нь ашиг болох болов уу. Энд нэг сарын цалин дунджаар 1-1.2 сая вон байгаа” гэж ярив. Түүнчлэн тэрбээр гурван сарын визтэй Солонгост очиж байгаа хүмүүст зориулж фэйсбүүк хуудсандаа зөвлөгөө бичсэн байв. Учир нь сүүлийн үед тус улсыг зорих монголчуудын тоо эрс нэмэгдэж, зарим нь тэнд амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ түвэг удаж байгаа учраас арга буюу эл анхааруулгыг бичжээ. “Ойрдоо гурван сарын хугацаатайгаар Монголоос ирэх хүмүүсийн утасны дуудлага болон мессежинд дарагдах боллоо. “Гурван сарынхан” гэсэн хэллэг ч бий боллоо. Визээ чөлөөтэй аваад энд ирж байгаа нь сайн ч нөхцөл байдал ямар байгааг илэн далангүй бичсэн нь дээр санагдав. Хүн болгонд тайлбарлах хэцүү, бас тайлбарласан ч зарим нь гомдол гаргаад асуудал гарч байгаа тул та гурван сарын визтэйгээр Солонгост ирэх гэж байгаа бол дараах зүйлсийг уншаарай.
1. Монголчууд ажил, аялалаа төлөвлөж, хүнтэй урьдчилж харилцахдаа гайхалтай “зориг зүрхтэй”. Онгоцны буудал дээр ирэнгүүтээ “Намайг ирээд аваач” гэнэ. Та энд мөнгө олохоор ирж байгаатай адилхан тосохоор очих хүн ч бас мөнгө хуримтлуулах зорилготой. Онгоцны буудал хүртэл унаанд 20-30 мянган вон (40-60 мянган төгрөг) төлнө. Хэн нэгнийг тосохын тулд нэг өдрийн ажлаа хийлгүй, цалингаа бас “золиосолно”. Урьдчилан мэдэгдсэн бол эрсдэл илүү бага байх нь ойлгомжтой.
2. Мэдээж ихэнх хүн Монголд эдийн засгийн хямралтай байгаа учраас энд ажиллаж мөнгө олоод буцна гэдэг. Зарим нь 10-15 хувийн хүүтэй зээл аваад ирсэн байна. Энд ч бас эдийн засгийн хямрал байгааг бүү мартаарай.
3. Солонгосын хилээр нэвтрэхэд танд хэн нэгний хаяг, утасны дугаар хэрэгтэй болдог. Энд байгаа монголчуудаас хаяг, утасны дугаарыг нь авах гэхээр өгөхгүй байж ч мэднэ, гомдох хэрэггүй шүү. Таныг хилээр орж ирэнгүүт Цагаачлалын албанаас тухайн хүн рүү утасдаж “Энэ хүнийг батлан даах уу?” гэж лавладаг. Та энд харлаж үлдэхгүй, бас жуулчлалын визээр орж ирчихээд ажиллаж байгаад баригдахгүй гэх баталгаа байхгүй. Хэрэв ийм зөрчил гаргавал таныг батлан даасан хүн дараа нь гэр бүлийнхнээсээ хэнийг ч урих эрхгүй болдог. Тиймээс л таныг батлан даах боломжгүй байгаа юм. Тэгээд ч тухайн хүний ах, дүүс нь “гурван сарынхны” нэг болж ирж ч болно шүү дээ.
4. Удахгүй оюутны амралт эхэлнэ. Амралтаараа ажил хийх хүсэлтэй оюутан олон байдаг учраас зуны улиралд ажил олдох нь багасдаг. Солонгост зун болон өвөл ажил ховорддог. Та яг ийм үед Солонгост ирэхээр шийдсэн бол эрсдэл бийг санаарай. Мөн зун олон баяр давхацдаг тул баярын өдрүүдийн болон халууны амралт тохионо. Энэ жил 1974 оноос хойш болоогүй хэт халуун болох төлөвтэй байгаа тул амрах өдрүүд их байх болов уу. Бас та хэт халуунд ажиллаж чадах уу ?
5. Солонгос хэл болон газар мэдэхгүй хүнийг ажилд орсны дараа хэн нэгэн хүргэж өгч, авах хэрэгтэй болно. Одоо хэл мэдэхгүй хүнийг бараг л ажилд авахгүй байгааг анхаарна уу.
6. Солонгост хөл тавингуут л амьдрах байр хэрэг болно. Мөнгө олох гэж ирснийх, бага зардал гаргах хүсэл хэнд ч бий. Гэвч та Солонгост өөрийн гэсэн байртай болох зайлшгүй шаардлагатай бөгөөд сард багадаа 250-300 мянган вон (500-600 мянган төгрөг) төлөхөө тооцоорой. Бас таньдаг хүн, хамаатан чинь гэртээ байлгах дургүй байгаад бүү гомдоорой. Тэдний амьдарч байгаа байранд нэг хүн нэмэгдэхэд зардал нь өсөж, байрны эзэд үнээ нэмдэг. Та “гуравхан сар байчихаад явчихна” гэж бодох боловч, харин ард тань үлдэж байгаа хүн “өссөн үнээр” байрны мөнгөө үргэлжлүүлэн төлөх хэрэгтэй болдог. Түүний бичсэн зөвлөгөөг “Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй” гэдэгтэй дүйцүүлж хүлээн авах нэгэн байхад бодит үнэнийг бичсэнтэй нь олон хүн санал нэгдсэн байна. Тэрбээр сүмийн номлогч учраас хэн нэгэнд муу санасандаа бус харин бусдад тулгарах бэрхшээлийг урьдчилан сануулах гэж үүнийг бичжээ.
Энэ оны эхээр Солонгосын Ерөнхий сайд Жонг Хунг Вон Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралд оролцохдоо сүүлийн үед тус улсад оршин сууж буй гадаадын иргэд солонгосчуудын эсрэг хүнд, ноцтой гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгаа тул хууль бус гадаадын иргэдийн дунд хийх хяналт, шалгалтыг эрчимжүүлж, тэднийг эх оронд нь албадан буцаах үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өгчээ. Өдгөө тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо 200 мянгад хүрсэн нь тэднийг ийнхүү болгоомжлох үндэслэл болж буй. Түүнчлэн хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийг цагаачлалын албанд мэдэгдэх, ажиллуулж буй байгууллагыг торгох болон хууль бусаар оршин сууж байгаа хамгийн олон иргэнтэй орны хүмүүст визний зөвшөөрлийн хязгаарлалт хийх гэнэ. Эх орон болон нутаг нэгтнүүдийнхээ нэрийг сэвтээхгүйн тулд БНСУ-ыг зорьж буй монголчууд зөрчил гаргахгүй бол сайнсан.
Солонгост нэг жилээс богино хугацаанд хууль бусаар оршин суусан хүн 80 мянган воноор торгуулж, паспорт дээрээ хар тамга даруулдаг. Жилээс илүү хугацаанд байсан бол 160 мянган воноор торгуулна. Харин хуурамч бичиг баримт, бусдын нэр ашиглаж хууль бусаар хил гарсан тохиолдолд дахин БНСУ-ын виз хүсэх эрхгүй болдог. Виз хурдан шуурхай, бэрхшээлгүй гарч байгаа нь сайхан ч “Гурван сарынхан” хэмээх шинэ бүлэг Солонгос дахь монголчуудын дунд бий болж, асар их баялагтай ч ард түмэн нь ядуурсан Монгол Улсын үнэн төрхийг олон улсад дахин таниулж байгаа нь гутамшигтай. БНСУ-д хууль ёсны дагуу болон “хараар” хөдөлмөр эрхлэж, орон гэрийнхээ амьдралыг өөд татсан хүн олон. Тэр ч бүү хэл тэдний илгээсэн валют Монголын зах зээлд эргэлдэж, элэг нэгтнүүд нь эдийн засгийнх нь үр шимийг ч хүртсэн байгаа. Хөл дүүжлэх унаа, хоёр өрөө байрны төлөө эрүүл мэнд, залуу насаа зориулж, үүндээ харамсалгүй сэтгэл тэнэгэр яваа монголчуудаа бодохоор ард түмнээ ийм байдалд хүргэчихээд, том тоо, их мэдэгчийн үлгэр ярьж суугаа Төрийн түшээдэд л бухимдмаар болох юм.
Ж.СОЛОНГО