Хоёр өрөө байраа зарж, мөнгөөр нь “Нобелийн шагналтнууд” хэмээх номын сан байгуулсан гэр бүлийнхний тухай бид өмнө нь сурвалжилж байсан. Тэд одоо 200 гаруй уншигч хүүхэдтэй, 1012 номтой болжээ. Уншигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, бүр анги хамт олноороо очиж бүртгүүлдэг болсон гэнэ. Олон хүүхдийг номтой нөхөрлүүлэхээс гадна зургийн дугуйлан хичээллүүлж, гэрийн даалгаврыг нь хийхэд туслах, англи хэл, гар урлалын хичээл заахаар төлөвлөжээ. Нэг ёсны номын сан болон сургалтын цогц төв болгох хүсэлтэй байгаа аж. Тиймээс тэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, номын сангийн шинэ байр авч дотор засал, тохижилтоо хийж, номын фондоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Үүнд багагүй хэмжээний төсөв хэрэгтэй болсон гэнэ. Номын сангийн эрхлэгч С.Батцэцэг нөхөр М.Ганбатынхаа уран зургуудыг борлуулж хөрөнгө босгохоор зорьжээ.
М.Ганбат 1996 онд зураач, дизайнер мэргэжлээр төгссөн аж. Үүнээс хойш интерьер дизайны чиглэлээр 20 шахам жил ажилласан байна. Одоо үндэсний хээ угалзаар дагнан бүтээлээ туурвиж байгаа. Тэр дундаа одоо бараг л мартагдахад хүрсэн найман тахилыг угалзтай хослуулдаг байна. Үндэсний хээ угалз гол “имиж” нь болсон бүтээлүүдийнх нь талаар түүнтэй ярилцсан юм.

-Яагаад заавал үндэсний хээ, угалзаар дагнан уран бүтээл хийх болов?
-Би сургуулиа төгсөөд өөрийн “Орон зайн төгс шийдэл” компанийг байгуулан айл гэр, албан байгууллагуудын дотоод заслыг хийж байна. Энэ үед аль ч газарт үндэсний хэв маягийг илэрхийлсэн зүйл байдаггүйг мэдсэн. Цөөхөн газар монгол гэрийн дотоод загвар, үхэр тэрэг гэх мэтийн уламжлалт зүйлсээр тохижуулсан байдаг. Энэ нь илүү өвөрмөц, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхээс гадна жуулчдын сонирхлыг татдаг болохыг анзаарсан. Нэг хэсэг албаны өрөө тасалгаа орчин үеийн европ загвартай байвал гоё юм шиг байсан ч одоо бол уламжлалт байх тусам хэрэглэгчид таашаадаг болсон байна.
-Монгол үндэсний хээ угалз юугаараа онцлог вэ?
-Монголын хээ, угалз тэр тусмаа найман тахилын утга учир бол үнэхээр агуу. Хээ гэдэг нь геометрийн хатуу дүрсийг илэрхийлдэг бол угалз нь уян хатан, угалзарсан байдаг шүү дээ. Энэ нь хатуу зөөлөн, арга билгийг бэлгэдэж байгаа юм. Монголчууд эрт дээр үеэс маш гүнзгий логиктойгоор аливаа зүйлийг хийдэг байж. Жишээ нь арслантай авдар байна. Одоо ийм авдартай айл ховор. Монгол айлын авдар хоймортоо байрладаг. Дотор нь үнэ цэнэтэй эд хөрөнгөө хадгалдаг шүү дээ. Түүнийг нь арслан манадаг байж. Мөн өлзий утас хээ нь маш гүнзгий утга учиртай. Яаж ч эргүүлсэн үндсэн хэлбэрээ алддаггүй, тасархайгүй, өнцөг булангүй учир ажил үйлс бүтэх, аян зам саадгүй байхыг бэлгэддэг. Сүүлийн үед фэнгшү гээч зүйл Монголд их дэлгэрсэн. Албан байгууллага болгон хаалгандаа хонх зүүдэг болж, айлууд бас тэр хонхноос гадна зоос зуусан яст мэлхий зэргийг хадгалдаг болсон байна. Мөн заан, цэн тогоруу гэх мэтийг гэртээ байлгах сайн гэж ярьдаг болж. Эдгээр нь дом, бэлгэдэл, эсвэл бэлэг дурсгалын зүйлийн аль нь болохыг мэдэхгүй юм. Энэ бол гадны соёл, уламжлал, бэлгэдэл. Яг эдгээр зүйлстэй адилхан утга агуулгатай хээнүүд манайд байдаг.
-Бат-Өлзий хээний бэлгэдэл нь юу вэ?
-Ажил үйлс, аян зам саадгүй байхаас гадна алхан хээгээр хүрээлүүлсэн Бат-Өлзий нь тулгыг бэлгэдэж байгаа юм. Үүнийхээ наагуур улаан өнгөөр угалз оруулснаар голомтод нь гал бадарч буйг харуулж байна. Энэ мэтээр маш олон зүйлийг өгүүлнэ. Харийн соёлыг хадгалж сууснаас эрт үеэс өвлөгдөж ирсэн монгол бэлгэдлээ дээдлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бүгд өөр өөрийн утга учиртай, гайхалтай соёлын өв шүү дээ. Монгол гэрт эдгээр хээ угалз бүгд бий. Харин албан байгууллага, орон сууцны айлуудад бараг л харагддаггүй юм. Миний зурсан найман тахил, арслан зэрэг бүтээлийг аваад тавьчихад ямар ч уран зургаас дутуугүй өнгө үзэмжтэй харагдана гэдэгт итгэлтэй байдаг шүү.
-Та уран бүтээлээ юугаар, яаж туурвидаг вэ?
-Ихэвчлэн тосон будгийг акрильтай хольж хэрэглэдэг. Манай монгол зургийн арга бол цул, цэвэр өнгө хэрэглэдэг юм. Би үүнийг арай орчин үеийн 3D шиг байлгахыг зорьж, гэрэл сүүдэр оруулан зурж байгаа.
-Уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байв уу?
-Өмнө нь хоёр удаа “Монгол бэлгэдлээ дээдэлье” нэртэй бие даасан үзэсгэлэн гаргаж байлаа. Бүтээлүүд маань хүмүүст их таалагдаж байсан. Тэр үед найман тахил авах санал нэлээд ирсэн.
-Зургаа борлуулаад олсон орлогоо “Нобелийн шагналтнууд” номын санг өргөтгөхөд зарцуулна гэсэн үү?
-Тийм ээ. Манай эхнэрийн үүсгэн байгуулсан номын сан одоо маш сайн ажиллаж байна. Энд ирж ном унших хүүхдийн тоо олширч, хүүхдэд зориулсан үйл ажиллагаануудыг үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөсөн. Хүүхдүүд энд ирэх дуртай байдаг юм. Заримыг нь одоо яв гэж “хөөх” нь холгүй явуулж байна. Бүр хичээлээ таслаад ирсэн хүүхдэд учирлан ойлгуулж байлаа. Тэгэхээр бид үнэхээр хүүхдэд хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна, үүнийгээ илүү өргөжүүлж олон хүүхдийг хамруулъя гэж бодох болсон.
Х.АЗЖАРГАЛ