УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг”-т гишүүн Я.Содбаатар оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын дарга захирамжаараа баталсан хууль тогтоомжийн төслүүдээ биш, дараалалд ороогүй төсөл хэлэлцэж, үзэмжээр хандаж байна” гэж шүүмжлэв. Энэ оны гуравдугаар сарын 30-нд хаврын чуулганаар 33 хуулийн төсөл хэлэлцэхээр баталжээ.
Үүнээс гурван хууль баталж, 21-ийг нь хэлэлцэж буй аж. Мөн хэлэлцэж эхлээгүй гурав, өргөн мэдүүлээгүй зургаан хууль бий гэнэ. Сүүлийн үед нэн яаралтай гэх горимоор хэлэлцэх дараалалд ороогүй хууль тогтоомжийг хэлэлцэх болжээ. Ийм горимоор 16 хууль оруулж ирсэн байна. УИХ-д нийт 124 хууль, тогтоомжийн төсөл өргөн мэдүүлээд буй гэнэ.
Үүнээс 68-ыг нь хэлэлцэж эхлээгүй байна. Эцсийн хэлэлцүүлгийг нь хийхгүй хойш тавьж буй нэг, Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт ороод “гацсан” 55 хууль бий аж. МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан 28 хуулийн төсөл байгаа бөгөөд 20-ийг нь хэлэлцэх эсэхийг шийдээгүй байна.
Тус бүлгийн өөрсдийнх нь мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй байна гэж үзэж буй гэнэ. “Хаврын чуулган завсарлахад 20 хоног үлдсэн. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулиудаа хэлэлцэхэд анхаараач” гэж Я.Содбаатар хүсэв.
Т.ЭНХБАТ