Умард Солонгосын дээд зиндааны цэргийн албан хаагчид Солонгосын хойг дахь НҮБ-ын цэргийн командлалын төлөөлөгчидтэй уулзсан тухай АР мэдээллээ. Энэхүү уулзалт уржигдар Умард, Өмнөд Солонгосын хоорондох хилийн Панмунжон тосгонд болжээ. Уулзалтын явцад АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа Курт Тейлор, Умард Солонгосын хурандаа Ки Енг Пак нар БНСУ-ын “Чхонан” хөлөг сүйрсэн талаар ярилцжээ.
АНУ, БНАСАУ-ын цэргийнхний хооронд болсон хэлэлцээ 90 минут үргэлжилсэн байна. Уулзалтын үеэр хөндсөн асуудлын талаар одоохондоо тодорхой мэдээ алга байна.
Энэхүү хэлэлцээний үр дүнгээр талууд нэлээд дээд түвшинд буюу БНАСАУ, АНУ-ын генералууд оролцсон уулзалтын талаар тохиролцоно байх хэмээн урьдчилан тааварлаж байсан юм. БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцыг Умард Солонгосын шунгагч завиар мөргөж сүйрүүлсэн гэх яриа гарснаас хойш анхны уулзалт болсныг АР цwохон тэмдэглэлээ.
“Чхонан” хөлөг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр живсэн. БНСУ болсон хэрэг явдалд умард хөршөө буруутгаж буй бол Пхеньян бид огт хамаагүй хэмээн баталсаар буй юм. Мөргөлдөөнийг мөрдөн шалгах ажилд олон улсын комисс оролцож, БНСУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг Умард Солонгосын шунгагч завь мөргөж живүүлсэн байна гэсэн дүгнэлт хийсэн.
Тиймээс өрнөдийн олон улс орон Пхеньяныг уг хэрэгт буруутган шүүмжилж, өнгөрсөн сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Шар тэнгист БНСУ-ын хөлөг онгоц живүүлснийг шүүмжилсэн тогтоолын төсөл баталсан боловч хэргийн бурууг БНАСАУ-д хараахан тохоогүй. Умард Солонгос уг хэрэг явдалд өөрсдийгөө буруугүй хэмээн баталж, мөрдөн шалгасан комиссын ажлын дүнг санаанаас зохиосон хэмээн үзсээр буй юм.
Б.БУЯНЦОГ