Нефтийн бүтээгдэхүүн (энэ салбарын олборлолт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 23 хувийг эзэлдэг), зөгийн балаараа алдартай Башкирстаны төрийн тэргүүний албан тушаалд Муртаза Рахимов гэдэг хүн арвандолоон жил заларчээ. Гэвч тэрбээр хэдхэн өдрийн өмнө бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болоогүй байхад өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, хааны алба халаатай гэдэг “үлгэр”-ийг үнэн болгов.
Домогт Тавантолгойг хөдөлгөж, цалин тэтгэвэр нэмсэн гэх тодотголтой УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн тэр өдөр Башкирын хууль тогтоох байгууллага буюу Курултай ээлжит бус чуулганаа зарлажээ. Тэгэхдээ хуурай халуун, ойн түймэртэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ хэмээн депутатуудыг дуудсан нь худлаа байж. Уг чуулганаар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан Ерөнхийлөгчийн хувийн болон санхүүгийн халдашгүй байдлыг бататгасан хуулийн төслийг гурав дахь удаагийн хэлэлцүүлгээр санал нэгтэй баталжээ. Башкирын Засгийн газар холбогдох саналыг Курултайд оруулсан байна. Тийнхүү Оросын анхны Ерөнхийлөгч Б. Ельцин, Казахстаны үндэсний удирдагч Н.Назарбаевын адил “тугал хариулж” байхдаа ч халдашгүй дархан эрхтэй болсныхоо маргааш нь тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас дуртайяа огцорсон байна. М.Рахимов бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө албан тушаалаа орхино гэдэг яриа хэдэн сарын өмнөөс дуулдаж байжээ. Уг нь түүний бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн намар дуусгавар болох ёстой.
Гэвч Рахимовыг Кремль Алдрын одон энгэрт нь зүүж гавьяаны амралтад хугацаанаас өмнө гаргасныг зарим ажиглагч ирэх онд болох Төрийн Думын сонгууль, түүний дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Эдгээр сонгуулиудыг хүртэл Башкирын төрийн шинэ тэргүүн ажил төрөлдөө бүх талаар дассан байх ёстой гэж Холбооны төв үзсэн бололтой. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гаригт “Бочарев ручей” өргөөндөө Рахимовыг хүлээн авч уулзах үеэрээ түүнийг огцруулах шийдвэр гаргаж, ажил үйлсийг нь өндөр үнэлж, талархал илэрхийлээд “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” нэгдүгээр зэргийн одон энгэрт нь зүүж өгчээ.
Муртаза Рахимовын халааг одоо “Русгидро” компанийн топ менежер, 55 настай Рустэм Хамитов аваад байна. Өмнө нь Башкирын Дээд зөвлөлийн депутатаар хэдэнтээ сонгогдож, тус улсын Онцгой байдлын яамыг тэргүүлж, 2000-аад оны эхээр бүгд найрамдах улс хариуцсан холбооны зааварлагчаар ажиллаж байсан энэ хүн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болжээ. Одоо 76 настай Рахимов Башкир улсын төрийн тэргүүнээр 1993 оноос хойш ажилласан эрхэм. Тэрбээр 1990 оноос Башкирын Дээд зөвлөлийн даргаар ажиллажээ. М.Рахимов Ерөнхийлөгчийн сэнтийнээс сайн дураар буусныг Оросын улс төрийн хүрээнийнхэн янз бүрээр тайлбарлаж байна.
Дэлхийн Курултайн гүйцэтгэх хорооны дарга, башкир үндэстэн Азамат Галин Рахимовын явуулж байсан бодлого бүгд найрамдах улсад үндэстэн хоорондын тэнцвэртэй байдалд хүрэх боломжийг бүрдүүлсэн гээд Муртаза Гайдулович Оросын Холбооны бүрэлдэхүүнд байж гэмээнэ угсаатан, соёл, уламжлал гэдэг ойлголтоо хадгалж чадна гэдгийг олон нийтэд ойлгуулсан. Бүгд найрамдах улсад бүх үндэстэн ястан хөгжих бүхий л нөхцөл бүрдсэн байсан. Башкирт хүмүүс бие биедээ гүн хүндэтгэлтэй ханддаг гэж хэлжээ. Тэгвэл Башкирын хараат бус улс төр судлаач Альберт Мифтахов: “Зөвлөлтийн үед Башкир эдийн засгаараа ч, үйлдвэрээрээ ч тэргүүний бүгд найрамдах улсын нэг байсан. Нисэх онгоцны болон хөнгөн, хүнсний үйлдвэр хөрш зэргэлдээх бүс нутгуудаас илүүтэй сайн хөгжсөн байсан.
Тэгвэл одоо тэднийхээ ард орчихоод байна” гэж М.Рахимовын төр барьсан он жилүүдэд шүүмжлэлтэй ханджээ. Башкирын шинэ удирдагчид маш хэцүү хүнд байх болно. Башкир ихээхэн өртэй.Төсвийн алдагдалтай, эдийн засгийг сэргээн амьдруулах шаардлагатай. Холбооны төвийн тусламж шаардлагатай. Түүнгүйгээр оршин тогтноход хэцүү. Түүнд эдийн засгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр байгаа эсэхээс, түүний эргэн тойронд мэдлэг боловсролтой баг бүрэлдэж бий болох эсэхээс их зүйл шалтгаална хэмээн Мифтахов үзэж байна. Улс төрийн технологийн төвийн тэргүүн Игорь Бунин ч Рахимовын төр барьсан үед тун тааруухан үнэлгээ өгч тус бүгд найрамдах улсад улс төрийн авторитар тогтолцоо бий болж, эдийн засгийн загвар нь авлигын хэв маягт шилжиж, гэр бүлсэг байдал газар авсан гэж дүгнэжээ.
Рахимовын огцорсон нь Башкирын өөрт нь ашигтай гэх шинжээч ч байна. Төрийн Думд “Нэгдсэн Орос” намаас сонгогдож, тус бүгд найрамдах улсыг төлөөлж буй депутат Андрей Назаров Муртаза Рахимов огцорсныг хүлээлт үүсгэж байсан, бүс нутагтаа ижил дасал болсон үйл явдал гээд бүс нутгийн оршин суугчид шинэ итгэл үнэмшлээ холбох шинэ удирдлагыг хүсэн хүлээж байсан юм хэмээн үнэлээд түүний дараагийн хүн нийт Оросын үзэл бодлыг дэмждэг, эдийн засгийн асуудлыг түлхүү анхаардаг байх нь чухал гэжээ. Башкир дэх үндэстний асуудал ч Рахимовыг албан тушаалаасаа түргэн огцроход хүргэсэн гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн зууны ерээд оны үеэс эхлэн бүс нутгийг тэргүүлж байсан Татарстаны ерөнхийлөгч Минтимер Шаймиев, Свердловскийн амбан захирагч Эдуард Россель гээд олон хүн албаа өгсөн.
Дараа нь Кузбассын амбан захирагч Аман Тулеев, Москва хотын дарга Юрий Лужков мэтийн “хүнд жингийн амбан захирагч”-дын ээлж ирэх биз гэж шинжээчид үзэж байсан боловч тэдний таамаглал биелээгүй. Харин Рахимовын талаарх таамаглал ёсоор болоод байна. Гэвч хааны алба халаатайн үлгэр ганцхан Муртаза Гайдуловичээр мэдээж дуусгавар болохгүй ээ.