Америкийн Милуоки мужийн иргэн Крисси Стелц 11 жилийн тэртээх нэгэн золгүй явдлын улмаас нүүрэндээ гэмтэл авч, улмаар нүд, хамарнаасаа салжээ. Найз нартайгаа ууж, наргисан тэрбээр буугаар наадаж байгаад бэртсэн бөгөөд нүүрнийх нь ясны ихэнх хэсэг гэмтэж, засал авахааргүй болсон аж. Үхэж болох аюулаас мултарсан ч хүн харахын эцэсгүй зэрэмдэг болсондоо гутарч Крисси үхэхийг хүртэл хүсдэг байжээ.
Харин тус улсын эмч нар түүнд нүүрний төрхийг нь эргүүлэн өгч, харахгүй ч “нүдтэй”, хамартай болгох хиймэл нүүр хийж өгсөн байна. 16 настайгаасаа нүүрэндээ хар маск зүүх болсон тэрбээр өдгөө тэрхүү халхавчаасаа салж, бүтэн нүүртэй харагдах болов. Хараагүйчүүдэд зориулсан сургуульд сурч байхдаа Крисси өнгөрсөн жил нэгэн залуутай танилцаж, улмаар хүүтэй болжээ. Хүүгийнхээ төлөө амьдрах ёстойгоо ухамсарлан тэрбээр олон нийтэд өөрийн царайг харуулж, тусламж хүссэнээр эмч нар түүнтэй холбоо тогтоосон бөгөөд ийнхүү шинэ нүд, хамартай болсон байна. Хиймэл нүүрийг түүний нүүрний ястай нь тусгай багажаар холбон, хадах юм. Бэхэлгээ болгох ясыг эмч нар Криссигийн хөлийн яснаас авсан гэнэ.
Одоо нүүр тогтоох хагалгаа хийчихвэл бүсгүй урьдынхтайгаа адил “бүтэн” болно. Хиймэл нүүр бүтээхийн тулд эмч нар бүсгүйн залуу үеийнх нь зургийг ашиглан, одоо харагдах төрхийг нь гарган авсан байна. “The Sun” сэтгүүлд мэдээлснээр, Криссигийн ээж олон жилийн дараа охиныхоо царайг олж харсандаа баярлаж, уйлсан бол хүү нь эхийнхээ царайг мэдэх болсон нь хамгийн их аз гэжээ.