АНУ-ын Сенат тус улсын санхүүгийн тогтолцоог зохицуулах шинэ хуулийн төслийг сайшаан дэмжжээ. 60 гишүүн дэмжиж, 39 гишүүн эсэргүүцсэн байна. Энэхүү баримт бичгийг одоо Ерөнхийлөгч Барак Обамад өргөн барьснаар хүчин төгөлдөр болох юм.
2323 хуудас бүхий энэхүү баримт бичиг эдийн засгийн агуу их донсолгоон болсон 1930-аад оноос хойш санхүүгийн зохицуулалтын хүрээнд анх удаа хийж буй томоохон өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх боломжийг Нэгдсэн улсад олгох аж.
Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагаанд төрийн зүгээс баримтлах бодлого, чиглэл нь уржнан жилийнх шиг Америкийн эдийн засгийн үндсийг ганхуулсан түвэгтэй байдлыг бий болгохгүй байхад гол нь чиглэгджээ. Банкныхан эсэргүүцэж буй шинэ хууль тогтоомж нь эдийн засгийг бусниулж мэдэх компанийн үйл ажиллагааг зогсоох, хэрэглэгчдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах агентлагуудыг нэмж байгуулах, санхүүгийн зах зээл дэх үйл ажиллагаанд хийх зохицуулалт, хяналт шалгалтыг хүчтэй болгох эрх мэдлийг Засгийн газарт олгож буй юм.

Барак Обамагийн Засаг захиргаа холбогдох хуулийн төслийг санаачилснаас хойш нэг сарын дараа уг хуулийг батлах эцсийн санал хураалт Сенатад болжээ. Ерөнхийлөгч Обама хуулийн төслийг дэмжихийг хоёр намын төлөөлөлд хандаж уриалсан боловч Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатчдаас ердөө гурван хүн л түүнийг дэмжсэн байна.
Санхүүгийн өөрчлөлт, шинэчлэлтийн тухай хуулийн төсөл, өнгөрсөн хавар баталсан эрүүл мэндийн даатгалын тогтол цоонд хийх өөрчлөлт, шинэчлэлтийн тухай хууль ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Конгресст олонх болоод байгаа өнөөгийн байр сууриа хэвээр нь хадгалах боломж олгоно хэмээн Ардчилсан намын сенатчид
дотроо тооцож байна.
Б.БУЯНЦОГ