Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн пүрэв гаригт Хятадад хүрэлцэн очиж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой хэлэлцээ хийж хоёр орон хамтран ажиллах арван хэлэлцээрт гарын үсэг зурлаа. БНХАУ-ын нутагт 938 сая долларын төсөвт өртөгтэй ачааны автомашины хамтарсан үйлдвэр барьж байгуулах асуудал энэхүү хэлэлцээрт багтжээ. Энэчлэн 124 сая евро гаргаж агаар мандал дахь хорт хийн хаягдлыг бууруулах болон эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх хэлэлцээр ч гарын үсэг зурсан баримт бичгүүдэд тусгалаа олсон байна.
Германы канцлер Ангела Меркель өчигдөр Казахстаны нийслэл Астанад Ерөнхий сайд Карим Масимовтой хоёр талын харилцааны талаар хэлэлцэж, Казахстан, Германы томоохон компанийн төлөөлөгчидтэй хамт Казахстан-Германы бизнес форумд оролцлоо. Энэхүү форумын дүнд хоёр талын дөч орчим хэлэлцээрт гарын үсэг зурав. Дараа нь А.Меркель Казахстаны Ерөнхийлөгчийн Акорду өргөөнд Нурсултан Назарбаевтай уулзаж хэлэлцээ хийжээ.