Оросын Төрийн тэргүүн Дмитрий Медведевийн санал болгосны дагуу Башкирын Улсын хурал Курултай Рустам Хамитовыг тус Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр ба тал жээ. Муртаза Рахимовын бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө огцрох тухай өргөдлийг Оросын Ерөнхийлөгч хүлээж авсны дараа Р.Хамитов энэ сарын 15-наас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
Башкирын парламентын сонгуульд ялсан “Нэгдсэн Орос” нам тус улсын төрийн тэргүүнд сенатч Рудик Искужин, Уфа хотын дарга Павел Качкаев, Үндэсний банкны дарга Рустам Марданов, “Рус гидро” компанийн топ менежер Рустам Хамитов нарын нэрийг дэвшүүлжээ.
55 настай Хамитов янз бүрийн үед Башкирын Дээд зөвлөлийн депутат байсан бөгөөд тус улсын Онцгой байдлын яамыг тэргүүлж, 2000 оны эхээр тус Бүгд найрамдах улсын асуудал хариуцсан холбооны ерөнхий зааварлагчаар томилогдож, “Росводресурс” байгууллагын даргаар ажиллаж байжээ.
Башкирын Төрийн тэргүүн өчигдөр тус Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Муртаза Рахимовыг “Улс эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулж, үндэстэн хоорондын харилцааг бэхжүүлсний төлөө” хүндэт үнэмлэхээр шагнах тухай анхны зарлигаа буулгажээ. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа Бүгд найрамдах улсын парламентын танхимд уг зарлигт гарын үсэг зурсан байна.
Рустам Закиевич Хамитов 1954 оны наймдугаар сарын 18-нд Кемерово мужийн Ленинск-Кузнецкийн дүүргийн Драченино тосгонд төрсөн. 1977 онд Н.Э.Бауманы нэрэмжит Москва хотын Техникийн дээд сургуулийг инженер механикч мэргэжлээр төгссөн. Техникийн шинжлэх ухааны доктор. Хоёр хүүхэдтэй. Ном унших, хөгжим сонсох, Башкортостаны голоор завиар сэлэх дуртай, уулын цана сонирхдог.
Б. БУЯНЦОГ