Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өчигдөр Италийг зорьжээ. Оросын Төрийн тэргүүн Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконийн төрсөн хот Миланд хэлэлцээ хийх юм.
Милан нь Италидаа хэмжээгээрээ хоёрдугаарт ордог, Санкт-Петербургтэй хагас зуун жилийн турш ах дүүгийн харилцаатай явж ирсэн хот.
“Хэлэлцээний явцад хоёр талын болон олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцоно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ. Хоёр улсын удирдагчдын уулзалтыг тэрбээр уламжлал болсон, үр дүнтэй ажил хэмээн тодорхойлсон байна.
“Медведев Берлускони нар олон улсын тулгамдсан асуудалд илүүтэй анхаарал хандуулахаар төлөвлөсөн байгаа. Эдгээрт тухайлбал Орос улс Европын холбоо болон НАТО-той харилцах асуудлаар Ерөнхийлөгч Медведевийн санаачилсан Европын аюулгүй байдлын тухай гэрээний хүрээнд тухайн тивийн аюулгүй байдлын асуудлаар шинэ чиг хандлага бий болгох асуудал, дэлхийн санхүүгийн хямрал, эрчим хүчний аюулгүй байдал, Канадад болсон “Их найм” хийгээд “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүн, мөн Афганистан, Ойрхи Дорнодын байдал, Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүсээд буй асуудал багтаж байгаа юм” гэж Кремлийн эх сурвалж мэдээллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал Медведев, Берлускони нарын хэлэлцээний анхаарлын төвд байх болно. Энэхүү мэдээллийг Италийн Сайд нарын зөвлөл тодрууллаа.