Анжелика Варум, Леонид Агутин нар энэ онд хуримынхаа 10 жилийн ойг тэмдэглэж буй билээ. Тэднийг шоу бизнесийн хамгийн сайхан хос гэж үздэг.
“Гэртээ би маш зөөлөн, бүгдийг ойлгож, бүхнийг өршөөн хэлтрүүлдэг тийм л эмэгтэй. Энэ чанар маань заримдаа надад тус болохоосоо ус болчих гээд байдаг тал бий. Зарим үед нударга зангидан ширээ шаах хэрэгтэй юм шиг ээ. Гэхдээ тэгэх үе надад тун цөөхөн л дөө.
Тиймэрхүү юм болоход охин маань ухаан алдталаа айдаг. Леня ч адил. Нэгэнтээ би нөхөр лүүгээ хашгичиж гарлаа.
Тэр хөгжим сонсоод л суугаад байсан. Дараа нь аяга халуун цай өмнө минь болгоомжтой гэгч нь авчирч тавиад “Чи чинь ямар ч эмэгтэй юм бэ дээ. Би лав чамайг ойлгохгүй юм” гэж хэлж билээ. Тэгэхэд нь миний уур гарч, бид хоёр удтал инээлдсэн.
Нөхөр маань дараа нь “Дахиад битгий муухай аашилж байгаарай. Надад аймшигтай байх юм байна шүү дээ” гэж хэлснийг сайн санаж байна гэж Анжелика ярьсан байна. Агутин ихээхэн хүлээцтэй, эхнэрийнх нь талаарх таагүй үгийг маш эмзэг хүлээж авдаг байна. “Бид хоёр ёстой л нөгөө хий нь арилсан насан дээрээ танилцсан болохоор тийм байж магадгүй.
Сэтгэлд нь нийцэхгүй ямар нэг зүйл гарвал би түүнд “Ийм юм байх шүү дээ” гэж хэлдэг. Мань хүн хариу хэлдэггүй. Бодвол ойлгодог биз.
Тиймээс тухайн асуудлаар дахиад ямар ч яриа гардаггүй” гэж нөхрийнхөө тухайд Анжелика нь ярьжээ. Леонидын өмссөн хувцас, имижийн талаар гэр бүлд нэлээд яриа болдог байна. “Хувцасны тухайд би өөрийн гэсэн үзэл бодолтой. Нухацтай ч ханддаг.
Хасаг цамцаа тайлж, хавтгай өсгийтэй шаахай өмс гэж би түүнтэй долоон жил үзэлцсэн. Үс засалтын талаар бидний хооронд үүссэн мэтгэлцээн даруй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Тэгж байгаад учир нь олдох биз. Үсний засалт нь түүнд зохиж байх шиг санагддаг юм” гэж Леонидын гэргий ярьжээ.
Чөлөөт цаг л гарвал Варум Агутин хоёр охин нь суудаг Майами руу явдаг байна. “Тэнгисийн агаар амьсгалж, усанд сэлсэн шиг нам гүм амрахыг хичээдэг. Өөр хаашаа ч явдаггүй. Гэр амьтай гэх үү дээ. Гэрт маань зөөлөн дэр, улавч, тогоо шанага гээд бүх зүйл байгаа шүү дээ.
Дээрээс нь нам гүм, амар амгалан байдаг” гэж дуучин бүсгүй ярьсан байна.