Солонгосын хойгийн зүүн эрэгт Америк-БНСУ-ын цэргийн томоохон сургууль өчигдөр эхэллээ. Энэхүү цэргийн сургуулийг Сөүл, Вашингтон хоёр 46 далайчин бүхий БНСУ-ын “Чхонан” хөлөг онгоц живсний хариуд сүр хүчийг үзүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй юм. Энэ нь холбоотон хоёр орны урьдаас төлөвлөсөн цэргийн сургуулийн эхнийх нь бөгөөд мөн ирэх наймдугаар сард “Ильчи придом гардиан” нэртэй өөр нэг хамтарсан сургууль болно.
Тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчнийхэн оролцсон энэ удаагийн “Инвинсибл спирит” цэргийн сургуульд “Жорж Вашингтон” атомын онгоц тээвэрлэгч, 20 орчим байлдааны хөлөг онгоц, анх удаа БНСУ-д зөөж аваачсан Ф-22 “Ратпор” гэдэг шив шинэхэн сөнөөгч онгоцыг оролцуулаад 200 хүртэл онгоц оролцож байна. Онгоц тээвэрлэгчийн тавцанд 80 нэгж хүртэл нисэхийн техник, тухайлбал Ф-18 загварын 18 сөнөөгч онгоц, 1000 км буулгүй нисэж БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах ДРЛО Е-2С загварын “Хокай” онгоцуудыг байрлуулжээ.
Хамтарсан цэргийн сургуульд хуурай замын, нисэхийн хийгээд тэнгисийн явган цэргийн 8000 хүртэл тооны цэргийн албан хаагч оролцож байна. Пхеньян энэхүү цэргийн сургуулийг эрс зэмлэн буруушааж, хариуд нь “ариун дайн” зарлана хэмээн сүрдүүлжээ. “АНУ болон Өмнөдийн тоглоомын цэрэг цөмийн дайн эхлүүлэх томоохон сургуулилалт хийж байна. Үүний хариуд БНАСАУ-ын арми, ард түмэн цөмийн хазаарлан барих хүчээрээ сөрөн зогсох нь зүй ёсны хэрэг байх болно” гэж өнгөрсөн бямба гаригт ЦТАК агентлагийн тараасан БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны мэдэгдэлд дурджээ.
Хамтарсан цэргийн сургуулийг Шар тэнгист хийхийг Хятад улс эсэргүүцэж, Япон тэнгист болж буй цэргийн сургуульд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулийг Пхеньяныхан Вашингтон, Сөүлийн зүгээс БНАСАУ-ын эсрэг хийж буй цэргийн хоёр дахь өдөөн хатгалга гэж үзэж байна. Улсыг Батлан хамгаалах хорооны төлөөлөгчийн хэлснээс үзвэл олон улсын шинжээчдийн комисс өнгөрсөн гуравдугаар сард живсэн БНСУын “Чхонан” хөлөг живсний хариуцлагыг ямар ч нотолгоогүйгээр БНАСАУ-д тохож, дүгнэлтээ зарласан нь анхны өдөөн хатгалга байсан гэж тэд үзэж байгаа аж.
Томоохон хэмжээний цэргийн хамтарсан сургуулиасаа татгалзахыг Ардчилсан Солонгос АНУ, БНСУ-аас шааржээ. “Солонгосын хойгт урт удаан хугацаанд бат бэх энх тайван тогтоох зорилгоор тус бүс нутгийн байдлыг тогтворжуулахын төлөө Дэлхийн хамтын нийгэмлэг санал, санаачилга гаргаж буй үед АНУ хүчээр далайлгахаар шийдвэрлэлээ” гэж дээр өгүүлсэн мэдэгдэлд мөн дурджээ.
Б.БУЯНЦОГ