Оросын Ерөнхий сайд Владимир Путин Америкт тагнуул хийсэн хэрэгт холбогдсон хүмүүстэй уулзаж, хамтран дуулцгааснаа сэтгүүлчдэд хэлжээ. Энэ тухай яриа Украины Ерөнхийлөгчийн өргөө байдаг Форост болсон байна. Путин Украинд айлчилж буй юм. Америкаас хөөгдөж гарсан тагнуулчидтай амьдрал ахуйнх нь талаар ярилцаж, “Эх орон хаанаас эхэлдэг вэ” дууг амьд хөгжимтэй дуулсан гэж Путин хэлсэн тухай Оросын мэдээллийн “Новости” агентлаг уламжиллаа. Уулзалтад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн од болоод буй, саяхан Британийн иргэний харьяаллаас хасагдсан Анна Чэпман оролцсоныг Путин баталжээ. Чэпман Британийн харьяатаас хасагдаж, тус улсад буцаж очихгүй болсондоо харамсахгүй байгаа гэж Америкийн өмгөөлөгч нь хэлсэн байна. Тагнуулчдын цаашдын хувь заяаны талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад Путин “Тэд гайгүй сайн алба хашиж, амьдрал нь ч сонирхолтой, ил тод байна гэдэгт би итгэлтэй байгаа” гэж хариулжээ. Тагнуулын шуугианы тухайд тэрбээр “Энд тайлбарлаад байх зүйл байхгүй” гээд “Хуйвалдаанаас болж л тэд илчлэгдсэн, урвагчдын ажил үйлс ямагт муугаар төгсдөг шүү дээ” хэмээн мэдэгджээ.