Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал Британийн “Гардиан”, Америкийн “Нью-Йорк Таймс”, Германы “Дер Шпигель” зэрэг томоохон хэвлэлд Афганистан дахь дайны тухай Америкийн цэргийнхний нууц баримтад үндэслэсэн цуврал материал нийтэлсэн нь өчигдрөөс багагүй шуугиан дагуулж эхлэв.
Мөн Афганистанд явуулж буй Америкийн бодлогыг эсэргүүцдэг, сенсаацтай нууцлаг материалын хойноос ангуучилж, түүнийг олж тавих талаараа алдартай, тухайн чиглэлээр бараг мэргэшсэн гэж хэлж болох “Wikileaks” сайтыг эзэмшигчид алдагдсан нууц материалуудаас ихээхэн хувь хүртжээ.
Сэтгүүлчдийн олз болсон нууц материалууд нь тухайлбал, эвслийн хүчнийхэн Афганистанд болж буй дайнд ялагдал хүлээж байгаа, цэргийнхэн олон зуун энгийн хүмүүсийн амь насыг хөнөөсөн, тэр тухай олон нийтэд огт мэдээлдэггүй, ихээхэн хав дардаг, Афганистанд талибуудын зүгээс үйлдэх халдлага дайралтын тоо ихээхэн нэмэгдсэн, тиймээс НАТО-гийн командлал Пакистан, Иран хоёр бүс нутагт тогтворгүй байдлыг ташуурдагч болон хувирах вий гэж ихэд болгоомжилж байгаа зэрэг мэдээлэл, баримт оржээ.
Өмнө өгүүлсэн “Wikileaks”-ийн эзэд Афганистан дахь мөргөлдөөний явцын тухай тагнуулын албаны 90 мянган тайлан, мэдээ гартаа оруулж авсан тухайгаа мэдээлсэн байна.
Тэдгээр мэдээ, материалуудыг байлдааны ажиллагаа өрнөсөн сүүлийн зургаан жилд бэлтгэсэн бөгөөд энэ хугацаанд Британийн гурван зуу орчим, Америкийн мянга гаруй цэрэг Афганистанд амь үрэгджээ. Хэвлэл мэдээллийнхний олз болсон баримтуудыг Пентагон болон Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийнхэн шинэ ажиллагааны төлөвлөгөө зохиох, мөргөлдөөний бүс дэх нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ашигладаг байсан аж.
Нууц мэдээлэл ийнхүү алдагдсаныг АНУ-ын түүхэнд гарсан тухайн төрлийн хамгийн том “хэрэг” гэж үзэж байна. Алдагдсан нууц баримтуудад цэргийнхэн чандлан нууцлахыг хүсдэг байсан нэлээд зүйлийн талаар тодорхой өгүүлсэн буй тухай “Гардиан” сонинд бичжээ. Гэвч Барак Обамагийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, гене рал Жеймс Жонс “Хариуцлагагүйн гайгаар алдагд сан нууц материалууд Афганистан болон Пакистантай тогтоосон түншийн харилцаагаа өргөжүүлэх талаар бидний хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй” гэж сэтгэлээ зассан үг хэлжээ.
Түүний энэ үг тухайлбал, талибуудын удирдагчдыг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хороохын тулд тэднийг мөрдөн мөшгих үүрэгтэй нууц “хар” зуутын үйл ажиллагаатай холбоотой тухай зарим агентлаг цохон тэмдэглэсэн байна.
Нууц баримтуудаас үзвэл Пакистан улс бүс нутагт эмх журам тогтооход тусалсныхаа төлөө АНУ-аас нэг тэрбум орчим доллар авдаг хэрнээ тус улсын тагнуулын алба талибуудад тусалж байдаг тухайд “Нью-Йорк Таймс” сонин ихээхэн ач холбогдол өгчээ.
Б.Буянцог