Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүний өргөн мэдүүлсэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив.
Тус төсөлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан түүнийг цагаатгаж, 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг нь гэр музей болгох зэрэг санал тусгаад буй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлсэн юм.
С.Эрдэнэ: -Удирдах чиг үүрэг хэрэгжүүлж байсан түүхэн хүний хувьд түүний мэндэлсний ойг тэмдэглэх нь Засгийн газрын ажил. Энэ улсад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй санал нэг байна. Ийм хүний хийсэн үйл хэргийн сайн, муугийн аль алиныг Монголын ард түмэн мэддэг байх ёстой. Харин түүнийг цагаатгахтай санал нийлэхгүй байна. Энэ хүн төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдсэн. Тэдгээрийн дунд тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд ч бий.
Ц.Лоохууз гуайгаас эхлээд өдгөө амьд сэрүүн хүмүүс ч бий. Үүнийг юу гэх вэ. МАН тухайн үеийн МАХН-ын бодлого, үйл ажиллагаанаас сайныг нь хүртэх гэж байгаа бол саарыг нь ч давхар үүрэх ёстой. Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.
Энэ хүнийг намынхан нь хэлмэгдүүлж, шагнал урамшууллыг хурааж, хөөчихөөд өнөөдөр УИХ-аар тогтоол батлуулах гээд буйг ойлгохгүй байна. Сайн хүн байсан гээд цагаатгаж, зуун хувь магтан дуулах гэж буй бол үүнийг дэмжихгүй.
Түүх бодитой байх учиртай. УИХ-ын тогтоол, шийдвэр ч дараагийн үедээ түүх, баримт болж үлдэнэ.
Ц.Даваасүрэн:-Ю.Цэдэнбал бол манай түүхэн удирдагчдын нэг. Цаг хугацаа түүний хар, цагааныг шүүсэн. Ард түмний олонх нь энэ хүнд хайртай гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс түүний мэндэлсний ойг тэмдэглэх, шагналыг нь буцаан олгох тухай авч үзэх хэрэгтэй.
Хувь хүний хувьд хамгийн хэцүү нөхцөлд, харь нутагт амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн шүү дээ. Мэдээж түүний үйл хэрэгт хар, цагааны аль аль нь байсан. Бид үндэсний сор болсон түүхэн хүмүүсээ хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Биднийг өдий дайтай явахад үе үеийн удирдагч түүхэн үүрэг гүйцэтгэснийг мартаж болохгүй.
Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, жижиг орны зовлонг үүрч гарсан хүн. Д.Гэндэн, А.Амар, Д.Лосол зэрэг ЗХУ-д амиа алдсан олон Монгол хүний нэг. Том орнуудын нөлөө одоо ч бий. Тиймээс нэг их юм ярилгүй, цагаатгасан тогтоол гаргавал яасан юм бэ.
З.Баянсэлэнгэ: -Түүний алдаа, оноог дэнслэх ёстой. Энэ бол зөвхөн МАН, МАХН-ын түүх биш. Түүхээ судалж, түүнээс сургамж авч, алдаагаа давтахгүй байхад анхаарах ёстой. Туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүйг энэ үеийн түүхээс харж болно. Тухайн үед олон хүнийг хэлмэгдүүлсэн нь үнэн. Гэвч захиалагч нь хэн бэ гэдгийг харгалзах ёстой.
ЗХУ-аас чиглэл болгосны дагуу манай олон сэхээтнийг хоморголон хэлмэгдүүлсэн. Үүнийг мэдсээр байж улстөржүүлээд байна. Өөрөөр нь өргөдөл бичүүлж, эх оронд нь явуулалгүй хорьж, хэлмэгдүүлсэн, шагналыг хураасан, намаас хөөсөн. Хэлмэгдүүлэлт хийсэн хүнийг цагаатгаж болохгүй гэж ярьж болохгүй.
Ш.Түвдэндорж: -Энэ хүний алдаа, оноог ард түмэн мэднэ. Цагаатгах, эсэхээ ард түмэн сэтгэл зүрхээрээ шийднэ биз. Энэ тогтоолын төслийн зарим заалт хуульд нийцэхгүй байна. Иймээс хууль зөрчин батлах гэж буй тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй.
Ц.Оюунгэрэл: -Шүүх энэ хэргийг хэдийнэ шийдвэрлэсэн ч прокурорын байгууллага 25 жилийн турш хүний эрх зөрчин, шийдвэр гаргаагүй юм байна. Прокуророос шийдвэр гаргаагүй байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шийдвэр гаргах нь буруу.
УИХ Засгийн газарт чиглэл өгөх ёстой ч бүрэн эрхдээ хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж болохгүй. Жишээ нь, иргэн Баасан, Лоохуузын хэргийг УИХ хэлэлцээгүй. Гэвч шүүхийн шийдвэргүйгээр жалгаараа буудуулчихсан хүмүүс байдаг шүү дээ.
Тэднийг хэлмэгдэж, хохирсон гэдгийг үр хүүхэд нь нотолж, шүүхэд хандан, тогтоол гаргуулсан тохиолдолд л Улсын комисс цагаатгах талаар авч хэлэлцдэг.
Б.Гарамгайбаатар: -Олон мянган буриад хүн хэлмэгдсэн. Үүнийг шийдвэрлээгүй байж энэ хүнийг цагаатгах тухай ярих нь зохисгүй. МАН Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэндээ түүний үр хүүхэд, төрөл садан, Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Та нар сонгуулийн санал цуглуулж, улс төр хийх гэж ийм төсөл санаачилсан.
Л.Цог: -Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэхийг дэмжиж буй ч цагаатгах тухайд санал нийлэхгүй байна. Энэ бол улстөрждөг асуудал биш. Хязгаартай хандахгүй бол аймаг, улс төрийн нам төдийгүй хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн гэж өөр хоорондоо талцсан хэрүүл болно.
Хэлмэгдэгсдийн хэд хэдэн холбоо бий. Төрийн тэргүүн байсных нь хувьд мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай л яръя.
Н.Батбаяр: -Ю.Цэдэнбал гуайн мэндэлсэн нутаг Давст уулыг Орост өгсөн тухайд төсөл санаачлагчид судалсан уу. Энэ хүнийг яагаад УИХ цагаатгах ёстой гэж. Ингэхэд нам нь цагаатгасан юм уу?
Ч.Хүрэлбаатар: -1932 оны хавар Монгол, Тувагийн хилийн хэлэлцээрээр Давст уулыг Тувагийн нутаг гэж хүлээн зөвшөөрч, Засгийн газар баталсан юм билээ. Харь оронд цөлөгдөж, талийгаач болсон байхад төр нэг удаа буруугаа хүлээчихэж яагаад болохгүй байгаа юм бэ.
М.Энхболд: -Ю.Цэдэнбал агсан 1984 оны наймдугаар сард Москвад эмчлүүлж байхдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм билээ. Энэ дагуу намын Бага хурлаар албан тушаалаас нь чөлөөлж, 1990 оны наймдугаар сард Бага хурлын шийдвэрээр намаас хөөсөн.
Үүнээс зургаан жилийн дараа намын 22 дугаар хурлаас түүнд хариуцлага тооцсон шийдвэрийг хүчингүй болгож, уучлал гуйсан.
Н.Алтанхуяг: -100 жилийн ой тэмдэглэх талаар Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Гэвч хэлмэгдүүлэлт санаа зовоож байна. Үүнээс болж 30 мянган хүний амь насаар тоглосон. Нэг хүний тухай бус, Монголын төрд зүтгэж байсан бүх хүний тухай ярих ёстой.
Тэднийг хэлмэгдүүлэхэд шүүхийн шийдвэр байсан, байгаагүй гэж бүү марга. А.Амар, П.Гэндэн тэргүүтэй хүнийг УИХ цагаатгах ёстой. Тэр тусмаа шүүхийн шийдвэргүйгээр хэлмэгдүүлсэн хүмүүсийг Монголын төр цагаатгах хэрэгтэй. Насныхаа эцэст гадаадад цөлөгдөнө гэвэл хэн Монголын төлөө зүтгэх юм бэ.
Д.Дэмбэрэл: -Хар, цагааныг дэнсэлбэл олон юм ярьж болно. Манай нам шийдвэр гаргаснаас зургаан жилийн дараа буруугаа ойлгож, уучлал гуйсан. Одоо улс төрийн намууд манай нам шиг дутагдлаа засдаг байх нь зөв биз дээ.
Бид олонх байхдаа энэ асуудлыг ярьж болох л байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. Энэ төслийн хүрээнд гадаадад хэлмэгдсэнийг нь онцолж үзэх ёстой.
Б.НОМИН