Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 “настай”. Сүүлийн 25 жилд нь Доржпүрэвийн Ганболд энэ ягаан байшин дотор амьдарч байгаа. Зураач, найруулагч мэргэжилтэй түүний гарын ур шингэсэн тайз, оюуны охь “ханхалсан” бүтээлийг энэ чуулгын үзэгчид хардаг, үздэг.
“Оройн дээд”-ээр эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлж, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага”-аар бяцхан үзэгчдийг хүмүүжүүлж, “Онгодын дуун”, “Хөөмийн түрлэгтэй эх орон”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Онгодын дуун”-аар өв соёлоо алдаршуулсан ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, ерөнхий зураач Д.Ганболдын нэг өдрийг сурвалжиллаа.
Даваагаас баасан гаригт өдөрт найман цаг ажиллаж, бямба, ням гаригт амардаг хуваарьтай хүмүүстэй харьцуулахад түүний амьдрал тэс өөр хэмнэлтэй. Тэр баасан гаригийн шөнө 03.30 цаг хүртэл тайз засаж, ажиллачихаад бямба гаригийн өглөө 10.00 цагт Үндэсний их найрал хөгжмийн тоглолтын бэлтгэлийг харахаар ирчихсэн байгаа нь энэ.
10.00 цаг. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын эрдмийн театр хэмээх урлагийн хоёр том байгууллагынхан нэг байшин дотор аж төрдгийг мэдэх хүн олон биз ээ. Баруун, зүүн талдаа хоёр хаалгатай, тус тусынхаа өрөөнд түүгээрээ орж гардаг.
Д.Ганболд найруулагчийг шөнө хугасалж гэртээ харьсныг мэдсэн болохоор амралтын өдрийн өглөө гэрт нь очиж тав тух алдуулахыг хүссэнгүй, бид ажил дээр нь уулзахаар “болзлоо”. ХЦДБЧ-аас гараад ирж явна хэмээн утасны дуудлагад хариулсан болохоор би УДЭТ талын хаалган дээр түүнийг тосов. Хэн нэгэнтэй утсаар ярингаа надтай мэндлээд цааш дагуулж оров.
Д.Ганболд найруулагч хувцсаа тайлах гэж өрөө рүүгээ явсангүй, шуудхан алхсаар үзэгчдийн танхим руу оров. Долдугаар эгнээний наймдугаар суудал дээр очиж суухад хөгжмийн зохиолч М.Бирваа мэнд мэдэж, тайзны ажилчдын нэг нь станц авчирч өглөө.
2008 оноос хойш ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа түүний хувьд долдугаар эгнээний наймдугаар суудал хамгийн чухал утга учиртай. Бүх л бүтээлийнхээ найруулгыг тэр эндээс хийж, гэрэл тайзаа харж хянасан. Энэ суудал түүнд үзэгчдийнхээ өмнөөс харж, сэтгэх боломж олгодог.
Гартаа барьсан тамхиа татах завгүй нааш, цааш гүйж, эргэн сууж, дахин дахин станц барьж ярьсаар бүх зүйл яв цав тохиров бололтой, Д.Ганболд найруулагч надтай хэдэн үг солив. Бямба гаригийн үдэш ҮДБЭЧ-ын тайзнаа “Монгол их нүүдэл” үндэсний их найрал хөгжмийн тоглолт болох бөгөөд 65 жилийн ойн баяртаа зориулсан цуврал тоглолтын дөрөв дэх нь.
Өмнө нь “Монголын их хатад” бүжгэн жүжиг, “Оройн дээд” дуулалт жүжиг, Н.Буянбаатар удирдаачийн тайлан тоглолтыг хийчихсэн. УДЭТ-тай нэг тайз ээлжлэн ашигладаг учраас баасан гаригт “Ромео Жульетта” жүжиг дууссаны дараа тэдний тайзыг хураалгаж, өөрийнхөө тайзыг байршуулаад тийн оройтсон гэнэ.

“Өнчин цагаан ботго”-ыг сонсонгоо шинэ уран бүтээлийн санааг олов
12.30 цаг. Үндэсний найрал хөгжмийн тоглолтыг хоёр сарын өмнөөс бэлдчихсэн болохоор найруулагчийн оролцоо шаардлагагүй болжээ. Тайзаа засаж дууссан учраас Д.Ганболд найруулагч дараагийн ажлаа амжуулахаар болов. “Чимээгүй, сургуулилалт хийж байна” гэсэн хаягтай өрөө рүү орлоо. Тайзнаас холгүйхэн байх энэ өрөө дуучдынх.
Саяхан аттестатчлал хийж, дөрвөн ч дуучин туршилтаар ажиллуулж эхэлсэн бөгөөд тэднийг 14 хоногт нэг удаа шалгадаг аж. “Бүгдийн дээгүүр”, хотгойд ардын дуу, “Дэлхийн нар”, “Үдэлт” зэрэг хэд хэдэн дуу сонсож, дуучин бүсгүйчүүдийг ээлжлэн шалгав. Тэдэнд эрэл хайгуул хийж, өөрийнхөө мэдэхгүй шинэ дуу сурч, түүндээ эзэн болох даалгавар өгчээ.
Хоолой нь өвдсөн хэдий ч дуулж л байгаа харагдав. Уртын дуучин Т.Оюунжаргал найруулагчтай хамт сонслоо. Дагалдан дуучид нэгдүгээр сарын 20-доор хамтран бага хэмжээний тоглолт хийх ёстой гэнэ. Энэ тухай Д.Ганболд найруулагч дуулгаад дараагийн залуу уран бүтээлчийг шалгав.
“Өнчин цагаан ботго”-ыг хуурдаж, хайлж үзүүллээ. Найруулагч дунд нь дуучин бүсгүйчүүдийг ээлжлүүлэн дуулуулж байснаа “Магтаал, хуурын аялгуу, уртын дууг хослуулъя. Та нар хамтраад бэлд” гэж хэлчихээд гарав.
Д.Ганболд найруулагч өмнө нь “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” гэж хоёр бүтээлийг үзэгч хүүхдүүдэд зориулан “урласан”. Цаашдаа таван хошуу малынхаа төл болгоныг оролцуулсан бүтээл хийх хүсэлтэй гэнэ. Гурав дахь цувралын санаа эндээс төрөв бололтой. “Өнчин цагаан ботго” багачуудыг баярлуулах нь дамжиггүй.
“Эрх цагаан унага” буюу “Цуутын цагаагч гүү” үлгэрийн тайзны хувилбарыг үзээд гарсан хүүхдүүд ээж, аавынхаа үгэнд орох ёстой, шувууны өндгөнд сүүдрээ тусгаж болохгүй гээд л өөр өөрийнхөө хэмжээнд ухаарал тээгээд буцдагийг өмнө нь харж байсан болохоор найруулагчийн санааг тааварласан хэрэг.
Бүлтгэр тугал, хундан цагаан хурганд зориулсан уран бүтээл харин хойтон эсвэл тэрний дараа жил төрөх байх. Хүлээж л байцгаая.

400 хувцсыг хоёр сарын дотор урлаж амжсан оёдолчид найруулагчид ажлаа танилцуулав
13.40 цаг. 65 жилийн ойн баярын тоглолт шувтарч байгаа ч чуулгынханд бас л амрах зав гарахгүй нь. Арванхоёрдугаар сарын 10-нд тэд шинэ тоглолт үзэгчдийн хүртээл болгоно. Оёдолчид энэ ажилд хоёр сарын өмнөөс бэлдэж байгаа. Найруулагч оёдлын өрөөгөөр орлоо. 210 ажилтантай ҮДБЭЧ-д шинэ уран бүтээл тоглохоор болбол 200-400 хувцас иж бүрнээр нь буюу малгай, гутал, хантааз, бүстэй нь хийх ёстой болдог.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Лхагва мастерийн удирдлагад гурван оёдолчин, гэрээгээр хоёр хүн нэмэгдэж ажиллаж байна. Эдний өрөөнийхөн өдрийн хоолоо хийхийн зэрэгцээ ажлаа үргэлжлүүлж байв. Д.Лхагва мастерт “ажилтай ч, амтай ч эгч” гэдэг тодорхойлолт хэлмээр болсон шүү. “Суботник л хийдэг газар шүү дээ. 400 дээлийг хоёр сарын дотор хийчихлээ. Чадахгүй юм биш.
Бид байшин дэлбэлдэг ажил биш, чаддаг юм аа хийж байна өө” гээд л урсгаж өгсөн. Тэдний өрөөгөөр ороод гарсан хэдхэн минутад сард 360 мянган төгрөгийн цалинтай ч 300-400 дээл оёдог авьяастай, ажилтай бүсгүйчүүдээрээ бахархсан шүү. Тэдний урласан дээл тайзан дээр хэчнээн сайхан харагддаг билээ дээ.

Арав хохогийн дараа үзэгчдийн хүртээл болох бүжгийн сургуулилалттай танилцлаа
14.10 цаг. Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийнхан сургуулилтаа завсарлаж, цайгаа уучихаад орж ирэхэд нь найруулагч очлоо. Ирэх сард болох шинэ уран бүтээлийн нэг хэсэг нь энд “төрж” байв. Мөрний хөдөлгөөнийг гайхуулсан маш гоёмсог донжтой бүжгийг дэглэж буй хүн нь О.Ууганбаяр.
Сонирхолтой нь, энэ бүсгүй найруулагчийн маань хадам эгч. Д.Ганболд найруулагч “Урлаг миний амьдралын бүхий л хэсэг болдог. Ханиа хүртээл эндээсээ л олсон” хэмээн ярьсан нь үүний тайлал. Тэрбээр О.Урангоо хэмээх бүсгүйтэй 1997 онд ханилан дөрвөн сайхан хүүхдийн ээж, аав болжээ.
Хоёр хүү, хоёр охинтой, хамгийн бага хоёр нь эрэгтэй, эмэгтэй ихэр гэнэ. Найруулагч маань таван хүүхэдтэй болохыг хүсдэг. Отголж төрөх хүүхдэдээ өгөх нэрээ ч хэдийнэ зэхжээ.
Хүүхдүүдийнхээ нэрийг өөрөө сонгож өгдөг бөгөөд Ганболдын Үжин долдугаар ангийн сурагч бол Ганболдын Тэнгис зургадугаар ангид сурдаг. Ихрүүдийн нэрийг Тэнгэр, Сэцэн гэнэ. Тэд таван настай болохоор гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хүмүүждэг.
Нэгдүгээр хорооллын 19 дүгээр байранд амьдардаг энэ долоон ам бүлийн хамгийн ахмад нь түүний аав Л.Доржпүрэв. Д.Ганболд хүүхдүүдийнхээ нэрийг товчхоноор дуудуулахгүй гэсэндээ нэг үетэй богино нэр сонгон өгдөг гэнэ лээ. Нэрээ хугалуулж дуудуулахгүй бол заяа нь бүтэн байж, түшинэ гэж тэр итгэдэг.
“Би багадаа ганцаардахын зовлон их үзсэн. Аав эмээ хоёр минь намайг өргөж авч өсгөсөн юм. Мах цусны минь тасархай биш ч эмээ минь надад хүн байхын ухааныг дэндүү сайн ойлгуулж, миний төлөө гэж явсан даа. Өдөр бүр үлгэр ярьж өгнө.
Тэгээд төгсгөл нь дандаа л “Цуутын цагаагч гүү”-тэй холбогдоно. Одоогийнхоор бол ардын аман зохиолын мастер хүн байжээ” хэмээн тэр ярив. Эмээ нь өвдөж, аав нь эзгүй байхад Ганболд хүү хамгийн их ганцаардаж, найзуудаараа хань хийдэг байжээ.
Тэр үеэсээ л олон хүүхэдтэй болно, өнөр өтгөн айл болж амьдарна гэж дандаа боддог байсан гэнэ. Хүсэл нь ч биелжээ.

Д.Ганболд найруулагч “Нарантуул” захын худалдаачдыг “Цэндмаа эгч, Хоргой ах, хилэн зардаг Тамираа” гээд л танимхайрна
15.00 цаг. Оёдлын өрөөгөөр ороод гарахад “Найруулагч аа, зах руу хэзээ явах вэ. Авах юм байгаа шүү дээ” гэж сануулж байсан. Өнөөдрийн ажил нь арай бага байгаа болохоор найруулагч “Нарантуул” олон улсын худалдааны төв рүү явахаар боллоо.
“Захын үүдэнд зогсдог худалдаачнаас эхлээд замаар тэнэж яваа нохой нь намайг таньдаг байх” гэж хошигносон нь оргүй биш бололтой. Цэндмаа эгч, Хоргой ах, хилэн зардаг Тамираа гээд л худалдаа хийдэг нөхдөө эхнээс нь туслах зураачдаа танилцуулав.
“Сайхан өнгөтэй торго тайзан дээр яг тэр байдлаараа харагдахгүй нь бий. Харин хямдхан гэж гологдсон даавуу гэрэл тусахаар амь ордог. Тийм болохоор тайзны хувцасны материал сонгох чухал” хэмээн ярьсан тэрбээр 1991 онд ҮДБЭЧ-д туслах зураачаар ажилд орсон цагаасаа л захын байнгын үйлчлүүлэгч болжээ.
Дэнжийн 1000-н барааны зах, “Нарантуул”, “Хар хорин” гээд наймаа хийх газар олонтой.
Хоёрхон төрлийн материал авах гэж бараг хоёр цаг алхав. Задгай захын хүйтнийг ч хэлэх үү, бид ч яарангуй түүнийг дагахад найруулагч харин эрснээ олохоос нааш сэтгэл ханах шинжгүй шүү. Хайсны эцэст оллоо. Бушуухан л дулаан газар бараадах хүслэн болов.
17.30 цаг. Нүргээнт захын амьдралаас урлагийн их өргөөнд орж ирсний зэрэгцээ, халуун цай ууж, жаахан юм ходоод руугаа хийхээр түүний өрөөг зорилоо. Өрөөндөө хоёр аквариум тавьжээ. Алтан загаснаас бусдыг нь би мэдэхгүй юм.
Энэ бол Д.Ганболд найруулагчийн хообий. Заримдаа юу ч хийхгүй, бодолд дарагдан тэднийгээ ширтэн суух дуртай. Энэ нь тархиа байнга ажиллуулдаг түүнийг амраах шидтэй эд. Өрөөний зүүн буланд байх шүүгээнд түүний хувцас, ариун цэврийн хэрэгсэл, загасны уурга, тоглолтын хувцас байдаг.
Гэнэт тайзан дээр гарах болбол хүрмээ солиод өмсчихнө, томилолтоор явбал цүнхлээд явах оо, сойз бэлэн, далимд нь загасчлах боломж тохиож мэднэ гээд уургаа ч сойгоостой. Ажил ихтэй үед буйдан дээрээ унтах нь олон гэнэ.
Хачирхалтай нь, түүний амнаас цалин багатай, ажил ихтэй, амралтын өдөр байдаггүй гэх гомдол гарахгүй. Ажлаараа тэр үнэхээр бахархдаг аж. “Уран бүтээлч хүн ахуйгаараа биш мөрөөдлөөрөө амьдардаг” гэж хэлсэн түүний үг одоо ч тод санагдаж байна.
Гэсэн хэдий ч өглөө таарсан жүжигчнийхээ хэрхэн мэндэлж байгаагаас л амьдралыг нь, урьд шөнийн бухимдал, баяр жаргалыг “уншина”.
“Оройн дээд” дуулалт жүжгийн Шанзав Бадамдоржид анх удаа дуулсан уртын дуучин Энхбаатар “Найруулагч аа, би таныг л бага зовоохыг хүслээ. Гэхдээ би чадаагүй шүү” гэж мэндэлж орж ирэхээс өмнө нь л тэр “За, Энхбаатар аа, үсээ хусуулсанд чинь л баярлалаа” гэж хэлнэ гээд хэдийнэ бодчихсон байсан. Учир нь уртын дуучин Энхбаатар сайн дуучин, сайхан хоолойтой залуу хэдий ч дуулалт жүжигт сайн тоглоогүйг найруулагч ийн илэрхийлжээ.

18.00 цаг. Тоглолт эхлэх дөхсөнийг илэрхийлж, өрөөний гадуур алхах хөлийн чимээ цөөрч, харин нэгдүгээр давхарт ид бужигнаж байлаа. Өнөөдөр Үндэсний их найрал хөгжмийн ахмад уран бүтээлчид тэдний тоглолтыг үзэхээр ирнэ.
Өдгөө энд 65 хөгжимчин, 55 бүжигчин, 20-иод дуучин ажилладаг хэдий ч 65 жилийн түүхийг бүтээлцсэн гавьяатай уран бүтээлч олон. Анги бүр хийж байгаа тоглолт дээрээ ахмадуудаа урьжээ.
Тоглолтын танхимын гадна “Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй хамтран үзэсгэлэн гаргаж, угтах танхимд өсвөр насны хүүхдүүдээс бүрдсэн үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг тоглож байлаа.
Найруулагч Д.Ганболд маркетингийн албаныхан болоод менежер Ц.Цагаанхүүгийн ажлыг нэлээд сайшааж байлаа. Анх ажилд ороход нь “Чи борлуулах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлог, утга учрыг мэдэхгүй байж юу хийх гэсэн юм бэ” гэж загнаж байсан бол одоо түүгээр бахархаж сууна.
Цуврал тоглолт бүрийнхээ өмнө сонирхолтой хөтөлбөр санаачлан үндэсний урлагийг ард түмэндээ ойртуулж, албадаж биш, аргадаж үзүүлж чадаж байгаа тактикийг нь магтав.
18.30 цаг. Гэрлийн өрөөнд тоглолт дуустал найруулагч ажиллана. Түүний хувьд бүгдийг заагаад өгчихлөө гэж санаа амрахгүй нь бололтой. Өнөөдөр дөрвийн даваагаа давж байгаа болохоор чухал шүү дээ гэж хэлчихээд утасны дуудлагад хариулав.
“Би амжихгүй ээ. Тоглолттой. Миний өвгөн өөрөө зохицуулах уу даа” гээд яриа дуусав. Гэргий нь түүн рүү залгажээ. Нэг ажил даалгах гэснээ ханийнхаа хайртай ажлыг хүндэтгээд болив бололтой. “Би ер нь их муу аав, хань. Бараг л гэртээ юм хийж, нэмэр болсон удаагүй ээ. Манай хүүхдүүд ажил дээгүүр ойрхон ирж очдог болохоор миний ажлын онцлогийг мэднэ. Харин хамгийн сайн үзэгчид тэд минь шүү. Хааяа зав, боломжтой үедээ гэрийнхээ хүнсийг цуглуулж хөргөгч дүүргэх нь миний нэг хообий. Тэрнээс өөр гавьяагүй.
Дөрөвдүгээр сард манай чуулгынхан бүгдээрээ амардаг юм. Тэр үеэр удирдах түвшний ажилтнууд долоогоос илүү хоног амрахгүй л дээ. Гэхдээ л гэртээ тэгж долоо хонохоор хийх юм олдохгүй, байж сууж чадахгүй, бухимдах гээд эхэлдэг.
Эхнэр маань тэрийг мэддэг болохоороо “Яв аа, яв, ажил руугаа яв” гэдэг юм” гэж яриад Д.Ганболд найруулагч тэнд байсан хүмүүсийг инээлгэж орхив. Сайн л ханьтай юм. Уншигч та өөр дээрээ жишээлж үзвэл эхнэрт нь ямар том ачаа ногддогийг түвэггүй ойлгох байх.
19.00 цаг. Гэрэл бүдгэрч тоглолт эхэллээ. Хөгжим, бүжиг, дуу. Үндэсний урлагийн дээж болсон бүхнийг авьяасын ундаргатай хослуулан хадгалдаг газар нь ҮДБЭЧ. Харамсалтай нь, энэ байгууллагыг Төрийн өндөрлөгүүд гадаадад эх орны минь өв соёл энэ гэж гайхуулдаг хэрнээ, эх орондоо ирээд мартчихдаг.
Д.Ганболд найруулагч УДЭТ-ын Н.Наранбаатар найруулагчтай муудалцаж, нэг нэг рүүгээ таагүй хараад өнгөрөх шалтгаан нь тайз болдог гэнэ.
Хоёр том байгууллага нэг байранд, нэг тайзан дээр ээлжилж тоглох хэцүү. Сар бүр тайзны хуваарилалт хийхээр тэд тулна. Таагүй үг нэгэндээ хэлж, уран бүтээл, уран бүтээлчдийнхээ төлөө мэтгэлцэнэ. Тун ч хэцүү үе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг монгол хүн гэдгийг илэрхийлэх зүйл нь түүний нэрийн хуудас биш, үндэсний урлаг болдог гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Морин хуурын аялгуу эгшиглэхгүй, уртын дууны түрлэггүй бол бид ямар тусгаар улстай байх билээ.
Өнгөтэй сайхныг нь мэдэх хэрнээ эхнэрийнхээ чихэнд зүүдэг ээмэг шиг боддог болохоор л өдий олон жил энэ хоёр том урлагийн байгууллагыг нэг байшинд хашиж мартаа биз.
19.30 цаг. Эхний есөн номер нэгэн жигд гэрэлтэй байх учраас энэ завсар бид дахин ярилцлаа. Өдрөөс хойш “Миний багшийн л буян, багш минь тэгж заасан юм” гэх мэтээр яриан завсар сануулаад байсан хүний тухай энд асуух боломж тохиолоо.
Түүний багш Буурал Очироог урлагийнхан андахгүй. Элдэв цол хэргэм хүртэж амжаагүй ч урлагийн төлөө л амьдарсан хүн. Театрын туслах зураач болсноос хойш хоёр жилийн дараа нь түүгээр бийрээ угаалгаж эхэлсэн гэхээр ямархуу хатуу хүн байсныг илтгэх мэт.
Эхлээд тайзны туслах ажилчин хийж, дараа нь жижиг хэрэгслийн мужаан дагалдаж байж л бийр угаах эрхтэй болсон байгаа юм.
Зураач болоод удаагүй байхдаа цэргийн албанд мордсон ч бараг л чуулгадаа алба хаасан гэхэд болно. Байгууллагаас нь албан бичиг илгээж түүнийг авчраад тайзны ард цэрэг хувцастай залуу зургаа зурдаг байсан гэнэ.
Д.Ганболдыг найруулагч болох эхлэлийг тавьсан хүн нь Сэвжидийн Сүхбаатар гуай. Түүнийг дэмжиж, өөрийгөө хөглөх ёстойг нь ойлгуулсан болохоор зураач, найруулагч хос морьтой нэгэн уран бүтээлч төрсөн нь энэ.
Номын дуу сонсгож, эрдэм заасан багш нь соёлын гавьяат зүтгэлтэн С.Сугар агсан. “Сарны чулуу” чуулгын найруулагчаар ажиллаж байхдаа СУИС-д найруулагч мэргэжлээр суралцаж сурсан мэдсэнээ бүгдийг нь тэнд туршсан. Тус чуулгын захирал Д.Саранчимэг ч гэсэн түүнийг дэмжсэн хамгийн чухал хүн нь.
21.30 цаг. Хөгжмийн аялгуунд уярч, үзэгчид сэтгэлдээ дуулж, догдолсон нэгэн үдэш өндөрлөлөө. Харин найруулагчийн ажил дуусаагүй. Тайзаа хураалгаж, бүх ажлаа дуусгачихаад л тэр харих учиртай. Өнөөдөр арай л онцгой өдөр болохоор ойн баярын цуврал тоглолтоо дуусгасны дараа “тамга”-ыг товчхондоо дарах л байх.
Дуусдаггүй ажилтай ч түүндээ хайртай, өөрийгөө сагаж, онгирч, тэнэг амьдарч болохгүй гэж дандаа цэнэж явдаг тийм нэгэнтэй танилцлаа. “Би ирэх жил залууст зориулсан мюзикл хийнэ. Тайз дэлгэцийн уран бүтээлийг хослуулна. Монгол дотроосоо Монголоо хайсан залуугийн тухай тэнд өгүүлэх юм.
Бас би Лигдэн хааны тухай дуулалт жүжиг хийх болно. Гэхдээ тэр жүжгийн дараа миний үзэгчид битгий алга ташаасай. “Оройн дээд”-ээс 230 жилийн өмнөх үйл явдал тэнд гарна. Тусгаар тогтнолоо алдаж байгаа үе.
Ийм зүйл үзчихээд үзэгч алга ташвал утгагүй. Харин “Би юу үзчихэв ээ” гэсэн сэтгэлийн тээштэй гараасай” хэмээн Д.Ганболд найруулагч ярьсан.
Уран бүтээлээрээ тэр үзэл бодлоо илэрхийлдэг. Заримдаа түүнээсээ болж, загнуулдаг, гадуурхагддаг, бас ажил албанаасаа халагдахдаа тулдаг. Намчирхал, үзэл суртлын гадуурхал гээч нь өнгөрсөн зуунд булшлагдаагүй ч одоо ч амь бөхтэй оршиж, урлагийн өргөөнд нь бугшсан идээгээ хааяа цацдаг.
Тэр бүхний эсрэг хэлэх үгтэй байх гэж залуус хичээж яваа. Нулимуулсан ч, чихээ тасартал мушгиулсан ч бууж өгөхгүй гэж бодож яваа. Яагаад гэвэл уран бүтээлч гэдгээ мэдэрсэн, үндэсний урлагийнхаа үнэ цэнийг ойлгосон Д.Ганболд шиг залуусын байх ёстой газар нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга юм.
Ж.СОЛОНГО