Өвөрмонголын өөртөө засах орны Хянган аймгийн захиргаанаас Дорнод аймгийн Халх гол сумын эмнэлэгт 50 мянган юанийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэжээ. Үүгээр ч зогсохгүй 1000 гаруй хүнийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулав.
Мөн зардлыг нь дааж, Хянган аймагт барилга угсралтын мэргэжлээр 17 оюутан суралцуулж байна. Хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Үзэсгэлэнт Хянган” баримтат кино үзүүлэх зэргээр сүүлийн жилүүдэд тус аймаг Монголтой хэлхээ холбоогоо сайжруулах бодлогоо хэрэгжүүлэхээр бүхий л хэлбэрээр оролдож байгаа.
Тэд монголчуудын боловсрол, эрүүл мэндэд санаа зовох болсны учир юу вэ? “Үнэгүй зүйл зөвхөн хавханд байдаг” гэсэн үг бий.
Өгөөмөр загнасныхаа хариуд Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах, Сүмбэрийн хилийн боомтоос Хэнтий аймаг хүртэлх аялал жуулчлалын маршрут нээх ажлаа тэд дэмжүүлж чадлаа. Энүүхнээр тэдний сэтгэл ханаагүйг сануулъя.
Одоо тэд Монголд төмөр болон авто зам тавих төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хамгийн том зорилго нь энэ байж магадгүй. Тэд төмөр зам бариад 30-40 жил ашиглаад танай талд шилжүүлье гэх болов уу. Өмнөх жишгээс харахад ингэж л хандаж ирсэн.
Дорнод аймгийн Чойбалсан хотоос Сүмбэрийн боомт хүртэл 438 км зайтай. Жилин муж, Хянган аймаг хамтран 2014 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Засгийн газарт энэ чиглэлд төмөр зам тавих хүсэлт гаргажээ.
Үүний дагуу Жилин мужийн Чанжит бүсийн стратегийн хэрэгжилтийг удирдах ажлын хэсэг Монголд ирж санал солилцон, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, замын зураг, геодезийг гаргах зэрэг анхан шатны ажлыг эхлүүлсэн гэнэ.
Чойбалсан хотоос хойш чиглэсэн төмөр зам ОХУ-ын Сибирийн төмөр замтай холбогддог. Чойбалсан-Сүмбэр чиглэлийн төмөр зам барьчихвал Ази, Европыг холбосон шинэ трасс бий болох юм. Энэ төслийг “Хятад, Монгол Улсын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх дунд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т хамруулжээ.
Мөн “Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөө”-нд тусгасан байна. Угаасаа энэ чиглэлд төмөр зам тавих нь дамжиггүй. УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод ч энэ чиглэлд төмөр зам тавихаар тусгасан. 1992 онд НҮБ-аас энэ чиглэлд төмөр зам тавих санаачилгыг анх гаргаж байсан баримт ч бий.
Эл төмөр замыг нарийн царигаар тавьж болно. Өөрөөр хэлбэл, Хятадын төмөр замын царигаар барина гэсэн үг. Харин хятадуудын сонирхлыг дагуулах уу, төмөр зам тавих өөр хамтрагч, хөрөнгө оруулагч сонгох уу гэдэг нь хойшид шийдэх ажил юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг тавихад нэг тэрбум 160 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн техник, эдийн засгийн үндэслэл хийсэн. Тэгвэл Чойбалсан-Сүмбэр чиглэлийн төмөр зам үүнээс бараг хоёр дахин урт. Тэгэхээр нэлээд хөрөнгө оруулалт шаардагдсан, анхаарал татсан мега төсөл болох нь ойлгомжтой.
Мөнөөх Хянган аймгийн удирдлагууд БНХАУ-ын Гадаад хэрэг болон Худалдааны яамнаас Сүмбэр-Чойбалсан чиглэлд авто зам тавих зөвшөөрөл авсан гэнэ. Улмаар “Өвөрмонголын зам харилцааны судалгааны хүрээлэн” компани ажлын хэсэг байгуулж, дээрх чиглэлд авто зам тавих хээрийн судалгаа хийжээ. Бас тэд агаарын тээврийг хөгжүүлэх оролдлого хийж байгаа аж.
Улаанбаатар-Чойбалсан-Рашаан чиглэлд (Рашаан нь Сүмбэртэй эсрэгцдэг Хянган аймгийн хилийн боомт хот) нислэг хийх түр зөвшөөрөл авсан байна. Ингээд “Хүннү эйр” компанийн онгоцыг Рашаан хотын нисэх буудалд газардуулж үзсэн байх юм.
Хянгантай зэргэлдээ орших Шилийн гол аймаг ч Монголд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлдэг. Тэднийхэн Хөөт-Бичигт чиглэлийн 230 км төмөр замыг концессийн гэрээгээр барих сонирхолтой байгаагаа Зам, тээврийн яаманд удаа дараа илэрхийлсэн ч дэмжлэг аваагүй.
“Чойбалсан-Сүмбэрийнхээс Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг түрүүлж барих нь тодорхой” гэж салбарын яамныхан нь баталж байна. Учир нь эл чиглэлд төмөр зам тавихад бага хөрөнгө шаардагдахаас гадна Хятадын зүүн хойд эргийн Дандон, Далянь,
Жинжоу, Чинхуандао, Тангшан, Хуанхуа болон Инкоу далайн боомт хүрэхэд хамгийн дөт аж. Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар харилцан тохиролцсоноор дээрх боомтуудыг ашиглах эрхтэй болжээ. Одоогоор Хятадын тал Бичигтийн боомтын хилийн зурвас хүртэл төмөр зам тавьчихаад манайхныг хүлээж суугаа гэнэ.
Шилийн голынхон Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэлх 277 км авто зам тавих сонирхлоо мөн илэрхийлжээ. Тэд замыг концессийн гэрээгээр барих саналтай байгаа юм. Концесс эзэмших хугацаандаа хятад иргэдийн суурьшлын бүс байгуулъя гэсэн санал нь яамныхны нүдийг бүлтийлгэжээ.
Монголын газар нутагт Хятадын суурин байгуулах төслийг дэмжих тэнэг улстөрч олдохгүй биз. Хятадуудын Монголд хэрэгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл бүр олон нийтэд болгоомжлол, хардлага төрүүлэх нь бичигдээгүй хууль юм.
Зам, тээврийн яамныхан Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар зэхэж буй. Хятадууд “Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээ цуцалчих. Бид зам барья” гэж ая тал зассаар яваа гэнэ лээ. Тэдэн шиг өөрсдөө гүйцэж ирээд “Танайд хөрөнгө оруулъя” гэж гуйж байгаа улс өөр байхгүй.
Хятадууд Монгол дахь нөлөөллийн хүрээгээ алдахгүйг үргэлжид эрмэлзэнэ. Түүнийх нь илрэл энэ. Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзэхэд тэд Монголыг гарынхаа дор байлгах гэж тууштай чармайж ирснийг бэлхнээ харж болно. Нэгэнт Монгол Улс тусгаар тогтнолоо бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн тул одоо улс төрийн аргаар нөлөөллөө бэхжүүлж чадахгүй.
Харин хятадууд эдийн засаг, ялангуяа томоохон төслүүдэд нь хөрөнгө оруулж, нөлөөллийн хүрээгээ хамгаалах бодлого баримталж байна. Бид хэт их гүрэн болон хүчирхэгжиж буй мөнхийн хөршөөсөө салаад нүүж чадахгүй. Тиймээс ая талыг нь харж, арга эвийг олон атганд нь багтчихгүйг хичээхээс өөр гарцгүй.
Монголын эдийн засаг өсөхийн хэрээр дэд бүтцээ өргөжүүлэх, худалдааны шинэ гарц нээх хэрэгтэй боллоо. Төмөр зам, авто замын сүлжээгээ өргөжүүлэх, шинээр бүтээн байгуулах шаардлага тулгарав. Гэвч хөрөнгө санхүү дутмаг байна.
Хөрөнгө мөнгөөр нөхөх шаардлагатай энэ орон зай хятадуудын сонирхлыг идэвхжүүлж буй хэрэг. Ялангуяа төмөр замд нөлөөлөл тогтоохоор хичээж буй нь эдийн засгийн үр ашгаас илүүтэй геополитикийн сонирхлоо хамгаалах алхам юм.
Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх төмөр замыг хятадууд барих, улмаар мэдэлдээ байлгах туйлын сонирхолтой. 2010 онд Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахад тунаж үлдсэн зургаан компанийн нэг нь Хятадын нүүрсний магнат “Шинхуа энержи” байв.
Хятад, ОХУ-ын сонирхол тэнцвэржээгүйгээс шалтгаалж, хөрөнгө оруулах хэлэлцээр гацсан гэдэг. Энэ үеэс төмөр замын царигийн хэрүүл хэдэн жил дамжин үргэлжилсэн. Эцэст нь Тавантолгойтоос-Чойбалсан хүртэлх замыг өргөн, Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавихаар болсон билээ.
Үүний ард ОХУ, БНХАУ-ын Монгол дахь нөлөөллөө алдахгүй гэсэн тэмцэл өрнөсөн гэдэгт олон нийт эргэлздэггүй.
2014 онд Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах консорциумыг шалгаруулахад тэнд нь “Шинхуа энержи” багтсан байлаа. Консорциумын гол ажил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих байв. Хэлэлцээр бас л гацсан. “Шинхуа энержи” шалгарсан тохиолдолд хэлэлцээр гацсаар байгааг анзаараарай. Монголын дэд бүтэц дэх Хятадын сонирхол үргэлжлэх болно.
Т.ЭНХБАТ