ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ
Тэр мартагдаж эхэлжээ. Гал халуун байхаа ч больж. Нэг үе тэр сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд “заларч”, дуулиан шуугианы “гол дүр” байлаа. Амтай болгон “аймар, заваан, паах пөөх” гэж шивэр авир хийнэ. Өөрт нь хамааралгүй гэж бодсоноос л ингэж ам бардам ярьж, итгэл дүүрэн бичдэг байсан байх.
Гэвч гурван сая монголчуудын 194 нь уг өвчний халдвар авч, үхэлтэй хором бүр нүүр тулж явна. Энэ өвчин бол ДОХ. Монгол Улсын хэмжээнд энэ оны эцсийн байдлаар ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусийн халдвартай 862 хүн байж болох тооцооллыг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ.
Дэлхий дээр 36.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа бөгөөд 2000 оноос хойш 25.3 сая хүн ДОХ-ын улмаас амиа алдсан байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас арванхоёрдугаар сарын 1 буюу ДОХ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан мэдээлэл хийжээ.
Сүүлийн 15 жилийн хугацаанд ДОХ-оор нас барсан өсвөр насныхан хоёр дахин нэмэгдсэн байна. Дэлхий дахинд 2.6 сая хүүхэд уг халдвараар өвчилсөн бөгөөд тэдний 10 хүүхэд тутмын долоо нь 15-19 насныхан гэсэн харамсалтай мэдээ дуулгав.
Яг одоо ч гэсэн уг өвчний уршгаар хэн нэгэн хорвоог орхиж буй. Энэ бол бодит үнэн. Мартахыг хүссэн ч, хэвлэл мэдээллээр хэлж ярихаа болилоо ч бидний эргэн тойронд халдвартай хүмүүс байсаар л байна. Энэ халдвар биднээс хол мэт санагдавч ганц удаагийн тохиолдлын бэлгийн харьцаанаас ДОХ хэмээх “найз”-тай болох эрсдэлтэй.
ХДХВ нь халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариур дамжуулан хэрэглэх, халдвартай эхээс хүүхдэд дамжих ба, хөхний сүүгээр халдвар тархдаг.
Ердөө л энэ гурван замаар айдас дагуулсан ДОХ халдварладаг. Тэгэхээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй, нэг удаагийн зүү тариур хэрэглэхэд л энэ өвчнөөс ангид амьдарч болмоор.
Гэвч харамсалтай нь өөрийгөө ХДХВ-ийн халдвар авснаа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй яваа олон зуун хүн бидний дунд буй нь энэ өвчнөөс дэлхий нийт ангижрахад саад болж байгаа юм.
ДОХ төгс эмчлэгдэхгүй, үхэлд хүргэдэг өвчин хэдий ч урьдчилан сэргийлэх боломж бидний гарт байна. Тохиолдлын бэлгийн харьцаанд орсон эсвэл цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн л бол ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөд илүүдэхгүй.
Энэ нь өөртөө итгэлтэй амьдарч, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авахаас хамгаалах гарц болохыг эмч нар хэлдэг. Гэхдээ энд нэг зүйл анхаарах хэрэгтэй. Халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба үүнийг “цонх үе“ гэдэг.
Тиймээс дээр дурдсан эрсдлүүдэд өртөж байсан бол “цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч, баталгаажуулахыг мэргэжлийнхэн зөвлөж байна.
ДОХ агаар дуслын замаар халдварладаггүйд талархъя. Халдвартай хүний шүлс, нулимс, аяга халбагаар вирус дамжихгүй бөгөөд ийм хүнтэй хамт амьдрах, ажиллах, суралцах, тэр ч бүү хэл тэврэх, үнсэх, халуун ус, бассейнд хамт орсон ч вирус халдахгүй нь бурхны өршөөл гэлтэй.
ХДХВ-ийн халдварлах замууд ийм ил тод байхад уг өвчнөөр өвчилж, эмээр “бөмбөгдүүлэн” эцэс сүүлд нь эмгэнэлтэйгээр хорвоог орхисоор байгаа нь хүүхэд залуус, хүн ам эрүүл мэндийн боловсрол тун тааруу байгаатай холбоотой.
1992 онд манай улсад уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 хүн амиа алджээ. ДОХ-той хүмүүсийн 98.4 хувь нь бэлгийн замаар уг халдварыг авсан байдаг. Өөрөөр хэлбэл манай улсад цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
Харин халдвартай 10 эхээс төрсөн 12 хүүхдийн 11 нь эрүүл саруул байгаа бөгөөд энэ онд төрсөн нэг хүүхдэд халдвар илрүүлэх шинжилгээ хийж хяналтад оруулсан байна. Эдгээр эхчүүдээс хоёр нь дахин төрсөн аж.
ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80.6 хувь нь эрчүүд. Тэдний 79.2 хувь нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрчүүд байгаа юм. Түүнчлэн гадаадын харьяалалтай 26 иргэн уг өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Үүнээс харахад халдвартай хүмүүсийн олонх нь эрчүүд. 
Ингэж хэлснээр тэднийг адлах гэсэнгүй. Хүүхдүүдэд багаас нь бэлгийн боловсрол, ХДХВ-ийн талаар бодит үнэнийг хэлж ойлгуулах нь энэ халдварын тархалтыг зогсоох нэг алхам гэдэгтэй олонх санал нийлэх биз.
Манай улс ХДХВ-ийн тархалт багатай ч эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Тухайлбал 1992, 1997, 2001, 2004 онд тус бүр нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан бол 2005 оноос огцом өссөөр 2014 онд 31 хүн уг халдвараар өвчилсөн байна. Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ-ийн 13 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14-өөр буурсан үзүүлэлт юм.
Энэ нь хонгилын үзүүрт гэрэл гэгчээр хүн төрөлтхнийг айдаст автуулсан уг халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнийг “мартах” шалтгааны нэг болж буй. Тодруулбал, НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрт 2020 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хяналтад авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгох зорилт тавьжээ.
Өөрөөр хэлбэл, таван жил хүрэхгүй хугацааны дараа бид ДОХ-ыг жинхэнээсээ мартах нь байна. Манай улсын хувьд ч гэсэн шинээр халдвар авсан хүмүүсийн тоо энэ оны хувьд буураад буй.
НҮБ-аас “90, 90, 90” гэсэн бодлого барьж байна. Энэ нь шинээр оношлогдсон хүмүүсийн 90 хувийг ретровирусийн шинжилгээд хамруулж, тэдний 90 хувьд вирусийн ачааллыг бууруулах эмчилгээ хийх ба ингэснээр шинэ тохиолдлыг 90 хувь багасгах аж.
Энэ нь мөрөөдөл төдий биш болохыг тоо баримтаас харж болно. 2000 оноос өдий хүртэл дэлхийн хэмжээнд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол 35, шинээр халдвар авсан хүүхдийн тоо 58 хувиар буурчээ.
Түүнчлэн 2005 онд хоёр сая хүн ДОХ-ын улмаас нас барсан бол, 2014 онд 1.2 сая болж цөөрсөн байна. Харин ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж буй хүмүүс нэмэгджээ.
Манай улс анх 2003 онд ХДХВ-тэй өвчтөнд ретровирусийн эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 144 хүн уг эмчилгээг хийлгэж байна. Эмчилгээний төлбөрийг НҮБ-ын дэргэдэх “Глобаль” сангаас тусламж хэлбэрээр олгодог.
Тэгэхээр өвчилсөн хүмүүс үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүний жилийн эмчилгээний зардал дунжаар 1.0-1.5 сая төгрөг. Манай улс халдвартай хүмүүст зарцуулж буй зардлаа жил жилээр нэмэгдүүлсээр 2017 он дуусахад 100 хувь өөрсдөө хариуцдаг болохоор зорьж ажиллаж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн.
Хорт хавдар, зүрх судасны өвчин, осол гэмтлээс шалтгаалан бид ДОХ-ыг түр “мартаад” буй. Гэвч аюулт энэ өвчин чимээгүй тархсаар, олон хүний амь авч одсоор байна. Түүний мартагдсан шалтгааныг ХӨСҮТ-ийн клиникийн профессор Ч.Уртнасангаас асуухад “ДОХ-ын аюул гамшиг хэвээр байгаа.
Сүүлийн үед ДОХ-оос илүү эрсдэлтэй, олон улсын хэмжээнд анхаарал татсан эбола вирусийн цусархаг халууралт, Ойрхи Дорнодын корона вируст халдвар, шувууны томуугийн A(H7N9) гэх мэтийн шинэ, сэргэж байгаа халдварууд дэгдэж байна.
Эдгээр өвчинд илүү анхаарал хандуулсантай холбоотой байж болох юм” гэлээ. Харин эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар “ХДХВ-ийн талаар мэдээлэх нь буурсан гэж бодохгүй байна. Харин хүмүүс ач холбогдол өгч анзаарах нь багассан байж магадгүй.
Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд ХДХВ-ийн шинэ тохиолдол болон уг өвчний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо тогтмол буурч буй нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болов уу. Манай улсад ч гэсэн энэ оны байдлаар шинэ халдварын тоо буурсан үзүүлэлттэй байгаа.
Энэ нь нэг талаас шинжилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүс, ялангуяа эрсдэл өндөртэй гэж үздэг дэд бүлгийн хүн ам шинжилгээнд төдийлөн хангалттай хамрагдахгүй, сайн дураараа шинжилгээ өгөх хүний тоо цөөрсөнтэй холбоотой байж магадгүй. Тиймээс сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдахыг олон нийтэд сайн сурталчлах хэрэгтэй” гэсэн юм.
Шинэ төрлийн халдвар, эбола, короно вирус, хурим, оршуулга, ажил, үр хүүхэд элдэв өнгө хосолсон амьдрал. Энэ бүхэнд “гээдсэн” ДОХ. Гэвч үнэндээ уг өвчний халдвар тархсаар, халдвартай хүмүүсийн бараан амьдрал нүд, чихнээс далд үргэлжилсээр байна.
Тэдний алдааг давтахгүйн тулд, энэ зовлонт амьдралаар амьдрахгүйн төлөө бид ХДХВ, ДОХ-ын талаар зөв, бодит ойлголттой болцгооё. Эрт илрүүлж, хамтдаа сэргийлж чадвал ДОХ-д “баяртай” гэж хэлэх биз ээ.
Ч.БОЛОРТУЯА