“Ирэх аравдугаар сарын 1- нээс гүйцэтгэх захирал Тони Хейворд албан тушаалаа өгнө” гэж Британийн нефтийн Би-Пи (ВР) компанийн төлөөлөгч өчигдөр албан ёсоор зарлалаа. Мексикийн буланд асгарч буй нефтийг зогсоох ажиллагааг удирдаж буй Роберт Дадли компанийн шинэ тэргүүн болох юм байна. Британийн нефтийн аварга том ВР компани Мексикийн буланд хэдэн сар асгарсан нефтийг зогсоох гэж асар их хүч чармайлт, хөрөнгө мөнгө зарснаас үүдэлтэй ямархан алдагдал хүлээснээ зарлахаар бэлтгэж байна.
Зогсохгүй сад тавьж буй ”хар алт”-тай цуг лав л 25-30 тэрбум доллар усанд үйжээ. Британийн компани түүхэндээ ийм их алдагдал хүлээж байгаагүй юм. Ирэх аравдугаар сард компанийн тэргүүний албан тушаалаа өгөх Тони Хейворд жилийн 930 мянган долларын тэтгэвэр авах аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Америкийн Луйзанна мужийн эргийн дагуух тавцанд дэлбэрэлт болж, 11 хүн амь үрэгдэж, АНУ-ын түүхэнд хамгийн аюултай экологийн сүйрэл эхэлсэн гэж халагласан тэр үеэс хойш ВР компани зах зээлийн өртгийнхөө 40 хувийг алджээ.
Компанийн энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайланд нефть асгарснаас үүдэлтэй хор хохирлыг арилгах, нөхөн төлбөр өгөх талаар шүүхэд гаргасан гомдол, тавьсан торгуулийг барагдуулах нөөцийн санг тусгаж өгсөн байна. Орос, Британийн хамтарсан ТНК-ВР компанийн захирлуудын зөвлөлд Т.Хейвордын нэрийг дэвшүүлнэ гэж BP-гийн төлөөлөгч хэлжээ. Хейворд ажил үүргээсэээ албан ёсоор чөлөөлөгдөж буй юм биш, харилцан зөвшилцсөний үндсэнд компанийг орхиж буй юм гэж ВВС-гийн эдийн засгийн тоймч Роберт Пестон бичсэн байна.
BP компани Мексикийн буланд нефть алдсан хэрэг мандахад Т.Хейворд АНУ-ын ширүүн шүүмжлэлд өртөж эхэлсэн. Британийн компанийн шинэ тэргүүнээр тодорсон Роберт Дадли BP компанийн АНУ дахь гүйцэтгэх захирал, нефть асгарахыг зогсоох ажлыг тэргүүлж, нойр хоолгүй зүтгэж буй хүн. Тэрбээр компанидаа ихээхэн нэр хүндтэйн дээр америкчуудтай хэл амаа түвэггүй олох тухай ажиглагчид тэмдэглэж байна.
54 настай Дадли АНУ-ын иргэн. Тэрбээр ВР-г удирдах анхны гадаадын хүн болж буй юм. Америкийн эрэгт нефть асгарснаас болж Британийн BP компанийг Нэгдсэн улсад сүүлийн үед тус улсын нэг ноймерын дайсан хэмээн зарлаад буй юм. Тиймээс компанийг хэн удирдах нь хамаагүй, Мексикийн булангийн усыг цэвэрлэх нь хамгийн гол нь гэж Вашингтон мэдэгдэж байгаа.
BP-ийг яв гэж шахахгүй, гэхдээ энэ компани нефть асгарч байгааг зогсоож, түүний учруулсан хор холбогдлыг арилган, нөхөн төлбөр хийгээгүй цагт Мексикийн булангаас гарч явах ёсгүй” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс хэвлэлийн бага хуралд хатуу мэдэгдсэн байгаа. Т.Хейворд Би-Пи-д 28 жил ажилласан бол түүний халааг авах Боб Дадли хоёр жилийн өмнө Оросын хөрөнгө оруулагчидтай зөрчилдсөнөөс болж ТНК-ВР компанийн ерөнхий захирлын албан тушаалыг орхисон юм.
Б.БУЯНЦОГ