-Сэтгүүл зүйн шүүмжийг анх удаа нээлттэй хэлэлцлээ-
“Сэтгүүлч хүн аливаа зүйлийг бичихийн өмнө сэтгэлийн хир буртгаа арилгаж, би гагцхүү үнэнийг бичнэ гэсэн тангараг өөртөө өргөсний дараа л үзэг авах эрхтэй”
Ц.Балдорж
Хүн хорвоод хоосон ирээд хоосон буцдаг. Гэхдээ туулж өнгөрүүлсэн замнал, тодруулж бичсэн түүхээрээ гарт баригдахаас эхлээд сэтгэлд хадаастай байх их өвийг үлдээгээд буцсан нь цөөнгүй. Тийм хүмүүсийн нэр тод бичигдэж, алдар суу нь амьд ахуй үеийнх шигээ түгсээр л байдаг.
“Хүн үхдэггүй. Харин биеэ бардаг. Бие үгүй ч үйлс нь үргэлжилдэг” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ гуай “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” онол практикийн бага хурлын нээлтийн үеэр онцоллоо.
Найман жилийн өмнөх яг энэ өдөр Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн од харваж, орчин үеийн сэтгүүл зүйн тулгын чулуу Цэрэндоржийн Балдорж эрхлэгчээр дутсан юм.
Бие нь үгүй ч үйлс нь өнө мөнх гэж хэлсэн Х.Цэвлээ гуайн үг юутай оноо вэ.
Эдүгээ ч бас эрхлэгчийн маань өв өнөөгийн сэтгүүлчдэд хүрч, сэтгүүл зүйн салбарынхан өчигдөр нэгэн танхимд хуран цуглаж, анх удаа мэргэжлийн эрдэмтэн багш, судлаачдын шүүмжийг сонсож, бичсэн нийтлэлээ хэлэлцүүлж, “хатуу үг” сонсох боломж тохиов.
“Нийгмийн буртгийг арилгахын төлөө үзгээ барьж, үгээ хэлдэг сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан ч бас хэн нэгнээс үг сонсон, “ташуурдуулж”, хатуу үг даах тэнхээтэй болох ёстой.
Ийм л зорилгоор СУИС-ийн Сэтгүүлзүйн профессорын багаас санаачлан, “Балдорж” сантай хамтарч “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” онол, практикийн бага хурал зохион байгуулж байгаа юм” хэмээн СУИС-ийн захирал, Сэтгүүл зүйн профессорын багийн ахлагч, доктор, профессор Э.Сонинтогос ярилаа.

Аль ч салбарт шүүмж судлал чухал нөлөөтэй. Хөгжье, дэвшье, урагшилъя гэвэл эрүүл, бодитой шүүмжийг хүлээн авч, засаж залруулж байх учиртай.
Анх удаа зохион байгуулсан онол, практикийн хурлыг энэ удаа БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр зохион байгууллаа.
Өчигдөр болсон онол, практикийн хуралд СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор П.Батхуяг “Ярилцлагын тухай ярилцахуй”, МУИС-ийн профессор Ж.Баянсан “Зарим бүтээлийн хэл найруулгын тухайд”, ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч Д.Дагиймаа “Балдорж”-ийн тунхагласан сурвалжлагын шинэ цагийн төлөөлөгчдийн тухайд”, доктор, профессор Ю.Эрдэнэтуяа “Телевизийн нийгмийн үүрэг, функцын хувьсал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тэдний бэлтгэсэн сэдвийн дагуу СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн багш Х.Чойдогжамц, СУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор С.Дэлгэрмаа, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш, доктор, профессор С.Амартүвшин, ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн багш, доктор Л.Ариун, СУИС-ийн Кино, телевизийн тэнхмийн эрхлэгч Ц.Цэвэлсүрэн нар хавсарга илтгэл бэлтгэн хүргэлээ.
Мөн илтгэлтэй холбогдуулан МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэг, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах үг хэлсэн юм.
Монголын сэтгүүл зүйн салбарынхны шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй талбар болж чадсан, босго өндөртэй, БАЛДОРЖ шагналт бүтээлүүдийг жишээ болгон хэлэлцсэн учраас судлаач нараас ч багагүй ур ухаан, дүгнэх чадвар шаардсан нь гарцаагүй хэмээн Э.Сонинтогос захирал онол, практикийн бага хурлыг нээж үг хэлэхдээ дурдсан юм.
Түүнчлэн тэрбээр “Өдгөө бид орчин үеийн сэтгүүл зүйг манлайлж яваа энэ хүмүүсийнхээ нийтлэл, нэвтрүүлэгт мэргэжлийн шүүмж дүгнэлт, судалгаа шинжилгээ хийж чадаж байна уу гэвэл үгүй.
Монголын сэтгүүл зүйг Ц.Балдорж эрхлэгчийн баримталж байсан чигээр мэргэжлийн түвшинд хүргэж, эрүүлжүүлье гэвэл шүүмж судлал чухал нөлөөтэй юм. Шүүмж судлал хүчтэй байж л Монголын сэтгүүл зүй өсөж дэвшинэ” гэж ярилаа.
Монголын сэтгүүл зүйн салбар шүүмж, судлалын баялаг түүхтэй хэдий ч орчин цагт манай салбарын эмнэл зүй нь болсон энэ төрөл үгүйлэгдэх болсон учраас хэвлэл мэдээллийн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон шилдэг сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарын ирээдүй хойчийг бэлтгэдэг багш нар дуу нэгтэй нэгдсэн нь энэ.
Илтгэлүүдэд дурдагдсан шүүмжүүдээс гадна сэтгүүл зүйн салбарыг ерөнхийлөн дүгнэсэн сонирхолтой үгсийг энэ хурлын үеэр сонсох боломж тохиосон юм.
Тухайлбал, залуучууд зоригтой, авьяастай, ур чадвартай байгаа хэдий ч редакцын нийтлэлийн бодлого, халамж, хатуу үг дутагдалтай байгааг сануулсан.
Мөн ард түмний толгойд тариа тарьдаг сэтгүүлч нар энэ цаг үеийн алдаа завхарлыг эмнэх анагаагч болж, үнэтэй үгээрээ урам, ташуур зэрэг өгдөг байх ёстойг ч ахмадууд хэлж, сануулж байсан юм.

МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАЛГУУРЫГ СУДЛААЧ, ШҮҮМЖЛЭГЧИД ГАРГАНА
Б.ГАЛААРИД (Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч):
-Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх цаг үеийн шаардлага бий болсон. Ц.Балдорж гэдэг хүнийг зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын менежер гэдэг утгаар нь биш, XX зууны сүүл, XXI зууны Монголын сэтгүүл зүйн дүр төрхийг тодорхойлогч үзэгдэл талаас нь бид өдгөө ярих, судлах цаг болсон.
1990-ээд оны дунд үеийн “Ардын эрх” сонин бол “Үнэн” сонины уламжлалыг хадгалсан, гэхдээ цоо шинэ менежмент, бодлого хэвшүүлсэн хамт олон байсан.
Энэ хамт олон үндсэндээ 1990-ээд оны хоёрдугаар хагасын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бий болж, төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үйл хэргийг үргэлжлүүлж, нийгмийн анхаарлын төвд байлгаж чадаж буй нэг арга хэмжээ бол БАЛДОРЖ шагнал.
Энэ бол мэргэжлийн, шалгуур өндөртэй, нэр хүндтэй шагнал. Түүгээрээ сэтгүүлч мэргэжлийн стандартыг өндөр түвшинд хүргэх үйл хэрэг юм.
Монголын сэтгүүл зүйн судлал, шүүмж гэдэг салаа мөчрийг сайн хөгжүүлэхийн тулд БАЛДОРЖ шагналын шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн үүднээс дүгнэж, шинжлэх ухааны эргэлтэд оруулж байна.
Сэтгүүл зүй судлалын эрдэмтдээс гадна хэл, урлаг, соёлын эрдэмтэд манай салбарыг өөр өнцгөөс харж, судалж шинжилж буй нь маш том үнэ цэнэ.
Энэ нь сэтгүүл зүйн шүүмж судлалыг баяжуулсан, нэг алхам урагшлуулсан чухал үйл явдал учраас ийм арга хэмжээ зохион байгуулагчдад талархмаар байна.
Сэтгүүл зүй хөгжлийнх нь дүр зургийг тодорхойлох боломжгүй хурдтайгаар хөгжиж байна. Ялангуяа, техник, технологийн дэвшлийг дагаад мэдээлэл олж авах, түгээх дамжуулах хурд асар өндөрт хүрчихжээ.
Үүнийг дагаад манай хэл, сэтгүүл зүйн соёлд хүчтэй нөлөөлсөн эерэг, сөрөг үзэгдэл маш олон болсон. Иргэний болон мэргэжлийн сэтгүүлч хоёрын ялгаа зааг бага болчихлоо.
Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа үнэ цэнэтэйг манай судлаач шүүмжлэгчид гаргаж тавих учиртай.
Монголын сэтгүүл зүй тодорхой хугацаанд анарх маягийн эрх чөлөөнд автаж, 1990-ээд оны дунд үед шар хэвлэл, мэргэжлийн бус хүмүүс манай салбар луу орж ирснээс болж, сэтгүүлчдийн нэр хүнд унаж байсан. Одоо бол энэ бизнес ёс зүйн хувьд цэвэр, хараат бус байх ёстой гэдгийг ойлгосон.
5-10 жилийн өмнөхөөс огт өөр сэтгүүл зүй бий болж эхэлж байна. Цаашид мэргэжлийн сэтгүүл зүйг мэдээллийн эмх замбараагүй урсгалаас өөр байлгах хүсэл тэмүүлэл бий. Үүнд ч бас шүүмж судлал чухал нөлөөтэй юм.
Эндээс гарч буй үнэ цэнэтэй санал, зөвлөмжийг сэтгүүлчдэд хэрхэн хүргэх нь дараагийн анхаарах ёстой асуудал. Бидэнд иргэн-сэтгүүлчээс ялгарах ямар давуу талтайг тодорхойлоход энэ үйл явдал чухал хувь нэмэр оруулна гэж харж байна.
Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага онол, практикийн бага хурлын үеэр хэлэлцүүлсэн зарим сонирхолтой илтгэлүүдээс хураангуйлан хүргэе.

СЭТГҮҮЛ ЗҮЙН БИЧЛЭГҮҮД ИНТЕГРАЦЛАГДАЖ БАЙНА
П.БАТХУЯГ (СУИС, ТУС, Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш, доктор):
Судлаач П.Батхуяг “Ярилцлагын тухай ярилцахуй” бүтээлдээ өнөөгийн сэтгүүл зүйн бичлэгийн түгээмэл төрөл болох ярилцлагын сүүлийн үеийн чиг хандлага бусад төрөл зүйлтэй нийлэгжин “эрлийзжих” замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж буйг дурджээ.
Өнөөгийн Монголын сэтгүүл зүйн бичлэгийн төрөлд ярилцлага “элбэгшиж”, бичлэгийн төрөл зүйл “эрлийзжих” үзэгдэлд түүний ажиглалтаар мэдээлэл технологийн хурд, сэтгүүл зүйн үнэт зүйлсийн өөрчлөлт, үзэл баримтлалын шинэчлэл гэсэн хүчин зүйл нөлөөлжээ.
Тухайлбал, сэтгүүлч Х.Болормаагийн “Барилгын компаниуд иргэдэд зарсан орон сууцныхаа талбайгаас 2-17 ам метрийг хумсалжээ” нэртэй БАЛДОРЖ шагналын шилдгээр шалгарсан бүтээл сурвалжлагаар эхэлж, баримтат нийтлэлийн хэлбэрээр үргэлжилж, ярилцлагаар төгссөн байна.
Энэ нөхцөлд сэтгүүлчийн бүтээлийг бичлэгийн аль нэг төрөлд шууд хамаатуулахад хүндрэл учирчээ.
Мөн сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” нэртэй бүтээл ч сурвалжилсан тэмдэглэл хэлбэрээр эхэлж, бичлэгийн явцад сурвалжлага, ярилцлага хослон өрнөж, ярилцлагаар төгсчээ.
Дээрх хоёр жишээ сэтгүүл зүйн бичлэгт “зохиомж”-ийн шинэ хэлбэрүүд бүрэлдэж буйг харуулсан байна.
Судлаач П.Батхуяг 2012 онд БАЛДОРЖ шагналын шилдэгт шалгарсан сэтгүүлч Д.Заяабатын “А.Цэенпил: Найзыгаа алчихлаа гэж айхдаа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн” бүтээл нийтлэл-ярилцлага гэж оноон нэрлэж болох төрөлд бүрэн нийцнэ гэж дүгнэсэн байна.
Зохиомж нь сонирхолтой. Үйл явдлын эхлэлийг нийтлэл хэлбэрийн хүүрнэх аясаар бичжээ. Харин төгсгөлийг гол баатартайгаа ярилцах хэлбэрээр өрнүүлсэн байна.
Ийм хавсарсан зохиомж нь “Та хүүхэд насныхаа тухай яриач”, “Таны спортын замнал яаж эхлэв” зэрэг тогтсон хэдхэн асуултаар ярилцлагаа эхэлдэг хэв загвараас өөр, харьцангуй шинэлэг болсон гэжээ.
Мөн 2015 оны БАЛДОРЖ шагналын эзнээр шалгарсан сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн сургуулийн сурагчид”, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” хоёр бүтээлээс эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онцлогоос шалтгаалсан байх үндэстэй сурвалжлага-ярилцлага, ярилцлага-сурвалжлага хосолсон бичлэгийн шинэ хэлбэрийг харж болохыг онцолсон юм.
Судлаач П.Батхуяг илтгэлийнхээ төгсгөлд ярилцлага яагаад элбэгшив гэдгийг хөндөхдөө судлаач Ж.Батбаатарын “Манай сонинуудын ихэнх зайг ярилцлага эзэлдэг нь бичих боловсруулахад сэтгүүлчээс нарийн хүч хөдөлмөр шаардахгүй бусад төрлөөс харьцангуй амар хялбар байдагтай холбоотой юм” гэж тэмдэглэснийг эш татаад энэ нь ямар нэг хэмжээгээр үнэний ортой ч ярилцлага нарийн судалгаа, нүүр тулсан харилцаа, орчин, тухайн өдрийн сэтгэл зүйн байдал, уур амьсгал, ойлголцол, асуудлыг оновчтой тодорхойлохоос эхлээд сэтгүүлчээс мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг төрөл гэжээ.
Тэрбээр мөн сэтгүүл зүйн судлалд дээрх шиг асар зоригтой дүгнэлтүүд элбэг байгаа нь залуу сэтгүүлчдийг “Ярилцлага бол хамгийн амархан зүйл” гэж шууд ойлгоход хүргэнэ гэж үзжээ.
Тэгээд ярилцлага мэтийн “амар хялбар” бичлэгээр бусад бичлэгийн төрөл нийлэгжиж, сэтгүүл зүйн нарийн түвэгтэй бичлэг хялбарчлагдаж байна гэсэн санаа урган гарна. Энэ бүхэнтэй огт санал нийлэхгүй.
Нийлэхгүй байгаагийн учир нь сэтгүүл зүйн бичлэгүүд хялбарчлагдаж бус харин интеграцлагдаж байна гэж үзсэн байна.

НИЙТЛЭЛИЙН ГАРЧИГ ЭХ БИЧВЭРИЙН АГУУЛГАТАЙ ЗӨРЧИЛДЖЭЭ
Д.ДАГИЙМАА (ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч):
Манай ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Улаанбаатар хот дотроо л эргэлддэг бол “Өдрийн сонин”-д газар нутгийн хувьд хязгаар байдаггүй.
Тэгээд ч байгаль хамгаалах үйлсийг хөхиүлэн дэмждэг учир уншигчдын мэдээллийн мөрөөр сэтгүүлч Э.Хүрэлбаатар Хэнтий, Сүхбаатар аймгийн бүх сум, Дорнодын баруун зүгийн сумдаар явж, энэхүү сурвалжлагыг бичжээ.
Томилолт бүхний цаана асуудал бий. Үүнийг шийдэх, эс шийдэхийг сэтгүүлчийн ур чадвар мэддэг хэмээн эл илтгэлд дурджээ.
Долоо дахь удаагийн БАЛДОРЖ шагналтан Э.Хүрэлбаатарын нийтлэлд бичсэн шүүмжид сайшаалтай, магтууштай онцлогийг нь тодруулан эндүү ташаа, хэт нэг талыг баримталсан хэсгүүдэд ялган тэмдэглэснээ энэ өдөр Д.Дагиймаа багш танилцуулав.
...“Сэтгүүлч хэтэрхий нэг талыг барьж, зүүн гурван аймгийн иргэд бүгд зээр хөнөөхийг хүсдэг мэтээр өгүүлсэн нь мэдээллийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ.
Сэтгүүлчид нэрээ нууцлан мэдээлэл өгсөн Дарьганга сумын малчинтай адил үзэл бодолтой, зээрийн сүргийг өмгөөлөх чинхүү хүсэлтэй хүн ч бас цөөнгүй байж болохыг бодоогүй мэт санагдлаа” хэмээн илтгэлдээ дурдав.
Нийтлэлийн гарчиг эх бичвэрийн агуулгатай зөрчилдсөн логик алдаатай байгааг мөн эх бичвэрээс жишээлэн хүргэв.
“Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын “жийп” уначихсан явж байв.
Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав” гэх маягийн баримт хэд хэд бий ч нийтлэлээ “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” хэмээн гарчигласан байна гэлээ.
ТАНЫ МЭДЭХГҮЙ БИДНИЙ АЛДАА БУЮУ
ТАСЛАЛААС ҮГ СОНГОЛТ ХҮРТЭЛ
Ж.БАЯНСАН (МУИС-ийн профессор):
БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр шалгарсан нийтлэлүүд бол мэдээлэл хүртээх, мэдлэг боловсролыг тэтгэн дэмжих, танин мэдүүлэх өгөөж, ач холбогдол нь асар чухал болохын зэрэгцээ Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвжлийн уламжлал шинэчлэлийн төлөв байдлыг таньж мэдэх, бичлэгийн төрөл, мэдээллийн үнэ цэнэ, зохиомж, хэл найруулгын онцлогийг нь нягтлан судлах нь хэл бичгийн мэргэжил, ялангуяа сэтгүүл зүйн мэргэжлийн оюутан, суралцагч нарын бичиж туурвихдаа үлгэрлэн дуурайх, бичиж найруулах туршлага мэдлэгтэй болж, арга дадал эзэмших, улмаар бусдын зохиож найруулсан бүтээлийг агуулга, зохиомж, хэл найруулгын онцлогийг нь нарийвчлан шинжилж, зохих гаргалгаа, дүгнэлт хийж сурахад нь их тустай зүйл болох юм хэмээн илтгэлээ эхлүүлээд аливаа бичвэрт цэг, таслал зэрэг бичгийн тусгай тэмдгүүдийг зохих газар нь хэрэглэхгүй бол эсвэл утга хоёрдох, үгүй бол утга санаа бүрхэг, бүдэг болох, сунжирч залхаах зэрэг гэм гардгийг анхаарахыг санууллаа.
Тухайлбал “Бид ингэж л эмчилгээ сайн ч орчин нь аймшгийн заваан хүний газар байгаа бүхнээ сэгсрэн вагон вагоноор очин зовж байна (Б.Ган., х.41).
Энэ өгүүлбэрт таслалыг нь байх ёстой газар нь нөхөн сийрүүлбэл “Бид ингэж л, эмчилгээ сайн ч, орчин нь аймшгийн заваан, хүний газар, байгаа бүхнээ сэгсрэн вагон вагоноор очин зовж байна” гэх учиртай.
Монголоор найруулахад тодотгож байгаа үг, хэллэг нь тодотгуулах үгийнхээ өмнө нь ордог хэл зүйн хууль байдаг. Үүнийг зөрчвөл уг илэрхийллийн санаа гаждаг.
Үүнд холбогдуулж нэг жишээ үзье. “...бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр... “(Б.Одон., х.241) гэжээ.
Байрлал зөрчсөнөөс “буурал үс нь ямар нэг юмыг шөвөгдөн харж буй” мэт, хэл зүйн алдаатай болсон энэ өгүүлбэрийг “үс нь салхинд хийсэж, хурц ширүүн харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй өвгөн дайчин” гэвэл арай дээрдэнэ гэлээ.
“Зөв, сайхан найруулахад зайлшгүй анхаарах нэг зүйл бол өгүүлж буй зүйлийнхээ доторх үг хэллэгийг оновчтой, зөв сонгож илэрхийлэх явдал юм. Ялангуяа ойролцоо утгатай үг хэллэгээс тухайн өгүүлэмжид яг тохирохыг авч хэрэглэх, эсэхээс найруулгын өнгө аяс хамаарна” хэмээн тэрбээр илтгэлдээ бичсэн байлаа.
Түүнчлэн илтгэлдээ сүүлийн 20 гаруй жилийн турш мэдээллийн хэрэгслээр нэвтэрч буй, бичиж нийтэлж буй зүйлийн дотор “Алаагүй баавгайн арьс худалдах”, “Ахилийн өсгий”, Нууц ноёнтон”, “Хөшигний цаана”, “Матрын нулимс унагах” гэх мэт их төлөв англи соёл-хэлтний дунд түгсэн хэллэгүүдийг хуулбарлан хэрэглэх дуртай болсныг онцлоод ийм үзэгдлийн цаад нэг сэжүүр нь даяаршиж буй үйл явцаас үүдэж тархдаг, “Identification” буюу муушаангуй, ёжилсхийж хэлбэл, “даган баясах, даган дуурайх, аялдан дагалдах”, “тал татаж зиндаархах” ч гэмээр, саймширч хэлбэл, “ханьсаж өөриймсөх”, “нэгдэж нийтших” сэдэл өдлөг, сэтгэхүй-сэтгэлгээний илрэл баримт юм гэлээ.
Энэ мэт хариас ирэлтэй үг хэллэгүүдийн унаган утга соёлыг нь зөв тайлж, өгүүлж байгаа зүйлдээ зөв оноон хэрэглэж байвал буруушааж зэмлэхгүйг ч хэлсэн.

ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ЭРХЛЭГЧДИЙН НИЙГМИЙН
ТӨЛӨӨХ ХАРИУЦЛАГА, УХАМСАР, САНАЛ САНААЧИЛГА ЧУХАЛ
Ю.ЭРДЭНЭТУЯА (Доктор, профессор)
Мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж, өргөн нэвтрүүлгийн сүлжээ өргөжин тэлж, телевиз үзэгчдийн хэв шинж хийгээд телевизийн нийгмийн үүрэг, функц хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд үзэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн “сайн бүтээл” туурвих, хөтөлбөрт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зах зээлийн өрсөлдөөнд телевизийн чансааг тодорхойлогч хүчин зүйлийн нэг болж буй.
Иймд БАЛДОРЖ шагналт шилдэг бүтээлийн жишгээр Монголын телевизийн хөгжлийн өнөөгийн дүр төрхийг үнэлэн дүгнэж, цаашид анхаарах асуудлыг хөндөхийг доктор, профессор Ю.Эрдэнэтуяа зорьжээ.
Тэрбээр илтгэлдээ орчин үед телевиз технологийн хувьд ч, бүтэц тогтолцооны хувьд ч, хөтөлбөрийн бодлого, чиглэл, нэвтрүүлгийн төрөл зүйлийн хувьд ч шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна.
Хэт олон телевиз зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдгээрийн бодит өрсөлдөөнтөдий л байхгүй, программын давхардал ихтэй, сонирхол, үр өгөөж муутай нэвтрүүлгүүд, албан тушаалтны тайлан голлосон урт сунжруу, уйтгартай яриа, ярилцлага болон гадаадын олон ангит кино, орчуулгын нэвтрүүлэг, үр ашиггүй, зар сурталчилгаагаар эфирийн ихэнх цагаа бөглөж буйг шүүмжлээд телевизийн сувгууд хөтөлбөртөө бодлогын өөрчлөлт хийж, үндэсний агуулга, хэв шинжээ хадгалсан өнгө төрхтэй болох, үзэгчдийн хүсэн хүлээдэг, чансаа өндөртэй нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлага улам илүү тулгарч байгаа тухай ярилаа.