Эмнэлгүүдэд ер нь ажилладаг тоног төхөөрөмж байна уу. Өчнөөн өвчнийг оношилж, эмчлэх хүчин чадалтай машинуудынхаа эм, урвалж бодисыг төрөөс хангаж өгөхгүй байсаар “амьд үхдэл” болгочихдог.
Үүргээ алдаг оног гүйцэтгэж байсан хэдийнх нь ашиглах хугацаа дууссан, эсвэл янз бүрийн шалтгаанаас болоод эвдэрчихсэн.
Ийм 1100 гаруй техник өдгөө улсын эмнэлгүүдийн агуулахад төмрийн сэг болон хэвтэж байхад холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд нь инженер, техникчдээ өмөөрч суух нь юу гээч эмгэнэл вэ.
Уг нь эрүүл мэндийн салбарт үүргээ гүйцэтгэж буй нийт аппарат хэрэгслийн 70 орчим хувь нь 2000 оноос хойш ашиглалтад орсон байна.
Тэгэхээр эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд улс нэлээд хөрөнгө, хүч зарсан харагдана. Гэвч байгаагаа ашигладаггүй, “балгас” болсныгоо засчихаж чаддаггүй. Ийм байхад иргэд эмнэлгээ голох нь арга ч үгүй биз гэсэн бодол эрхгүй төрөв.
Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдээ эм, хэрэгслээр нь хангаж чадахгүйгээс улсын эмнэлгүүдэд “үхмэл хөрөнгө” бий болсныг өмнө нь бид “Эрүүл тоног төхөөрөмж эмнэлэгт үхэж байна”, эвдэрснийг нь засах инженер, техникчгүйгээс улсын бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад төмрийн сэг овоорох болсныг “Эмнэлгийн 1100 гаруй тоног төхөөрөмж хаягдах нь” нийтлэлээрээ хөндсөн.
Харин энэ удаа эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтэд гарсан гэмтэл, зарим дагалдах хэрэгслийг нь дутааснаас ажиллахгүй байгаа машинуудыг сураглалаа.
Үндэсний аудитын газар 2014 оны зургадугаар сард гаргасан тайландаа эрүүл мэндийн салбар нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй явж ирснээс хөрөнгө оруулалтыг хэрхэн үнэгүйдүүлж буйг тодотгожээ.
Шинээр нийлүүлж буй тоног төхөөрөмжүүд чанарын шаардлага хангадаггүй, амархан эвдэрдэг, эсвэл анхнаасаа эвдэрхий ирдэг болохыг уг судалгаагаар илрүүлжээ. Түүнчлэн ханган нийлүүлэгч компаниуд дагалдах хэрэгслийг нь дутаадаг байна.
Бүртгэл мэдээллийн нэгдсэн систем, судалгаа байхгүй учраас хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй, ашиглалтгүй “эмч” машинууд бүх шатлалын эмнэлэгт нэлээд буй. Тухайлбал, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 2013 онд эх үүсвэр, үнэ нь тодорхойгүй, шүдний бор машин, рентген аппарат зэрэг нийт дөрвөн ширхэг төхөөрөмж ирсэн байна.
Хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй тул данс бүртгэлдээ аваагүй аж. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төв байрны агуулахад хэзээ, хаанаас ирсэн, ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй эмнэлгийн 12 хайрцаг хэрэгсэл байгаа бол Увс аймгийн Эрүүл мэндийн газарт ЭМЯ-наас нийлүүлсэн шээсний анализатор бас л тоосонд дарагдан хэвтэж байна.
Мөн тус яамнаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт тусламжаар өгсөн хоёр ширхэг вакум татагч төхөөрөмж ч хав дараастай байгаа аж. Хэнд, хэзээ хэрэглэх гэж ингэтлээ хадгалаад буй нь гайхмаар.
Түүнчлэн аймаг, орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлж буй тоног төхөөрөмжийг хүлээн авах, хяналт тавих механизм нь сул байгаагаас нарийн мэргэжлийн аппарат хэрэгсэл эзэнгүйджээ.
Мянганы сорилтын сан, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-III төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгүүдэд олгох ёстой тоног төхөөрөмжүүдээс 965.400, Бигэр суманд 175.200 мянган төгрөгийн аппарат хэрэгсэл алга болж, дутсан байна.
Тэгвэл ханган нийлүүлэгч компаниуд гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй, биелүүлж буй эсэхийг нь хянадаггүйгээс тоног төхөөрөмжөө бүрэн бүтэн тушаадаггүй, тээвэрлэх, суурилуулах явцдаа гэмтээсний улмаас хог болж буй машин олон байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймагт 2008-2011 онд нийлүүлсэн нийт 117.7 сая төгрөгийн “эмч роботуудыг” одоо болтол ашиглахгүй байгаа гэж Үндэсний аудитын газрынхан судалгаандаа дурджээ.
Эдгээрээс 3.4 сая төгрөгийн, нярайн дулаацуулагч аппарат, 28.1 сая төгрөгийн бусад тоног төхөөрөмж нь эмнэлэгт ирэхдээ л гэмтэлтэй байсан аж.
Мөн Баянхонгор аймагт 2009-2010 онд АХБ-ны дэмжлэгээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-II төслийн хүрээнд нийлүүлсэн 232.3 сая төгрөгийн үнэ бүхий рентген, флюрийн аппаратыг суурилуулах явцад мөн гэмтээснээс болоод ашиглаагүй удсан тул Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн актаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 167 дугаар тогтоолоор уг хөрөнгийг акталжээ.
Тэгвэл Говь-Алтай аймагт шинээр ирсэн болон баталгаат хугацаандаа ашиглах боломжгүй 8.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж байна.
Дорноговь аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн 163.5 сая төгрөгийн үнэтэй “Bellago-630” маркийн дижитал рентген аппаратын зураг угаах принтерийг дутуу өгснөөс зөвхөн харах зориулалтаар ашиглаж байгаа аж.
Дагалдаж ирсэн зураг угаагчийн хор нь ууршилт ихтэй, хурц үнэртэй тул байнга ашиглах боломжгүй юм байна.
Завхан аймагт улсын төсөв болон зээл, тусламжаар нийлүүлсэн 125.1 сая төгрөгийн аппарат хэрэгслээс Нян судлалын лабораторид өгсөн автомат колони тоологчийн иж бүрдэл дутуу, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд нийлүүлсэн ургийн бичлэгийн аппарат залгуургүй, хажуугийн гэрэлтүүлэгч нь хөл, тулгуур байхгүйгээс огт ашиглаагүй байна.
Тэгвэл Хэнтий аймагт нийлүүлсэн хялар тодорхойлох багажны иж бүрдлийн оронд нүдний шил хийх набор андуурч өгсөн, 6.5 сая төгрөгийн үнэтэй эдийн шинжилгээний аппаратны өнцөг нь таараагүйгээс буцаажээ.
Мөн “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих сан” төслийн хөрөнгөөр, тус бүр нь долоон сая төгрөгийн үнэтэй гурван ширхэг зөөврийн ЭХО аппарат чанарын шаардлага хангахгүйгээс өнөөг хүртэл ашиглаагүй, Увс аймагт Оношилгооны төв байгуулахад нийлүүлсэн шүдний дэлгэмэл, дижитал рентген аппарат хэвлэх төхөөрөмжгүй, туяаны хаялт, хүчдэлийн тохиргоо нь буруу, чихний сонсгол шалгах автоматын дрограммын диск нь дутуу, харааны талбай хэмжигч компьютер хэвлэх төхөөрөмжгүй, нүдний даралт хэмжигч нь зориулалтын суурьгүй, дурангууд нь шкафгүй, биохимийн анализатор нь цахилгаан баригчгүй, шээсний анализатор гэмтэлтэй, тархины судасны 26 доплеграфи хэвлэгчгүй байна.
Энэ мэтчлэн улсын бүх шатлалын эмнэлэгт хагас дутуу нийлүүлсэн техник хэрэгслүүдийг нэг бүрчлэн дурдвал сонины зай талбай хүрэлцэхгүй нь бололтой.
Ямар ч хяналтгүй, нэгдсэн бодлого, чиглэлгүйгээр төрөл бүрийн эх үүсвэрээс тоног төхөөрөмж нийлүүлэх гэж улайрснаас болж өнөөдөр ийм эмгэнэлд хүрчээ.
Нэгэнт өнгөрсөн гээд хаячих асуудал уу, энэ. Татвар төлөгч бидний мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулсан ялыг хэн нэгнээс асуух ёстой байлтай.
Эмнэлгүүдэд “эмч” машин нийлүүлдэг компаниудыг 2013 оноос өмнө хянаж, хариуцлага тооцдоггүй байсан учраас тэд ингэж жаалах нь ч аргагүй байж.
Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг ЭМСЯ олгодог. Тэд жилд дунджаар 20 орчим компанид ийм зөвшөөрөл өгч буй гэнэ.
2002 оноос хойш 40 гаруй байгууллага эрүүл мэндийн салбарын техник хэрэгсэл нийлүүлж иржээ.
Тэд өчнөөн зуун сая, тэрбум төгрөгөөр аппарат хэрэгсэл оруулж ирэх үүрэг хүлээсэн хэрнээ хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь ч тодорхойгүй, эвдэрхий, элэрсэн баларсан үеийн багаж хэрэгсэл нийлүүлж, төсвийн мөнгийг хүссэнээрээ “зооглож” байхад энэ олон жил хайхраагүй өнгөрсөнд итгэхэд бэрх.
Энэ хооронд нь засаг төр ч хэдэнтээ солигдож, тэднийг хэдийнэ мартаа байлгүй.
ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Сансармаагаас зарим зүйл тодруулахад “2013 оноос өмнө эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хүлээн авах комисс гэж байсан.
Тэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн техник хэрэгслийг даргынхаа тушаалын дагуу хүлээн авдаг байлаа.
Харин 2014 оноос Эрүүл мэндийн яам тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсэг байгуулж, төсвийн хөрөнгөөр нийлүүлж буй техник аппаратуудыг ашиглалтад оруулахаас өмнө танилцан, гэрээг хэр хэрэгжүүлж буйг шалгаж, урьдчилсан дүгнэлт гаргадаг болсон.
Угсарч суурилуулсных нь дараа хэвийн үйл ажиллагааг нь давхар шалган хүлээж авч байгаа гэсэн үг. Энэ оноос дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан, улсын төсөв болон хандив, зээл тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэж буй эмнэлгийн тоног төхөөрөмжид хяналт тавьж байна.
Ингэх явцад дагалдах хэрэгсэл дутуу, тоног төхөөрөмжийн гарал үүсэл гэрээнд зааснаас өөр, иж бүрдэл зөрүүтэй байх зэрэг зөрчил илэрвэл тухайн ханган нийлүүлэгч болон бусад холбогдох байгууллагад хандаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Энэ онд яамныхан 16 багц 40 ажлын гэрээг шалгаж, урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Ингэснээр ханган нийлүүлэгчид техник хэрэгсэл дутуу нийлүүлбэл мөнгөө авахгүй, гэрээгээ бүрэн биелүүлсний дараа гүйцэтгэлээ авдаг жишигт шилжсэн гэсэн үг. Үүний дүнд энэ онд гэрээгээ буцаасан аж ахуйн нэгж гарсангүй.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2014 оны 357 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд Мэдээлэл технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба шинээр байгуулсан. Тэд нийслэл болон орон нутаг, сум, сум дундын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжид судалгаа хийсэн.
Мөн нярайн эрчимт эмчилгээ, өндөр өртөгтэй, дэвшилт тоног төхөөрөмжүүдийг судаллаа. Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, гэмтэлтэй тоног төхөөрөмжийн тоог ч гаргасан.
Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний талаарх баримтлах бодлогоо тодорхойлж, АШУҮИС-д инженер, техникийн ажилтан бэлтгэх түргэвчилсэн сургалт явуулах боломж бүрдэж, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, ашиглалтыг сайжруулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгад зайлшгүй шаардлагатай 12 нэр төрлийн аппарат төхөөрөмжийг 2014 оны улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлсэн. 2015 оны зургадугаар сард сайдын 249 дүгээр тушаалаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт, тохируулга хийх журам” батлуулсан.
Засвар, үйлчилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан албан бичгийн дагуу Сэлэнгэ, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, ЦССҮТ зэрэг эрүүл мэндийн найман байгууллагын аппарат, тоног төхөөрөмжийг засаж, хэвийн ажиллагаанд оруулаад байна” гэж ярив.
Тэдний хийж хэрэгжүүлж буй ажлыг үгүйсгэхгүй ч хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. Өмнө нь алдаа гаргаж, хариуцлага алдсан ханган нийлүүлэгчдийг хэрхэх нь бас л тодорхойгүй үлдэж байх.
О.БАТ-УНДРАХ