Манай орон байгалийн унаган төрх, нүүдэлчдийн соёл, зочломтгой зангаараа жуулчдыг татдаг гэлцэх нь бий. Хүн ам цөөтэй ч хараа бэлчээм уудам нутагтайд минь атаархах улс цөөнгүй.
Энэхүү үзэсгэлэнт байгалиа зөв зохистой ашиглан жуулчдыг татаж, мөнгөний урсгалыг эх орондоо чиглүүлэх боломж бидэнд байна уу. Манай улсын 87 газрыг хамарсан 99 байршилд 27.2 сая га талбай бүхий улсын тусгай хамгаалалттай газар бий. Энэ нь манай орны нийт газар нутгийн 17.39 хувийг эзэлж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дөрөв ангилдаг ба дархан цаазат газар 14, байгалийн цогцолборт газар 29, байгалийн нөөц газар 30, дурсгалт газар 14 байдаг аж.
Эдгээр газарт “Улаан ном”-д багтсан нэн ховор ан амьтад, ургамал, эртний тахилгат уул хайрхнууд багтдаг. Тус газруудыг хамгаалалтын 33 захиргаа хариуцан хамгаалж буй.
Уг газруудыг Зүүн Ази, Европ зэрэг аялал жуулчлал хөгжсөн бусад орон шиг болгоход хууль эрх зүйн орчин бүрдээгүй, эдийн засгийн хүндрэл зэрэг тээг учирч бодит ажил бололгүй өдий хүрчээ.
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбат “Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд тухайн газрын нөөц, даацын судалгаа зайлшгүй шаардлагатай.
Манай оронд Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Хөгнө тарна, Говь гурван сайхан, Хангайн нуруу зэрэгт аялал жуулчлал түлхүү хөгжиж буй тул тэдгээр газарт жуулчны бааз, аялагчдын тоо хэд байвал байгаль орчиндоо сөрөг нөлөөгүй байхыг судлахаар зорьж байна.
Туршилт болгож, Их нартад судалгаа хийхэд өдөрт 35 хүртэлх аялагч зорчих боломжтой юм билээ.Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-т аялал жуулчлал хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулах тухай тусгадаг ч төсвөөс шалтгаалан бодит ажил болохгүй удаашрах, цуцлагдах тохиолдол ч гардаг.
Жишээлбэл, Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон. Гэвч төсөв хүрэлцээгүйн улмаас хэрэгжүүлж чадахгүй байна.
Үүнийг бид хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Азийн хөгжлийн банкны төслийнхөн болон Өмнөговь аймгийн Засаг даргад хандаж, бичиг явуулсан.
Хэрвээ санхүүжилт шийдэгдээд бодит ажил болбол аялал жуулчлал хөгжиж байгаа Орхоны хөндий, Хангайн нуруу зэрэг бусад ТХГН-т баримтлах жишиг хөтөлбөр болох юм” гэлээ.
“Монголын эдийн засаг зөвхөн уул уурхай дээр төвлөрч болохгүй. Монголд аялал жуулчлал зайлшгүй хөгжүүлэх ёстой. Эхлээд аялал жуулчлалын тухай хууль, дүрмээ тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлдэг болмоор байна.
Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг ТХГН-т эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй шилээ дарсан жуулчны бааз бий болчихлоо. Тэнд аялал жуулчлалын компаниуд болон хувь хүн ч бааз байгуулчихдаг. Үүнийг цэгцэлмээр байна.
Мөн ТХГН гэчихээд гольфын талбай ч юм уу, том том зочид буудал барьчихдаг. Ийм зүйл байж боломгүй санагддаг. Жуулчдад ТХГН гээд үзүүлж, харуулахад нүүр улаймаар байдаг” гэж “Цолмон трэвел” ХХК-ийн захирал М.Навчаа хэлэв.
33 захиргаанаас Их нарт болон Хар ямаатын байгалийн нөөц газар, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа төрийн бус байгууллага учир улсаас санхүүжилт авдаггүй байна.
Эдгээр газар аялал жуулчлал болон бусад үйл ажиллагаанаас санхүүжилтээ олдог аж. Гэвч тус гурваас Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа жигдэрсэн ажээ.
Хустайн байгалийн цогцолборт газрын дарга Ц.Дашпүрэв “Одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд төрийн бус байгууллага, ТХГН-ийн хамгаалалтын захиргааг хариуцах заалт байдаггүй ч тахь сэргээн нутагшуулах ажлыг төрийн бус байгууллагууд эхлүүлсэн тул тухайн үеийн Байгаль орчны яам, УИХ-аас биднийг энэ ажлаа үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн.
Ингээд 1997 онд байгалийн цогцолборт газар болсны дараа Засгийн газрын тогтоол гарч, төрийн бус байгууллага албан ёсоор хариуцах болсон түүхтэй. Өмнө нь таван жилээр гэрээ байгуулж байсан.
Харин ноднин биднийг гэрээний үүргээ сайн биелүүлж байна гэж үзээд 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Шинэчлэгдэх хуульд энэ төрлийн заалтыг тусгана гэж байсан. Хариуцлагатай хувийн хэвшлийнхэнтэй төр хамтарч ажиллаж, аялал жуулчлал хөгжүүлэхийн зэрэгцээ байгалиа ч сайн хамгаалуулах хэрэгтэй.
Гэхдээ ганц хувийн хэвшилд бүхнийг үүрүүлбэл өрөөсгөл болно. Тиймээс заавал гадаад гэхгүй улсынхаа томоохон компаниудтай хамтарч ажиллах ч боломж бүрдүүлвэл зүгээр байх. Манайх байгуулагдаад бараг 25 жил боллоо.
Аялал жуулчлалын бүс болгоход олон жилийн хөдөлмөр орсон. 1992 онд тахь сэргээн нутагшуулах ажилд Голландын тал ихээхэн тусалж, дөрвөн ч төсөл хэрэгжүүлсэн.
Тэдний Засгийн газрын буцалтгүй тусламжаар дэд бүтцээ нэлээд хөгжүүлж байлаа. Мөн Монголын байгаль орчныг хамгаалах холбооны хөрөнгөөр эрчим хүчний шугам татсан. 2000 он гэхэд манайх орчин үеийн стандартад нийцсэн жуулчны баазтай болсон юм.
Бид тахь нутагшуулж эхэлснээс хойш улсаас нэг ч удаа төсөв аваагүй. Мөн байнга төсөл, хөтөлбөрөөр санхүүжнэ гэж байхгүй. Одоо бид санхүүгийн ихэнх хувиа аялал жуулчлалаас олж байна” гэв.
Эднийд жилд 10 мянга орчим гадаад, 6-7 мянган дотоодын жуулчид ирдэг аж. Олонх нь өдрөөр ирж тахь, буга хараад буцдаг бол 40 орчим хувь нь баазад хонодог гэнэ. Жилд нэг тэрбум орчим төгрөгийн орлоготой бөгөөд 80 орчим хувийг нь аялал жуулчлалаас олдог юм байна.
Энэ жишгээр бусад газрын ч үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага гарч байна.
Хамгаалалтын захиргаадад ийм эрх төсөлд олгочихвол тухайн байгууллагууд гадаад, дотоод харилцаагаа өргөжүүлж, зөвхөн улсаас төсөв горьдоод суухгүй, үйл ажиллагаа нь чөлөөт зах зээлд шилжиж, мөнгөний урсгалыг өөртөө татах боломж нээгдэнэ.
Мөн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбат “Тусгай хамгаалалттай газрын санхүүжилт улсын болон орон нутгийн төсөв, аялал жуулчлалын орлогоос бүрдэнэ гэж заасан.
Гэвч хамгаалалтын захиргаад нь төсвийн байгууллага учир аялал жуулчлал болон бусад үйл ажиллагааны орлогоо гүйлгээнд оруулж, зарцуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй.
Тухайлбал, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын нэвтрэх хураамж, майхан барих зөвшөөрлийн төлбөрөөс олсон 17 гаруй сая төгрөг цугларсан. Гэвч Орчны бүсийн санд нь төвлөрсөн “үхмэл” хөрөнгө л болж байна.
Тиймээс бид 2012 оноос хойш ТХГН-ийн хуулийг шинэчлэх ажил зохион байгуулж, хэлэлцүүлж байгаа. Уг хуулийн шинэчилсэн төсөлд ТХГН-ийн санхүүжилт гэсэн бүлэг бий.
Тус бүлэгт хамгаалалтын захиргаад аж ахуйн болон аялал жуулчлалаас олсон хөрөнгөө хэрхэн зарцуулах тухай тусгаж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах санал бэлдсэн.
Хэрвээ хууль батлагдвал хамгаалалтын захиргаадын цалин гаас бусад хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажил, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гарах зардал, маршрутын дагуу тохижилт хийх зэрэг улсын төсөвт учирч буй дарамтыг шийдвэрлэх боломжтой.
Хамгаалалтын захиргаадын гурав нь төрийн бус байгууллага учир хуулийн дагуу орлогоо зарцуулах бүрэн эрхтэй. Улсын төсвийн дарамтыг багасгахын тулд хамгаалалтын зарим захиргааг хувийн хэвшлийнхэнд хариуцуулж байгаагаас Их нарт болон Хар ямаатын байгалийн нөөц газар орж буй.
Хоёр жилийн өмнө л гэрээ хийсэн. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар өгч болохгүй газар ч бий. Үүнд, Монголын цэнгэг усны 70 гаруй хувийг эзэлдэг Хөвсгөл нуур болон Хан Хэнтий, Улаан тайга зэрэг ойн сан бүхий газар ордог” гэлээ.
Манай орныг зорин ирэх жуулчид жилээс жилд нэмэгдэж буй аж. Харин бид жуулчдад ээлтэй, байгальд ивээлтэй, улсад ашигтай байх аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд хуульдаа анхаарахын зэрэгцээ дэд бүтцээ сайжруулах хэрэгтэйг холбогдох газрын хүмүүс онцолсон юм.
Э.НАМУУН