Афганистаны өмнө зүгийн Гильменд мужийн нэгэн тосгонд өнгөрсөн долоо хоногт тавиад хүн пуужингийн суманд өртөж амь үрэгдсэн тухай өчигдөр тус улсын эрх баригчдын төлөөлөгч мэдээллээ. Олон улсын эвслийн хүчнийхэн талибуудтай мөргөлдөх үеэрээ пуужин харважээ.
Германы Батлан хамгаалахын сайд Карл-Теодор Гүттенберг Афганистан дахь ажиллагааны талаар илүү ил тод мэдээлж байх шаардлагатай гэж мэдэгдэв. “Wikileaks” интернэт сайтад Афганд НАТО-гийн хүчний зүгээс талибуудын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны явцад энгийн хүмүүс амь үрэгдэж буй тухай 90 гаруй мянган нууц материал тавигдсаны маргааш нь тэрбээр ийм мэдэгдэл хийсэн аж.