“BHP Billiton” компанийнхан нүүрсний үнэ ойрын таван жилд сэргэхгүй гэсэн таамаг гаргаснаа танилцуулжээ. Энэ зах зээлийн ирээдүйг олон улсын шинжээчид өөрсдийнхөөрөө “зөгнөж” буй ч дийлэнх нь ойрын үед л лав гэрэл гэгээ олж харахгүй байгаа бололтой.
Зарим шинжээч энэ онд үнэ өсөхгүй бөгөөд харин ч үүнээс илүү хямдрах төлөвтэй гэж таамаглаж буй юм. Хар алтны үнэ хоёрхон жилийн өмнө 50-60 ам.доллар байсан бол одоо үнэ цэнэ нь унасаар 30 ам.доллараас ч доошилжээ. Үнийн уналтын шуурганд дотоодын компаниуд том, жижиггүй өртөж байна.
Тэртэй тэргүй үйл ажиллагаа нь доголдчихсон байхад үнэ дахин унавал бүрэн зогсохоос өөр аргагүй гэж нүүрс олборлогчид учирлаж буй юм. Манай улс өнгөрсөн онд 14.4 сая тн нүүрс экспортолсон нь өмнөх жилээсээ таван сая буюу 25 орчим хувиар буурсан үзүүлэлт аж.
Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” 4.2, МАК гурав, орон нутгийн “Тавантолгой” компани сая орчим тн-ыг гаргажээ. Харин шинээр “Өсөх зоос” компани 2.7 сая тн-ыг экспортолсон нь “Эрдэнэс Тавантолгой”, МАК компанийн дараа гуравт орох дүн аж.
Зах зээл муудаж компаниуд үйл ажиллагаагаа хумьж байгаа энэ үед олборлолт өссөн нь онцлууштай үзүүлэлт юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайтын нүүрсний сав газарт “Саус гоби сэндс”, “Чинхуа МАК Нарийнсухайт, МАК, “Өсөх зоос” гэсэн дөрвөн компани долоон уурхайд үйл ажиллагаа явуулж буйгаас дийлэнх нь ажлаа зогсоожээ.
Харин “Өсөх зоос” компанийн хувьд тооцоо, судалгаа хийсний дүнд олборлолтоо үргэлжлүүлж байгаа гэнэ. Мөн Цогтцэций сум дахь Тавантолгойн бүлэг ордыг ашиглаж буй компаниудын хувьд ч байдал хүндхэн байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани энэ сарын 5-наас ирэх сарын 15 хүртэл ажилчдынхаа 70 хувийг амраасан бөгөөд олборлолт болон экспорт хийгээгүй байгаа аж. Энэ нь БНХАУ-ын Цагаан сарын баяр дөхөж байгаа болон хятадууд нүүрс худалдаж авах нь багассантай холбоотой гэнэ.
Харин тус компани говийн бүсийн Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгийн зарим суманд нүүрсээ нийлүүлж буй юм байна. Мөн энэ ордыг ашиглаж буй “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд ч үйл ажиллагаагаа хумьж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд “Чалко” компаниас авсан зээлээ барагдуулахаар олборлосон нүүрснийхээ дийлэнхийг гаргаж байгаа аж.
“Өсөх зоос” компанийн геологи, уул уурхай эрхэлсэн захирал Д.Баясгалан “Манай уурхайн өрөмдлөг, тэсэлгээ, олборлолтын ажлыг үндэсний компаниуд хийж байгаа. Нийт 410 ажилчинтай. Ингээд бодохоор 2000 гаруй хүний амьдрал ахуйг залгуулж буй юм.
Нүүрсний үнэ тн нь 20 орчим ам.доллар болтлоо хямдарсан учраас бидний ашиг, орлого багассан.
Гэхдээ ийм үед ажлаа зогсоож болохгүй. Тиймээс бүсээ чангалж уурхайгаа ажиллуулсаар байна. Харин үнэ нь дахин хямдарвал ажлаа зогсохоос аргагүй” гэлээ.
Нүүрсний зах зээлийн алтан үе буюу 2011 онд тус ашигт малтмалын орлого нийт экспортын талыг, төсвийн орлогын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байв. Энэ үед нүүрсний экспортоос 2.2 тэрбум ам.долларын орлого олж байсан юм.
Харин одоо хуучны юм ул болж, өнгөрсөн оны байдлаар экспортын ердөө 10 гаруйхан хувийг бүрдүүлсэн бөгөөд мөнгөн дүнгээр 2011 оны үеэс 4-5 дахин буурчээ. Энэ хэрээр төсөв дундарч, нүүрс олборлогч компаниудын ашиг орлого, уурхайчдын цалин ч багассан.
Өнгөрсөн оны байдлаар нүүрсний компаниудын төлсөн татвар төсвийн орлогын дөрөв орчим хувийг бүрдүүлж байна. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны татвараас гадна агаарын бохирдлын төлбөр, гаалийн хураамж багтдаг. Зах зээл сайн байх үед компаниуд татвар, хураамжаа асуудалгүй төлдөг байсан бол одоо тэрбум тэрбумаар тоологдох өртэй компаниуд ч байгаа юм.
Д.Баясгалан “Бид татвараа төлнө. Харин ашиг орлого тааруу үед элдэв хураамж, төлбөрийн хэмжээг бууруулж, зохицуулалт хийж өгөөч гэдэг санал хүсэлтээ салбарын яам, агентлагт хүргүүлж байсан.
Харамсалтай нь нааштай үр дүн гараагүй. Экспортолсон болон олборлосон нүүрснээс татвараас гадна элдэв хураамж, төлбөр авч буй нь зах зээл муудсан үед дарамт болж байна” хэмээн ярив.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд олборлосон түүхий нүүрсэнд төлбөр ногдуулахаар заасан байдаг. Гэхдээ эрчим хүчний нүүрсэнд энэ нь хамаарахгүй. Харин олборлосон коксжих нүүрсний тн тутамд 1000 төгрөг ногдуулж буй.
Үүн дээр нэмээд гаалийн бүрдүүлэлтийн хураамж гэж экспортын тн нүүрс тутамд 1500 төгрөг ногдуулдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд өнгөрсөн онд дөрвөн сая тн нүүрс олборлож, 4.2 саяыг нь экспортолсон. Ингээд бодвол агаарын бохирдлын төлбөр, гаалийн бүрдүүлэлтийн хураамж гээд олон тэрбумыг төлдөг аж.
Харин Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газартай хэлэлцэж гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг 1500-гаас 500 төгрөг болгон бууруулах, Уул уурхайн яам агаарын бохирдлын төлбөрийг тэглэх санал гаргаж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт саяхан хүргүүлээд байгаа гэнэ.
Энэ асуудлыг ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой. Хэрвээ Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг дэмжвэл дотоодын компаниуд том ачаанаасаа салах нь.
Уг хураамж болон төлбөрийн хэмжээг бууруулах талаар уул уурхайн компаниуд өмнө нь салбарын яамандаа олон удаа хүсэлт гаргаж байсан юм. Уул уурхайн үндэсний ассоциацынхан гаалийн бүрдүүлэлтийн хураамж нэрээр тн тутамд 1500 төгрөг авч буй нь хууль бус гэж үзэж, өнгөрсөн онд шүүхэд хандсан боловч гурван шатны шүүх хурлын дүнд ялагдсан.
Тэгвэл төр одоо нүүрсний салбар дахь бодлогоо эргэн харж, дотоодын компаниудаа дэмжиж эхлэх нь. Харин улс төрийн хүрээнд Засгийн газрыг огцруулах акц өрнөж буй нь үүнийг хойшлуулж магадгүй юм.
Уул уурхайг ажиллах хүч бага шингээдэг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэх зэргээр элдвээр гоочилдог ч манай эдийн засгийн гол тулгуур нь хэвээрээ л байгаа. Мөн дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй манай оронд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх гол суваг нь ч ашигт малтмалын экспорт.
Олон оронд экспорт хийж гадаад валют олж ирдэг аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг нь хөнгөлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадын түншүүдтэй нь холбож өгөх гэх мэт бодлогоор дэмждэг.
Манайд ч гэсэн ийм дэмжлэг бий. Тухайлбал, валютын нөөцөө зузаатган, Төвбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд АМНАТ-ын хувийг 2.5 болгон бууруулсан. Мөн алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярьж байгаа.
Цаг сайхан байхад нүүрсний экспортын өсөлтөөс олон монгол хүн өгөөж хүртсэн. Харин одоо зах зээлийн уналтын үед нь нүүрс олборлогчдыг дэмжсэн бодлого хэрэгтэй гэж эрдэс баялгийн эдийн засагчид үзэж байна.
Хятад улс импортын нүүрсэнд ногдуулах татвараа хоёр жилийн өмнө сэргээсэн. Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээтэй учир уг татвараас чөлөөлөгдсөн. Гэтэл манай Засгийн газар одоо хүртэл уг татварыг хөнгөлүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй байна.
Гэхдээ Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын ажлын хэсэг ирэх хоёрдугаар сарын эцсээр Хятадад ажиллах үеэрээ тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооныхонтой уулзаж энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээ байгаа боловч үр дүнд хүрэх, эсэх нь манай талын хичээл зүтгэлээс шалтгаалах нь дамжиггүй.
Үүнээс гадна өмнөд хөршийн импортлогчдын нүүрсний чанарт тавьж буй шаардлага жилээс жилд нарийсаж буй талаар экспортлогчид ярьж байна. Стандарт хэмжилзүйн газраас манай нүүрсний уурхайнуудад баримтлах стандартыг тогтоож өгсөн байдаг.
Үүнд хүхрийн агуулга нь 1.5 хувиас ихгүй байна гэж заасан. Гэтэл хятадууд нэг хувиас дээш хүхрийн агуулгатай бол авахгүй гээд гэдийчихдэг болжээ. Энэ мэтчлэн авах хүн гэдийж, өгөх хүн бөхийнө гэдэг шиг л юм болж байгаа аж.
Тиймээс нүүрсний чанар дээр хоёр орны Засгийн газрын түвшинд, үгүй юм гэхэд бүс нутгийн түвшинд нэгдсэн тохироонд хүрэх шаардлага бий гэнэ.
Мөн одоо АМНАТ-ыг нүүрсний жишиг үнээс тооцон авч байгаа. Энэ үнийг дэлхийн зах зээлийн болон Хятадын хилийн боомтуудын үнийг үндэслэн Сангийн яам, Уул уурхайн яам хамтран тооцдог.
Гэхдээ энэ нь компаниудын борлуулалтын үнээс дээгүүр байгаа юм. Тиймээс компаниуд өндөр татвар төлж буй. Энэ талаар ямар зохицуулалт хийх боломжтой талаар Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс тодруулахад “АМНАТ-ыг нүүрс импортлогч болон экспортлогчдын гэрээний үнэд үндэслэн тооцдог байхаар болж тогтоолын төсөл бэлдэж Засгийн газарт хүргүүлээд байгаа” гэлээ.
Ямартай ч нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудаа дэмжиж элдэв хураамж, татварыг нь хөнгөлөх саналаа салбарын яам, агентлагаас нь Засгийн газарт хүргүүлээд байгаа юм байна.
Н.САНЖААСҮРЭН