Өнөө жил хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1 вирус зонхилж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлэв. Шинэ оны эхэнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд 27 настай эмэгтэй хоёр ихэр хүүхэд төрүүлснийхээ дараа бие нь муудаж, өндөр халууран шээс нь хаагдсанаар А(H1N1) вирусийн халдвар авсан нь тодорхой болсон юм.
Эмч нар ээжийг нь аварч чадаагүй ч хоёр хүүхдийг нь эсэн мэнд авч үлдсэн. Уг вирус тахал хэлбэрээр тархвал маш хөнөөлтэй, долоо хоногийн дотор ганцхан улсын 18.000 хүнийг өвчлүүлж, 8000 орчмыг нь тэнгэр рүү “илгээсэн” (1918-1919 он, Англи, Валес) гашуун түүх бий.
Бие тавгүйрхэх, халуурах, толгой, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, булчингаар шархирах, суулгах, бөөлжих шинж тэмдгээр илэрдэг энэ өвчинтэй бид танилцаад удаж байгаа учраас салбарын мэргэжилтнүүд харьцангуй бэлтгэлтэй байна. Гэсэн ч өвчин хурдан хүндэрдэг тул амиа алдах эрсдэлтэй.
Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Манайд идэвхтэй дэгддэг үе нь 10-4 дүгээр сар. Энэ үеийг эмч нар “Томуугийн улирал” гэж нэрлэдэг.

Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдаг нь дотроо А, В, С хүрээнийх гэж хуваагддаг юм байна. Эдгээрээс А хүрээнийх нь -70 градуст идэвхтэй амьдрах чадвартай. Халдварлах чадвар нь 70-90 хувь аж.
Манайх эрс тэс уур амьсгалтай, өвөл маш их хүйтэрдэг учраас том, жижиггүй жилийн жилд л ханиад нусгайнаас сална гэж үгүй. ХӨСҮТ-ийн харьяа Томуугийн үндэсний төвийнхний хэлснээр улсын хэмжээнд жилд дунджаар 350 мянга гаруй хүн томуу, томуу төст өвчнөөр өвддөг гэнэ. Энэ бол маш их тоо юм.
Томуугийн идэвхтэй үед долоо хоногт 6000-9000 хүн өвдөх нь ч бий. Ханиад, томуу үүсгэгч вирусүүд хүйт нээр “хооллодог” тул биднээс салж хагацахгүй “найзалдаг”.
2014 онд томуутай хүн 450 мянгад хүрч байсан бол 2015, энэ жил тархалт харьцангуй бага байгааг Томуугийн үндэсний төвийн статистикаас харж болно.
Гэхдээ хүүхдүүдийн дунд өвчин хүндэрч, уушгины хатгаа болох эрсдэл өндөр байна. Өвчнөөс өөрийгөө болон хүүхдээ хамгаалах арга нь биеийн эсэргүүцлээ сайжруулах, амин дэмээр баялаг хоол унд байнга хэрэглэх, дас гал хөдөлгөөн идэвхтэй хийх, ажил, амралтаа зохицуулах явдал.
Өдгөө нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ор дүүрч, ачаалал нь хоёр хувиар нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна. Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас өвчлөмтгий байдаг.
Тиймээс л эмч нар “Хүүхдийнхээ дархлааг сайжруул” гэж байнга “үглэдэг” байх нь. Томуугаас урьдчилан сэргийлэх тарилга байдаг ч вакцин хийлгээд ханиад хүрэхгүй өвөлжчихдөг бол энэ олон зуун мянган хүн өвчлөхгүй байсан биз ээ.
Монголд өвөл болж байгаа цагт бид хэзээ ч томуугаас зугтаж чадахгүй. “Найзыгаа” ирэхийг дөхүүлээд хэн нэгэнд найдах бус, өөртөө л арчаатай байх хэрэгтэй юм шүү.
Жилд ханиад олон дахин тусдаг, эдгэрсэн ч төд удалгүй эргээд хүрчихдэг хүмүүс вакцин тариулж байх шаардлагатайг эмч нар зөвлөж байна.
О.БАТ-УНДРАХ
ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Ой хүрээгүй хүүхдүүд ханиад, томуу тусах нь элбэг байна
Хахир хүйтэн энэ өвөл нялх балчир байтугай нас биед хүрсэн томчууд ч ханиад, томуу тусаж, халуурч бүлээрэх явдал элбэг байна. Ялангуяа өнөө жилийн эрс хүйтнийг ч хэлэх үү.
Өнгөрсөн жилүүдийн өвөл хүмүүс бараг л хавар, намраараа явж байсан санагдана. Ид хүйтэн, дөрвөн ес шуудрах үед ханиад, томууны дэгдэлт хэр их, эмнэлэг зорих хүн хэчнээн байгааг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрөвдүгээр давхарт байрлах Хүүхдийн тасагт хоол, цай зөөсөн хүн олон байв. Тус эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 40 гаруй ажилтантай бөгөөд зургаан эмч, дөрвөн асрагчтай, үлдсэн нь сувилагч аж.

Энгийн 70, эрчимт эмчилгээний таван ортой юм байна. Энгийн ор бүгд эзэнтэй болж, эрчимтэд гурван хүүхэд эмчлүүлж байв. Чингэлтэй дүүрэгт 0-16 насны 45 мянга орчим хүүхэд байдаг ба энд эмчлүүлж буй хүүхдүүдийн 80 гаруй хувь нь нэг сартайгаас нэг хүртэлх насны багачууд байлаа.
Ээжийнхээ энгэрт наалдаж, өвчиндөө шаналах хүүхдүүд өр өвдөм харагдсан. Зарим нь эмчилгээ хийлгээд овоо цовоо цолгиун болж, аав ээжийнхээ гараас хөтлөн хонх жингэнүүлэн товор товор алхана.
Ой таван сартай Э.Одончимэгийн ээж О.Булгамаа “Манай охин хоёр өдөр ханиалгаж, халуураад болдоггүй. Энэ сарын 21-ний шөнө эмнэлэгт ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хоноод энгийн өрөө рүү шилжсэн.
Зүүн уушги нь бага зэргийн хатгаатай, цээж нь шуугиж, паржигнаж байгааг нь харшлын гаралтай томуу гэж оношилсон. Охинд минь олон төрлийн бодисын утлага, цагийн тариа, дусал хийж, эмчилж байна.
Одоо биеийн байдал нь сайжирсан. Хүйтэн байгаа учраас хүүхдүүд ханиад их тусаж буй бололтой. Заримдаа эм, тариа нь хүрэлцэхгүй, гаднаас авч хэрэглэж байгаа” гэв.
Эмнэлгийн ачаалал есдүгээр сараас нэмэгддэг байна. Эднийх арваннэгдүгээр сард л гэхэд 75 орондоо 150 хүүхэд хүлээн авч, эмчилжээ. Нэгдсэн эмнэлгээсээ тусдаа байрлах амбулаторид нь амралтын өдөрт 200, ажлын өдөр 80-100 хүүхэд үзүүлдэг байна. Харин тус тасагт өдөрт 40-50 хүүхэд ирдгээс 20-30-ийг нь хэвтүүлдэг аж.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Х.Уламбаяр “Энэ жил агаарын бохирдлоос үүдэлтэй цээж хэржигнэж, шуугидаг харшлын гаралтай ханиад, томуу болон гүйлсэн булчирхайн үрэвсэл их байна.
Хоолой сөөх, улайх, идээлэх, өндөр халуурах, хоолонд дургүй болж, бөөлжих шинж тэмдэг илрэх нь гүйлсэн булчирхайн үрэвсэл шүү дээ. Мөн аденовирусээр үүссэн шинж тэмдэг илэрч байна.
Нус гоожих, найтаах, халуурахаас гадна нүд нь улайж, нуухтдаг юм. Сүүлийн жилүүдэд тархины даралттай, амьсгалын дутагдалтай хүүхэд олширсон. Үүнээс болж амьсгалын замын өвчлөлд амархан өртдөг. Эмчилгээг ч нарийн төлөвлөгөөний дагуу хийхгүй бол хурдан эдгэдэггүй болсон.
Эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж, антибиотик уулгаснаар хүүхдийн биеийн байдал илүү хүндэрч байна. Мөн агаарын бохирдол, иргэдийн ядуурал, шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэж байгаа нь ч үүнд нөлөөлөх болжээ.
Хүүхдэдээ таван хоног, өдрийн гурваар уух, ширхэг нь 850 төгрөгийн эм авч чадахгүй хүмүүс ч бий. Ирээдүйд улсаа удирдаж, хамгаалах хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амьдрах орчныг нь сайжруулахад төрөөс анхаарах хэрэгтэй болжээ” гэлээ.
Мөн тэрбээр хүүхдэдээ витамин C, A, E, B, D, цайр, төмөр, фосфорын агууламжтай, аминдэмтэй хүнс хэрэглүүлэх болон хамгийн гол нь жилийн аль улиралд жирэмсэлж, хэддүгээр сард хүүхэд төрүүлэхээ ч тооцоолох хэрэгтэйг сануулсан.
Тус эмнэлэг санасныг бодоход ачаалал багатай, эмчилгээ сайтай байгаа талаар зарим үйлчлүүлэгч ам сайтай байв.
Эмнэлэгт таван өдөр эмчлүүлээд гарч буй Б.Хишигдалайгийн ээж Болортуяа “Охин минь 11 сартай. Хэд хоногийн өмнө халуураад, гүйлгэсэн юм. Хоолой нь өвдсөнөөс болж халуурсан юм билээ. Эмч нар зөв оношилж, эмчилгээ сайн хийлээ.
Энэ өвөл их хүйтэн байгаа болохоор эмнэлэг дүүрэн хүн байна гэж бодсон. Төсөөлснийг бодвол эмчлүүлж байгаа хүүхдүүд харьцангуй бага байна” гэсээр өрөөгөө зорилоо.
Э.НАМУУН
ДЭЛХИЙН ЖИШИГ
Жилд дөрвөн сая хүн ханиад, томуу, хатгалгаагаар нас бардаг
- Хамрын ханиадаар Европ, Хойд Америкийн иргэд хамгийн их өвчилдөг. Жил бүр Европ тивийн хүн амын 10-аас доошгүй хувь, Америк, Канадын иргэдийн 10-15 хувь нь хамрын ханиад тусдаг аж.
- Мөнхийн халуун дулаан уур амьсгалтай Сингапур, Малайз, Тайланд зэрэг оронд эйр кондишн буюу агааржуулагчийн ханиадаар гадаадын иргэд өвчлөх нь элбэг. Эдгээр орны унаган иргэд өөрсдөө уг ханиадаас хамгаалсан, дархлаатай байдаг юм.
Гудамжинд хэт халуун, харин байшин дотор агааржуулагч тогтмол ажиллаж, сэрүүцдэгээс халуун, хүйтний харшил болж, ийнхүү ханиад тусдаг гэнэ.
Дээрх орнуудад удаан амьдрах тусам агааржуулагчийн ханиадны эсрэг дархлаа бий болдог. Уг өвчнийг ампициллин гэх мэт ердийн антибиотикийн тусламжтайгаар хялбархан эмчилдэг аж.
- Харин Африк тивд ханиад томуу ялаа, шумуулаар дамжин халдварлах нь түгээмэл. Тус тивийн ядуу орнуудад жил бүр ханиад, хатгалгаа туссан олон хүн эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүйн улмаас нас бардаг аж.
Харин дэлхий дахинд жилд дөрвөн сая хүн ханиад, томуу, мөн хатгалгаа өвчнөөр нас бардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.
- Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд ханиад томуу, харшлын эсрэг хэдэн мянган төрлийн эм бэлдмэл хэрэглэж байгаагаас сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад хамгийн үр дүнтэй, түгээмэл хэрэглэж байгаа нь хүний биеийн дархлааг сайжруулах замаар ханиадны дарангуйлдаг иммуни болон цинкийн төрлийн эмүүд юм.
Энэ төрлийн эмүүдийг витамин С-тэй хольж хэрэглэх нь илүү үр дүн өгдөг хэмээн эмч нар зөвлөдөг байна.
Шинэ Зеланд, Австрали зэрэг халуун оронд ургадаг экинаси хэмээх ургамлаас гарган авдаг эмүүдийг АНУ, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэдэг бөгөөд Монголд ч мөн энэ төрлийн эмүүдийг импортолдог юм.
- Харин вакцины тухайд ханиад томуугийн вирус нь жилээс жилд мутацид орж, хувирч байдаг тул Америк, Европын эмийн компаниуд жил бүр томуугийн эсрэг шинэчилсэн вакциныг үйлдвэрлэдгээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь улирлын чанартай аж.
- Судалгаагаар АНУ-ын иргэд хамрын ханиад хүрч, халуурсан тохиолдолд хамгийн түрүүнд тайленол, адвиль зэрэг өвчин намдаах эмүүдийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэдэг болох нь тогтоогджээ.
Эдгээр эмийг Америкийн эмийн компани анальгинийг орлуулах зорилгоор гарган авсан бөгөөд тус улсад анальгинийг бараг хэрэглэдэггүй аж.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Ханиад, томуу хэр их байна вэ?
Н.ТҮМЭНЖАРГАЛ (Сүхбаатар дүүргийн хүүхдийн түргэний эмч):
-Улсын хэмжээнд томуутай өвчтөн олон бий ч томуу, томуу төст өвчин ид тархаж байсан үеийг бодвол өвчний тохиолдол арай багассан. Оройн 17.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл эмч нар дуудлагаар үзлэг хийхэд дунджаар 30 орчим хүүхэд ханиад, томуу туссан байдаг.
Харин дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж, амбулаториор үзүүлж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь томуу болон томуу төст өвчтэй байна. Мөн хүүхдийн түргэн тусламжийн төв өдөрт 100 гаруй дуудлага хүлээн авч, үзлэг хийж байна.
Үүний дийлэнх нь мөн л томуу тусаж, халуурсан дуудлага байгаа. Энэ мэтээс болоод хүүхдийн тасгийн ор хүрэлцэхгүй байх асуудал үүссэн. Эмч нар эмнэлгийн коридорт ор байрлуулж, өвчтөн хүлээн авч байгаа.
Б.АМАРТҮВШИН (Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэний эмч):
-Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн олонх нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Сүүлийн үед өндөр халуурсан, ханиалгасан гэх мэт өвчин нь архагшсан хүүхдүүд хандах нь ихэссэн.
Манай дүүргийн хувьд томуу өвчин ид тархаж байсан үеийн ачаалал буураагүй байгаа. Өдөрт хамгийн багадаа 100 дуудлага авч байна.
Эмч нарын ачаалал их байгаа ч бид хүлээн авсан дуудлага бүртээ хүрч ажиллахыг хичээж байна. Томуу, томуу төст өвчин ид тархаж буй учир эмнэлгийн ачаалал ч их байгаа.
Д.БИНДЭРЯА (Чингэлтэй дүүргийн хүүхдийн түргэний эмч):
-Сурагчдын амралт эхэлснээс хойш манай дүүрэгт томуугийн өвчлөл багассан. Үүнийг дагаад эмнэлэг, эмч нарын ачаалал багассан.
Ажлын өдрүүдэд 20 дуудлага, амралтын өдрийн 24 цагт 20-30 дуудлага хүлээн авч байна. Гэхдээ эмнэлгийн ор дүүрэн байгаа. Зарим хүүхдийг газраар хэвтүүлэн эмчилж байна.
А.ИДЭРЦЭЦЭГ (Баянгол дүүргийн хүүхдийн түргэний эмч):
-2015 оны арваннэг болон арванхоёрдугаар сард томуугийн тархалт маш их байсан. Тухайн үед бид өдөрт 300-400 дуудлага хүлээн авч, үзлэг хийж байв. Одоо тархалт багассан хэдий ч эмч нарын ачаалал их хэвээр байгаа.
Дуудлагын эмчийн хүрэлцээ муу байгаа учир тасагтаа нэмж эмч ажиллуулж байгаа. Сүүлийн өдрүүдэд бид 24 цагт 200 гаруй хүүхэд үзэж байгаа. Үүний 80 орчим хувь нь томуу өвчин туссан байдаг.
Манай дүүрэг өнгөрсөн намар шинэ эмнэлгээ ашиглалтад оруулсан учир орны ачаалал харьцангуй бага байсан. Гэхдээ ид ачааллын үед хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгаа. Харин эм, тарианы хангалт боломжийн байна.
Г.ДАРЬЖАВ (”Батмөнх хүү” хүүхдийн хувийн эмнэлгийн эмч):
-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүмүүс хүүхдүүдээ хувийн эмнэлэгт үзүүлэх нь цөөрсөн. Гэхдээ цөөхөн ч гэсэн хандаж буй хүүхдүүдийн олонх нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байх тохиолдол олширсон.
Тэр дундаа ханиад нь хүндэрч хатгалгаа болсон, бөглөрөлтэй ханиадтай хүүхэд олон ирж байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ ханиад хүрэхээр дур мэдэн эм өгдгөө болих хэрэгтэй.
Г.ЦЭЦЭГ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
А.Бурмаа: Н1N1 вирусийн гаралтай томуу идэр насныхныг
хүндрэлд хүргэх эрсдэлтэй
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаатай ярилцлаа.
-Манай улсад одоо ямар төрлийн вирус зонхилж байна вэ?
-Сүүлийн жилүүдийн байдлыг харахад манай улсад жил бүрийн арваннэгдүгээр сараас томуугийн дэгдэлт эхэлж, хоёрдугаар сард оргил үедээ хүрч байна. Гурав, дөрөвдүгээр сард хоёр дахь давалгаа хэлбэрээр дэгддэг.
Дунджаар томуугийн дэгдэлт 9-14 долоо хоног үргэлжилж байна. Томуу, томуу төст өвчний үед өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, туурах, үе мөч янгинах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн аймаг, дүүрэг, өрхийн эмнэлгээс ирүүлсэн сорьцонд лабораторийн шинжилгээ хийж үзэхэд томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч эхэлсэн бол, одоо Н1N1 вирус давамгайлж байна. Гэхдээ 2009 онд гарч байсан цар тахал үүснэ гэж ойлгож болохгүй.
-Яагаад?
-2009 оноос хойш жил бүр Н1N1 вирусийн гаралтай томуу дэгдэж эхэлсэн учраас хүн амын олонх нь үүний эсрэг дархлаатай болсон. Тухайлбал, томуугийн дэгдэлтийн үед хүн амын 20-30 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг ч олонх нь хөнгөн хэлбэрээр тусаж, эмчид хандахгүйгээр эдгэрдэг.
Гэхдээ “эрсдэлтэй бүлэг” гэж нэрлэгддэг өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн ямар ч төрлийн вирусээр өвчлөх, үгдэрч хүндрэх нь элбэг.
Н1N1 вирусийн гаралтай томуугаар залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүд өвчлөх, хүндрэх нь бусад вирустэй харьцуулахад илүүтэй байж болохыг ДЭМБ-аас мэдээлж байгаа тул 38-аас дээш хэм өндөр халуурсан үед эмчид яаралтай хандах хэрэгтэй.
-Улирлын томуугийн вакцин одоо хийж байгаа юу. Хэдэн наснаас дээш вакцинд хамрагдаж болох вэ?
-Томуугийн вакциныг аравдугаар сард хийж дууссан. Вакцин хийснээс хойш 3-4 долоо хоногийн дараа хүний биед дархлал үүсдэг. Тиймээс томуугийн улирал угтаж вакцин хийлгэвэл илүү үр дүнтэй.
Энэ вакциныг зургаан сартайгаас дээш насны хүнд хийдэг. Томуугийг вакцин хийлгэснээр Н1N1, H3N2, В хүрээний вирусийн хүндрэл, халдвараас хамгаалагдана.
Архаг хууч өвчтэй хүмүүс вакцин хийлгэснээр томуугийн халдвар авсан ч хөнгөн тусдаг. Хүн амаа томуугийн вакцинаар дархлаажуулахыг ДЭМБ-аас зөвлөж байгаа.
-Томуугийн вирус амархан хувьсаж, эмчлэхэд багагүй төвөг учруулж буй тухай мэргэжилтнүүд хэлдэг.
Ингэж хувьсаж өөрчлөгддөг болохоор жил бүр вакцин хийх шаардлагатай болж байна уу?
-Тийм. Томуугийн вирус их хувьсамхай. Вирусийн гадаргуугийн уургийн хоёр генд цэгэн мутац байнга үүсэж байдаг нь жил бүр томуугийн дэгдэлт хэлбэрээр гарах шалтгаан болдог.
Өөрөөр хэлбэл, генд мутац үүснэ гэдэг нь тухайн хүнийг өмнө нь халдварлуулж байсан вирус өөрчлөгдөн шинэ хувилбараар гарч, хүний дархлалын тогтолцооноос бултах чадвартай болсон гэсэн үг.
Иймээс томуугийн эсрэг вакцины найрлагад орох омог өөрчлөгддөг учир жил бүр дархлаажуулалтад орох шаардлагатай болдог.
-Томуугийн энэ улиралд ХӨСҮТ-ийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Томуугийн улирал эхлэхээс өмнө аймаг, дүүргийн эмч нарт сургалт, зөвлөгөөн явуулдаг. Одоо улсын хэмжээнд амбулаториар үйлчлүүлэгсдийн зургаа орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна.
Сүхбаатар, Хөвсгөл аймагт амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 10 хувиас илүү нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн. Өвчлөл 10 хувиас давсан тохиолдолд эмч, мэргэжилтнүүдийн ажиллах цагийг уртасган, хүмүүсийг аль болох гэрт нь тусгаарлаж, эмчилгээ хийхийг зөвлөж байна.
Хүмүүс эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь чухал. Амьсгалын замын зарим халдвар, томуугаас вакцин хийлгэхгүйгээр хамгаалах боломжгүй, маш хурдан тархдаг. Гэхдээ хүмүүсийн олонх нь хөнгөн хэлбэрээр өвчилдөг гэдгийг онцлох хэрэгтэй.
Биеийн дархлаагаа сайжруулж, илчлэг ихтэй хоол идэж, хоёр цаг тутам салхивчаа онгойлгон, агаар оруулах, өдөрт хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гарын ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Үүнийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлдэггүй.
Хөгжилтэй орнуудад томуугийн нийгэм, эдийн засагт учруулах дарамтыг судалж, өвчилсөн, эмчлүүлсэн, эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр тасалдах, үүнээс үүдэн эдийн засагт гарах алдагдал зэргийг тооцдог.
Манай улсын хувьд энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй. Тиймээс Томуугийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд ойрын жилд ийм судалгаа хийхээр төлөвлөж байна.
Ч.БОЛОРТУЯА