Зургийг © Erdenebulgan Photography
Адуу мал багширч, хонин сүрэг налайн идээшилж, ороо морьд нь цойлж, сүргийн эзэн сарлагийн бух эрэг шөргөөн, бярыг үзүүлэн, сүрийг бадрааж дүнхийн хөшилдөн хэрж зогсмой.
Бух урамдан, нүдээ алаглуулан эргэлдүүлж урд хоёр хөлөөрөө газар онгилон дэвсэлж, сүүлээ хондлой дээрээ шарван хаяж, хэрж зогсоно. Орсон буур нь хөхөө өвлийн хүйтэн сарын жаварт хүхэрлэж, аагим зундаа усны шувууд чуулан ганганалдсан Өгий нуур. Лүн сумынхан хэн хүнгүй юу эс андах билээ.
Намар, хавартаа нуурын бух олон удаа урамдваас хойтон жилийн хавар, намар цаг агаар тайван налгар, намуухан байдаг хэмээн нутгийн азай буурлууд шар данхтай сүүтэй цайгаа хувааж уунгаа нуураа харан ширтэж, хуучилж суух нь сайхан агаад ёстой гоё.
Энд чандмалан буусан танан цагаан гурван гэрийн дундах нь Жалаа начны эцэг Гүнсэнгийнх. Энэ өргөө цагаан гэрт орж гарч, тоглон наадан цахилж, үе тэнгийн хүүхэд багачуудтай барилдаж ноцолдож, унага, даага уургалж, тугал, бяруу бугуйлдан чирэгдэж, тогтоон эр биеэ чийрэгжүүлэн, эрэмгий зоригоо чангалан хурцалж байсан нь саяхан мэт түүнд санагдах бөлгөө.
Нутаг нугын хүмүүс энэ данхар толгойтой, хөрслөг бор хүү Жалаа юу, эрт эдүгээ наран гийсэн зуны дэлгэр цагт нэг юм дуулдуулж алдар цуутай бядтай хүчит бөх болоход тун ойрхон харагдаж байна хэмээн шивэр авир гэх нь олонтаа.
Тэр жил засаг захиргааны зохион байгуулалтаар Лүн сумын баруун урдуур нутаглаж байсан хэсэг хот айлыг Хашаат сумтай нэгтгэж нэг баг болгоход Жалаа хүүгийн эцэг Гүнсэнгийнх Хашаат сумын Хутаг уулын энгэрт өвөлжиж, ар бэлд нь зусаж нутагладаг болжээ. Энэ үеэс Гүнсэнгийн Жалааг Хашаат сумын уугуул хүү гэгдэв.
Гүнсэнгийн Жалаа эр цэргийн алба хаахаар үе тэнгийнхэнтэйгээ мордмой. Үүнийгээ эр хүний хаах ёстой алба хэмээн бахархана.
Цэргийн албыг яс гурван жил хааж, халагдан өргөө цагаан гэртээ ирж, тэгээд таван хошуу мал маллаж, эмнэг хангал сурган, мод цагаалж морин тэрэг урлаж, авдар шүүгээ эрээлэн будан, бүтээн байгуулалтын ажил хийж байхад нь сум, нэгдлийн удирдлагууд “Манай Жалаа маш оюунлаг, бяр чадалтай, эрэмгий зоригтой, эрч хүчтэй, тэвчээр хатуужилтай, уужуу тайван, уян хатан уран сэтгэмж сайтай, төрөлхийн ухаалаг.
Цацаж цалгиж явдаг түүнийг дээд тэнгэр диваажингийн орноос заяасан бөгөөд мэдлэг, боловсролоо байнга хурцалж явдаг” хэмээн магтан сайшааж нам, эвлэлийн ухуулагч, шуудан хүргэгч, шинэ үсгийн бүлгэмийн багшаар тохоон томилон ажиллуулжээ.
Тэрээр энэ ажлаасаа чөлөө авч улсын бэлтгэлд тушаах нэгдлийнхээ 1000 цагаан эр хонин сүргийг ганцаараа бие даан хүлээн авч, тууврын алтан шар замдаа гарч одмой.
Тууварчин залуустай танилцаж хоол, унд, өнгөтэй өөдтэйгөө хувааж хэрэглэсээр бүтэн гурван cap хээрээр гэр, хэцээр дэр хийж явсаар Мах комбинатад тууврын малаа тушааж хэтэвч дүүрэн мөнгөтэй болмой.
Уран гарт ээжийнхээ хийж өгсөн хүрэн торгон дээлээ өмсөж, шар дурдан бүсээ бүслэж, цагаан эсгий малгайгаа духдуулан өмсөж, хар хромон гутлаа жийсээр Спортын төв ордонд очиж, хүчит бөхийн барилдаан үзэж сонирхон, эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэг шиг барилдаж үзвэл болох юм байна гэсэн сэтгэлд хөтлөгджээ.
Гэвч би чинь хэн билээ, түмэн бээрийн тэртээ алдар цуугаа мандуулж од болон гялалзаж явсан Сэлэнгээ Ёндон зааны зээ Гүнсэнгийн Дамдиндорж начны төрсөн дүү мөнөөс мөн аваас уламжлал, удам судраа тасалж гээхгүйг, умартаж орхихгүйг хичээн зүтгэсээр нутаг нугынхаа үеийн бүсгүйчүүдийн дунд сайн оёдолчин, уран гартан хэмээн гайхуулж, цацаж цалгиж явсан сайхан ээж Бадамхандаараа цэнхэр өнгийн гоё шуудаг, тос даасан хүрэн өнгийн далбаа, гурван сарьстай монгол гутал хийлгэж өмсөөд Октябрийн хувьсгалын баярын тэр нэгэн өдрийн барилдаанд Архангай аймгийнхаа сайн гэгдэх хүчит бөхчүүдийг цувуулан өвдөг шороодуулан орхиж, анхныхаа бай мялаалгыг аймгийн дарга Г.Цогбадрахаас хоёр гардаж авчээ.
Үүнд урамшсан тэрбээр Улаанбаатар хотод ирж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч багш Намширын удирдлагад бэлтгэл сургуулилалтад гарсан бөлгөө.
Түлсэн галын дөл шиг өөдөө цойлон, хурцалсан хутганы ир шиг ирлэгдсэн, улайсан боодгийн чулуу лугаа адил хүрлийн барьж, авахаас халширмаар, хажууд нь зогсохоор хоёр өвдөг чичирч дээлийн хормой дэрвэн хийсэх шиг болж бэргэмээр болтлоо бэлтгэл сургуулилалтаа ханатал хийгээд, 1977 онд Ардын хувьсгалын 56 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн арслан Амгалангаар хоёр давж, гурвын даваанд Булган аймгийн, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Даваажавын төрсөн ах Батбилэгийг, дөрвийн даваанд улсын заан Гочоосүрэнг, дэнж нь хотойдоггүй юм бол Дэмүүл хүүг хэн өвдөг шороодуулах вэ дээ хэмээн хүч чадалдаа эрдэн аархаж явсан Өмнөговийн домог болсон хүчит арслан Дэмүүлээр тав давж начин цол хүртэж алдар цуу нь түмэн бээрийн тэртээд од болон гялалзсан амой.
Шигшээ багийн гишүүн Н.Найдан, Д.Хадбаатар агсан Цэрэнтогтох аваргуудын гол өрсөлдөгч тэдний бэлтгэл сургуулилалтыг хангаж өгдөг сүүн цагаан сэтгэлтний нэг авай. Жалаа начин жүдо бөхийн улсын таван удаагийн аварга.
Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэн. Олимпийн хоёр удаагийн наадамд оролцсон, тив, дэлхийн алдар цуутай бөхчүүдтэй мөр зэрэгцэн явсан хүчит бөх амой. Түүний гол онцлог нь тив, дэлхийн хамгийн хүнд жингийн бөхчүүдтэй хүч, бяр үзүүлж барилдаж чаддаг явдал юм.
Тухайлбал, 2012 онд АНУ-ын Майами хотод ахмад, дэд мастеруудын жүдо бөхийн олон улсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бярыг гайхуулж барилдаж мөнгөн медалиар мялаалгаж, төрийн соёмбот тугаа мандуулан, төрийн дууллаа дуулан, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулан зогсож, харилтгүй хүчтэн болохоо харуулж чадсан билээ.
Жалаа начин аймгийнхаа спорт танхимд хотоос очиж барилдах дуртай. Жалаа иржээ хэмээх зар сонсвол тэр танхим үзэгчдээр дүүрнэ. Голдуу аймгийн АДХ-ын чуулган болох тэр өдөр хотын төлөөлөгчийн хамт мөнгөн цагаан онгоцноос буунгуут хүмүүс хүрээлэн тойрч, бүчин амар мэндээ мэдэлцэн, гар зөрүүлж, хөөрөг дамжуулан тамхилна.
Зарим нь тэмдэглэлийн дэвтэр, сурагчид дэвтрийн цаас барин гүйлдэн гарын үсгийг нь зуруулж аваад, баярлан харагддаг билээ. Эл алдарт начин голдуу зүүн талтай өрөөлдөж өрдөг. Эндээсээ мушгина, тахимдана, бас эгзэгтэй үед нохой мордох, ард нь гишгэх зэрэг мэхийг гойд эзэмшиж, өөрийн унаган мэхээ болгосон, мэхний олон хувилбартай.
Тухайлбал, халаад сэгсэрч гуд татах мэхэнд нь орсон бөх өвдөг шороодно. Бас давхар хамах гээд олон сайхан мэхийг эзэмшсэн амой. Бие нь халтлаа удна. Бие халаад нүүр нь минчийн улайгаад ирвэл хүчтэнүүдийг цувуулан өвдөг шороодуулна. Тэрбээр одоо ч гэсэн монгол бөхийн өргөөндөө бөхийн шүүгч хийгээд л Хутаг-Өндөр уул лугаа дүнхийн зогсож харагдана билээ.
Ш.ГАНТӨМӨР