Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хэн хүнгүй л бууз, хэвийн боов, бэлэг сэлт бэлтгэх “их аян”-д нэгдээд байна. Гэвч баяр дууссаны дараа ширээндээ залж байсан идээ болох хэвийн боовыг олноор нь хогийн цэг дээр хаяж орхих хэтэрхий цамаан зан өлсөж, ядарч үзээгүй монгол хүнээс л гардаг.
Хогийн цэг дээр “овоолсон” хэвийн боовны зураг өнгөрсөн жил цахим сүлжээгээр тархаж, түүнийг хаясан хүний тэнэг, баярхууг нийтээрээ гайхсан нь бий. Харамсалтай нь, энэ бол монголчуудын нийтлэг дутагдал.
Амьдралд илүү ойрхон болохоор хоол хүнстэй холбоотой энэ явдал нийтийн анхааралд өртөж чадсан. Харин тэр бүр энгийн хүмүүс мэддэггүй цамаархал бидэнд бий. Түүний байгаль орчинд учруулах хохирол нь ч, ашиглаж чадвал олох ашиг нь ч их.
Энэ бол уул уурхайн ордын эргэн тойронд байх овоолгонууд. Хаягдал гэж энгийнээр ойлгож болно.
Улсын хэмжээнд өнөөг хүртэл ашигт малтмалын 600 гаруй ордын нөөц тогтоож, эдүгээ 200 гаруйг нь ашиглаж буй. Аливаа ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулахдаа нөөцийг нь технологийн болон эдийн засгийн хувьд ашиглах боломжтой, боломжгүй гэж ангилдаг аж.
Уурхайн олборлолтын үед ашиглах боломжгүй нөөцийг овоолго болгон үлдээдэг. Бас хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлаас ийм овоолго үүсдэг. Алт, зэс, жоншны уурхай бүрийн эзэмшил газарт овоолсон тэр их шороо бол мөнгө.
Гэвч өдий хүртэл ашигласангүй, хог хаягдал төдийхнөөр бодож, цамаархсаар ирсэн байх юм. Эдийн засаг хэцүүдлээ, зардлаа тана гэх мөртлөө манай түшээд далайцтай алхам хийж зүрхлэхгүй, бас айлаас эрэхээр авдраа уудлахын зарчмыг ойлгохгүй явсны нэг баталгаа энэ.
Хэзээ нэгэн өдөр ашиглана хэмээн үлдээсэн тэр олон овоолго шороог яг одоо л алт болгох цаг нь хэмээн үзэж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат уржигдар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН “ХОГ”-НД ЮУ НУУГДАНА ВЭ
Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг голлох үйлдвэрүүдийн нэг нь “Эрдэнэт” ХХК. Үүгээр жишээ авч, “хог”-н овооны үр ашиг, сөрөг талыг сонирхлоо. Хүдэр олборлохын тулд шороон дахь агууламжийг нь тодорхойлно. Үр ашгийг тооцно. Агууламж багатай хэсгийг нь дээр хэлсэнчлэн “ирээдүйд” зориулаад овоолго болгочихно.
1977 оноос хойш ийм исэлдсэн хүдрийн болон балансын бус маш олон овоолго “Эрдэнэт үйлдвэр” орчимд бий болжээ. Улмаар хүдэр нь бороо, цастай уусаж, ногоон ус хуримтлагдах, хөрсөнд шингэх, ойр орчмын голд нийлэх замаар хүн ам, мал амьтны амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй юм байна.
Нөхөн сэргээлт ч гүйцэд хийдэггүй. Тэгэхээр юуны өмнө тэр орчимд амьдарч буй иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах, нөгөө талаар сөхөрч буй эдийн засгаа өөд татахын тулд овоолгуудыг ашиглах учиртай.
Тус үйлдвэрийн эргэн тойронд нийт 165.855 тонн хүдэр, 413.559 тонн зэс, 17.665 тонн молибдений агуулга бүхий овоолгууд үүссэн байгаа аж. Уурхай дахь агууламж өндөртэй нөөцийнхөө 80-90 хүртэл хувийг тус үйлдвэр ашигладаг.
Харин дээрх хаягдлаас 60 орчим хувийг нь ялгаж, буцаан ашиглах боломжтой юм билээ. Тонн зэсийн үнэ одоогоор 4450 ам.доллар байна. Хаягдлаас ялгах цэвэр зэсийг энэ үнээр тооцвол “хог”-ноос хөөрхөн мөнгө босгож болно.
ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАГЧДАД ОЛГОХ БОЛОМЖ
Агууламж багатай хүдрийн овоолго, баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн, хаягдлаас ашигт малтмал ялган авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг туршлага манайд бий.
Гагцхүү хамрах хүрээ нь бага, эрх зүйн орчин бүрхэг байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн исэлдсэн хүдрийн овоолгоос жилд 3000 тонн цэвэр зэс, зэс утас үйлдвэрлэдэг “Эрдмин” компанийг уншигчид мэднэ.
Тэд 1998 оноос ийнхүү хаягдал боловсруулж буй юм билээ. Мөн “Ачит ихт” компани 2014 оноос балансын бус хүдрээс 10.000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж байгаа. Алтны зарим нэг уурхайд хаягдал элсийг 2-3 удаа шүүж угаадаг гэх.
Дээрх компаниуд ашигт малтмалын тусгай болон уурхайн эдэлбэр газрын зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах замаар ажиллаж буй юм. Ийм зарчмаар ажилладаг хаягдал боловсруулагч компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, шууд эцсийн бүтээгдэхүүн хийдэг учраас орлого нь тэр бүр улсын төсөвт ордоггүй гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд дээрх хоёр компаниас татвар төвлөрүүлээд улсад тушаадаг. Харин бусад овоолгыг зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш давсан үед боловсруулж байж ашиг олно. Хэзээ ч зэс тийм үнэтэй болох юм. Тиймээс тус үйлдвэрийнхэн овоолгоо хараад суухаас хэтрэхгүй нь. Одоо тэгвэл яах вэ.
Шороон уулнууд уурхайн эдэлбэр газарт оршиж буй хэдий ч Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг бол ард түмний өмч. Ийм учраас л төр оролцож, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хуулийн төсөл санаачилсан юм байна.
Гэхдээ үйлдвэрийн газрыг дур мэдэн бусад компанид өгч болохгүй. Тиймээс үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгоод, цэвэр зэсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтийг 1.5, молибденид 1.5, алтанд 2.5 хувиар тогтоож өгөх гэнэ. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани бол таван хувийн роялти төлдөг.
Ийм замаар бага татвар төлөөд хаягдал боловсруулж, компаниудад ч, улсдаа ч ашигтай ажиллая гэжээ. Төсөлд хаягдал, хог гэх мэт нэр томъёо байхгүй. Үүнийг хоёрдогч ашигт малтмал хэмээн томъёолж буй юм билээ.
Ашигт малтмалын бүх орд дахь хаягдал овоолгыг ашиглах, төсөвт орлого бүрдүүлэх, байгаль орчин, иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд Ашигт малтмалын хуулийн төсөлд ийм зохицуулалт оруулсан аж.
Сүүлийн 10 жилд Монгол Улсад оруулсан хөрөнгийн 90 хувийг хайгуулд зориулсан гэх судалгаа байна. Энэ хуулийг баталснаар хайгуулд зориулах зардал ч эрс багасна.
Мэдээж хаягдлаас ашигт малтмалыг үр ашигтай ялгах орчин үеийн сайн тоног төхөөрөмжтэй компаниудад боломж нээлттэй. Хоёрдогч ашигт малтмалаа дахин ашиглах нь дэлхийн жишиг.
Канад улс баяжуулалтын шинэ аргаар зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас 40 хүртэл хувийг нь авдаг юм байна.
Нэг талаар цамаан загнаад, нөгөө талаас эдийн засгийн болон техник, технологи, хууль эрх зүйн боломждоо хавчигдан “хадгалж” байсан ашигт малтмалын агуулга бүхий овоолгууд мөнгө болон эргэлдэх өдөр ойртож байна.
Өмнө нь ийм санаачилгыг хувийн компаниудын зүгээс нэг биш удаа гаргаж байсан. Гэвч дэмжээгүй аж. Нэгдсэн бодлого, хүч байгаагүй учраас тэр. Тэгвэл эдийн засгийн хувьд болон байгаль орчинд ашиг тустай уг санаачилгыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зангидаж зүтгүүлсэн нь энэ.
Тэр нэг зоривол санасандаа хүрдэг эрхэм. Аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох цөөнгүй хууль, бодлогыг тэрбээр УИХ-аар батлуулж чадсан. Энэ удаа ч уг хуулийн төслийн ач холбогдлыг ангийнхандаа таниулж чадах биз.
Хаягдлыг мөнгө болгож, эдийн засгаа өөд татахыг дэмжихгүй гэх, экологид ээлгүй гишүүн гарахгүй л болов уу.
С.ТУУЛ