“Бяцхаан сахиусан тэнгэрийн элч би. Хүү болж төрвөл дугуй унаж, бөмбөг өшиглөнө. Гүнж болбол даашинз өмсөж, дээс тоглоод л гоё байх даа. Дэлхий рүү бушуухан л явах юм сан. Ээж ээ, таны минь хэвлий ямар дулаахан юм бэ...Яагаад бүх зүйл ийм чимээгүй болчихов. Яг л харанхуй шөнө шиг жихүүдэс төрнө.
Бие минь хүйт дааж, маш их өвдөж байна. Хамаг биеийг минь хэсэг хэсгээр тасдан хувааж, халуун хүйнээс минь салгах гээд байна уу даа. Арай үгүй байлгүй дээ... “Төрөөгүй хүүхдийн өчил” зүрх зүсэж, өр өмөлзүүлнэ.
“Борхон зүрх минь цохилчихсон шүү, ээж ээ” гэсээр хүн болох гэж ирсэн үрээ “хүйс тэмтэрчихдэг” эх нэртэй хүрэл чулуун зүрхтэнгүүд хүний ертөнцөд хэчнээн олон болоо вэ. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний аминд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг.
Харин манай мундгууд ингэж хүний амь бүрэлгэхийг зөвшөөрсөн байдаг нь юу ч гэмээр юм бэ дээ. “Хүсээгүй хүүхэд”, “Зайлшгүй шаардлагаар”, “Эрүүл мэндийн шалтгаанаар” гэсэн гуравхан холбоо үгээр халхавч хийн, ирээдүйн иргэдээ хэвлийд нь хээвнэг устгасаар байх уу.
Жил бүр 15-20 мянган эмэгтэй үр хөндүүлж байхад Ерөнхийлөгч маань олуулаа болох тухай ярьсаар л байна. Яана даа. Харин эрүүл мэндийн салбарын дээд байгууллагууд нийслэл, орон нутагт хүсээгүй хүүхдээсээ татгалзсан эцэг эхчүүд төд байна гэхчлэн цаасан дээр тэмдэглэж, тоо бодож суухаас өөр юу ч хийдэггүй нь өнөө хүний эрхтэй холбоотой.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр хэвлэн гаргадаг “Эрүүл мэндийн үзүүлэлт” товхимолд 2014 онд (2015 оны дүн нь ирэх 3-4 дүгээр сард нэгтгэгдэнэ) улсын хэмжээнд 18.145 хүүхдийг хэвлийд нь санаатайгаар устгасан байна. Энэ нь 2013 оныхоос 2517-гоор олон үзүүлэлт юм.
Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 1000 орчим нь өсвөр насныхан аж. Тодруулбал, үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 6.6 хувь нь 20-иос доош, 69.3 хувь нь 20-34, 23.7 хувь нь 35-49 насныхан байна. Ээж болох хүндтэй бас хариуцлагатай “албанаас” охид, бүсгүйчүүд ийн татгалзах болсон нь харамсалтай.
Түүн дотор анхны хүүхдээ өөрөөсөө “түлхсэн” эмэгтэйчүүд 24.7 хувиар нэмэгджээ. 4480 эмэгтэй энэ замыг сонгосон байна. Өмнөговь, Өвөрхангай, Орхон аймаг, Улаанбаатар хотод үр хөндөх явдал их байгаа бол хувийн эмнэлэгт ийм шалтгаанаар хандсан хүн 500-гаар нэмэгджээ.
Энэ бол зөвхөн үр хөндөх эрхтэй эмнэлгүүдэд бүртгэгдсэн тоо. Зөвшөөрөлгүй эмнэлэгт нууцаар хэчнээн хүн үр хөндүүлж буйг хэлж мэдэхгүй юм.
Анхны хүүхдээ авахуулаад эрүүл мэндээрээ эрсэдсэн 133 хүн 2014 онд бүртгэгджээ. Тэдний 56.4 хувийнх нь умай агшин суларч, цус алдсан, 40.6 хувийнх нь умайн дайвар үрэвссэн, гурван хувийнх нь умай цоорсон байна. Хүүхдээсээ татгалзах тийм амар бишийг үүнээс харж болно.
“Үр хөндүүлнэ гэдэг төрж буйгаас ямар ч ялгаагүй. Охид, хүүхнүүд үүнийг юман чинээ боддоггүй учраас гам барьдаггүй. Үүнээс болоод үргүй болох эрсдэл маш өндөр” гэж эмч нар ярьж байна. Тэнгэр цэнхэр өнгөтэй гэдгийг хүн бүр мэддэгтэй адил хүүхдээ зориудаар зулбуулах нь маш хортой.
Анагаахын шинжлэх ухаанд таваас зургаан долоо хоногтой ургийг хөндөж болно. Харин үүнээс бага байхад нь авахуулбал умай цоорно. Арвандөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар тээсэн ургийг хөндвөл амиа ч алдаж мэднэ. Бүх насны эмэгтэйчүүдийн биед дааврын солилцоо байнга явагддаг.
Жирэмсэлсний дараа энэ нь бүр эрчимждэг аж. Үр хөндүүлнэ гэдэг эрчимтэй явагдаж буй уг солилцоог хүчээр алдагдуулж буй учраас эхийн аминд халгаатай байдаг. “Эм ууж хүүхдээ зулбуулах гэж байгаад цус алдах, улмаар амиа алдах аюултай. Эм уусны дараа эхэс нь бүрэн гаралгүй үлдэж ч мэднэ.
Мөн үр хөндөх явцад эмчийн буруугаас умай цоорох нь бий. Учир нь умай 3-4 см зузаан. Эмчийн анхаарал өчүүхэн төдий сарнихад л урагдах аюултай. Үүний уршгаар хэвлийн хөндий идээлэх эрсдэлтэй тул ийм нөхцөлд умайг нь авахаас өөр аргагүй.
Үр хөндүүлэх явцад түүнээс гарах үр дагаврыг урьдчилан хэлэх боломжгүй. Сохор азанд найддаг гэсэн үг. Ганц удаа хүүхдээ авахуулаад насан туршдаа үргүй болсон, умайгаа авахуулсан хүмүүс бишгүй” гэж эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Энхмаа хэлэв.
Бид БНХАУ шиг “Нэг гэр бүл-нэг хүүхэд” (1971-2015 он хүртэл) гэсэн бодлоготой байсан бол ч яая гэх сэн. Гэтэл хүүхдээ ингэтлээ цааш түлхэх болсон монгол бүсгүйчүүдийг мэргэжлийн хүмүүс архи уудаг, биеэ үнэлдэг, ухамсаргүй байдлаасаа болоод энэ замыг сонгодог болохыг хэлсэн.
Жирэмсэн болохгүй байх түм буман арга бий. Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны хоёр хүн тутмын нэг нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн тэн хагас нь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэдэг юм байна.
Ерөндөг, эм бэлдмэл, тариа, суулгац (норплант), стерилизац, бусад арга сонгосноор бүсгүй та “алуурчин” болж, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирохгүй байх боломжтой.
Харамсалтай нь 15-49 насны, гэрлэсэн болон хамтран амьдрагчтай эмэгтэйчүүд хүүхэдтэй болохгүй байх бүхий л аргыг мэддэг хэрнээ тал хувь нь хэрэглэдэггүй юм байна. ДЭМБ, НҮБ манай охид, хүүхнүүдийг “Хүүхдээ битгий устгаач ээ” гээд жирэмслэхээс хамгаалах шаардлагатай эм, багаж хэрэгсэл үнэгүй өгдөг. Тэд биднийг бодож байхад бид өөрийгөө хайхардаггүй нь харамсалтай.
О.БАТ-УНДРАХ