Төв талбайн баруун талд өндөр хар байшин бий. Товчлоод хотын захиргаа гэж нэрлэх энэ барилга дотор түмэн янзын ажил мэргэжлийн хүмүүс зогсоо зайгүй холхино. Аравдугаар давхрын овоо зайтай нэг өрөөнд 10 гаруй хүн суудаг.
Энэ өрөөнийхөн төрийн албаны ажил эхэлдэг 08.30 цагаас өмнөхөн уван цуван орж ирээд “Дэлгэцээ асаан, www.agaar.mn, www.air.ub.gov.mn цахим хуудсаа нээгээрэй” гэсэн даргын зааварчилгааны дагуу өөрсдөөс нь өөр хүн үл ойлгох график, тоо, дүрс бүхий дэлгэцнээ анхаарал хандууллаа.
Шинэ өдрийг ийн эхлэх хамт олны ажлын нэг өдрийг сурвалжилсан юм. Тэд бол нийслэлийн Агаарын чанарын алба (АЧА)-ныхан. Улаанбаатарын өвлийг утаа “тамгалснаас” хойш нэгэн шинэ ажил бий болсон нь агаарын чанарын мэргэжилтнүүд билээ.
Агаарын чанарыг тодорхойлох, хяналт, шинжилгээ, судалгаа хийхээр АЧА-ыг 2006 онд нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд долоон хүнтэйгээр байгуулжээ. Харин 2013 оны нэгдүгээр сард нийслэлийн Засаг даргын тогтоолоор гурван хэлтэс бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй болгон, өргөжүүлсэн байна.
“ҮЛ МЭДЭГДЭХ” ЗУРААСУУД
Улаанбаатар хот утаа гэх дайсантай тулгараад удаагүй, уг нь. Саяхан л цэвэр агаар дундаа уужим амьсгалж байсан нь маргаангүй. Гэтэл тийм байсны ул мөр өдгөө сураггүй болж, зайгүй шахам багшралдах машин, яндан бүрээс нь утаа гарах гэр хороолол, орон сууцны хорооллууд хаяа нийлж, униар дунд харагдахтай, үгүйтэй сүүмэлзэх нь Улаанбаатарын өвлийн өнгө билээ.
Энэ хар “манан” дунд, иргэдэд “замчлах” үүрэг бүхий хүмүүс нь АЧА-ныхан. Хангарьд ордонд байрлах тус албаны өрөөнд голдуу захиргааны ажилтан, бодлогын хэрэгжилтийг хангах бичиг баримт цэгцэлдэг хүмүүс суудаг аж.
Нийт 24 ажилтантай гэнэ. Хэмжилтийн багийнхан нь энд биш, Хан-Уул дүүрэгт байрладаг “Гутал оффис” төвд суудаг юм байна. Өглөө бүр харчихаад ажлаа эхэлдэг дэлгэцэнд нь дөрвөн өөр өнгөөр тэмдэглэсэн нарийхан зураасууд энхэл донхол замаар гүйж буй аятай тахиралдсан харагдана.
Энэ нь агаарын чанарыг тодорхойлох станцаас авсан утааны талаарх мэдээлэл юм байна. Уг мэдээлэл нь 30 минутын зайтай шинэчлэгддэг аж.
Манай хот 2011 оноос агаарын чанарынхаа мэдээллийг хүний оролцоогүйгээр цахим орчинд шууд хүлээн авах боломж бүрдүүлжээ. Тодорхой газруудад агаарын чанарын харуулын станцуудаа байрлуулсны ачаар ийм давуу тал бий болсон.
Тус албаныхан www.agaar.mn, www.air.ub.gov.mn цахим хуудсыг нийтээр харж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг гэнэ. Үл мэдэгдэх зураасууд тэдний харьяанд байдаг агаарын чанарыг хэмжих суурин дөрвөн харуулаас ирж буй агаарын бохирдлын хэмжээг илэрхийлэх аж.
Суурин харуул байрладаг Толгойт, МҮОНРТ, Амгалан, Нисэх гэсэн дөрвөн газрыг өөр өнгийн зураасаар илэрхийлэх бөгөөд тухайн орчинд агаар бохирдуулагч ямар бодис хэр хэмжээтэй байгааг тус бүрчлэн харуулжээ.
Агаар бохирдуулагч гол бодисуудын нэг болох нарийн ширхэгт тоосонцор гэхэд МҮОНРТ буюу Зурагт орчимд хамгийн их байгаа бололтой, тус газрыг илэрхийлэх ногоон зураас бусдаасаа өндөрт цойлсон харагдана.
Харин азотын давхар исэлийн хувьд цэнхэр зураас “өнгөлжээ”. Тэр нь Амгалан орчмыг зааж буй аж.
Утаандаа нүд дасаж, ойшоож үзэхээ больсон зарим нэгэнд тэдний энэ ажил хамаагүй байх. Сонирхолтой ч санагдахгүй биз. Харин эрүүл мэндэдээ анхаарч, ямар орчинд амьдарч буйгаа мэдэхийг хүссэн нэгэнд тэдний өдөр тутам, цаг минут алгасалгүй хянаж байдаг тэдгээр тоон үзүүлэлтүүд чухал санагдах нь мэдээж.
Энэ өдрийн агаарын чанарын байдлыг шалгаж, харуулын автомат станцууд хэвийн ажиллаж, мэдээллээ дамжуулж буй, эсэхийг шалгаснаар АЧА-ныхны ажлын нэг өдөр эхэллээ.
УЛААН “ХАЙРЦАГТАЙ” ТОО
“Утааны” инженерүүдийн өглөөний зөвлөгөөн, ажлын төлөвлөгөө, хурал цуглаан дуусаад тус тусынхаа компьютерыг эзэлсэн юм. Харин албаны дэд дарга Х.Галымбек, орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн М.Отгонбаяр нар харуулын станцаа эргэхээр 11.30 цагийн үед хар байшинг орхилоо.
Энэ өдөр тэд Зурагтад байрладаг станцаа шалгаж, засвар, үйлчилгээ хийх ёстой аж. Бид явсаар МҮОНРТ-ын байрны хойд талд ирж зогсоход иргэдэд агаарын чанарын мэдээллийг нээлттэй харуулах дэлгэц угтсан юм.
2012 онд ганцхан дэлгэцээр агаарын чанарын мэдээлэл харуулдаг байсан бол өдгөө 13 дэлгэцээр үзүүлдэг болжээ. Үүнээс гадна 12 мэдээлэгч хот дотор бий гэсэн үг. Биднийг угтсан дэлгэц Зурагт орчмын агаарын чанарын мэдээллийг нарийвчлан харуулах бөгөөд зүүн доод булан дахь улаан дөрвөлжинд 1607 гэсэн тоо байлаа.
Уг тоо тэр хэсгийн агаарын бохирдлын хэмжээг илэрхийлэх бөгөөд хайрцаг улаан байгаа нь Зурагт орчим маш их бохирдсоныг илэрхийлж буйг Х.Галымбек дарга тайлбарласан юм. Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учирч болзошгүй гэсэн үг.
Индексээр илэрхийлэгдэх агаарын чанарыг хэд хэдэн өнгөөр ангилжээ. Ногоон бол цэвэр, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Шар бол хэвийн. Улбар шар “хайрцаг” бага зэргийн бохирдолтойг илтгэнэ.
Зүрх, судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраатай хүн ийм хэмжээний бохирдолд агаар амьсгалбал хууч нь сэдэрч болзошгүй аж. Ягаан өнгө дунд зэргийн, хүрэн нь агаар их бохирдсоныг харуулна.
Ийм хоёр өнгө харагдвал удаан хугацаагаар гадаа байж болохгүй, зайлшгүй шаардлага тулгарвал амны зориулалтын хаалт зүүх хэрэгтэй. Мэдээж улаан “хайрцаг” нь аюултай дохио төдийгүй, хамгийн эцсийн үзүүлэлт. Зурагт орчим аюултай байна гэсэн үг.
Агаарын чанарыг хэмжих нь хоёр талын ач холбогдолтой гэнэ. Эхнийх нь иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах нөхцөл бүрдүүлнэ. Нөгөөх нь агаарын чанар ямар байгаа талаарх тоон үзүүлэлтийг илэрхийлэх учиртай.
Манай улсын агаарын чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр зөрүүтэй байгааг тогтоож, бодлого тодорхойлогчдод шаардлагатай мэдээлэл гаргаж өгдгөөрөө тус албаныхны ажил нийгэмд хэрэгтэй юм байна.
Манайх дотоодын нөөц бололцоогоороо утаа бууруулж чадалгүй, гадаадын байгууллагаас тусламж дэмжлэг хүсэхэд нотолгоо нь дэлхий дахинд шууд дамжуулж буй агаарын чанарын мэдээ болдог байна. Манай агаар ийм бохир байна гэж бичээд очвол хэн итгэх билээ.
Энэ утгаараа харуулын станц суурилуулахдаа хуумгай хандаж хэрхэвч болохгүй аж. Суурин харуулыг хэн нэгэн хаана ч хамаагүй аваачаад тавьчих зүйл биш гэнэ. Мэргэжлийн хүмүүс газрын байршил, салхины урсгал, бохирдуулагч эх үүсвэрүүд хэр олон байгааг харгалзан үзэж, байршлыг нь сонгодог.
Суурин харуулыг дэлхийн олон улсад ашигладаг учир чанарын тогтолцоо гэдэг ойлголт бий болжээ. АЧА өнгөрсөн оноос тэр тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн аж. Ингэснээр “Буруу хэмжиж магадгүй” гэх ойлголт үеэ өнгөрөөж, манай харуулуудын дүн мэдээ олон улсын түвшинд хүрч буй гэнэ лээ.
ЧИНГЭЛГИЙН “ЭЗЭД”
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны бохирдлыг хэмжигч суурин автомат харуулуудыг 2009 оны нэгдүгээр сард Германы техникийн хамтын ажиллагааны “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нийлүүлжээ.
Төхөөрөмжүүд нь техникийн 14 үзүүлэлтээр агаарын чанарыг 24 цаг тасралтгүй хэмжиж, сүүлчийн зургаан сарын мэдээллийг хадгалах хүчин чадалтай аж.
Хан-Уул дүүргийн IX хороон дахь “Эко” хотхоны хашаан дотор, Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг Толгойт, Баянгол дүүргийн XI хороо буюу Зурагт, Баянзүрх дүүргийн VIII хороонд АЧА-ны хариуцдаг дөрвөн харуул байрлаж буй.
Энэ жилээс нэмж, хоёр харуулыг гэр хороололд байршуулж буйг тус албаныхан дурдсан. Суурин харуулууд азотын дан болон давхар исэл, том, жижиг ширхэгт тоосонцор, угаарын хий, озон хэмжихээс гадна цаг уурын хувьд агаарын даралт, чийг, температур, салхины хурд, чиглэл тодорхойлдог байна.
Агаарын чанарын мэдээлэл түгээх самбарын цаад талын багахан хашаан дотор жижиг чингэлэг байх нь харуулын станц. Утааны хэмжээ манайд хэр зэрэг байгаа талаарх мэдээллийг энэ жижигхэн чингэлэгт боловсруулж, эцсийн хариуг нь гаргадаг. Уг ажлын эзэд нь тоног төхөөрөмжүүд.
Эдгээр багаж ямар агаараар амьсгалж буйг маань зөвхөн бидэнд харуулаад зогсохгүй, дэлхий дахинд Улаанбаатарын утааны хэмжээг мэдээлдэг “шидтэй” гэнэ. Өөрөөр хэлбэл, харуулын станцууд олон улсын суурин харуулуудын сүлжээнд нэгдсэн бөгөөд дэлхийн бүх хотын мэдээллийг гаргадаг цахим хуудаст манай мэдээлэл ч байршдаг юм байна.
Орчны хэмжилт хийдэг дөрвөн мэргэжилтэн тус албанд бий. Биднийг 12.00 цагт станцад очиход хэмжилтийн мэргэжилтэн М.Отгонбаяр “Орчин үеийн хотын нэг шалгуур нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх. Үүнийг агаарын хяналтын суурин харуулаар дамжин хэрэгжүүлж байна” гэж тайлбарлалаа.
Тэрбээр чингэлэг доторх багажнуудаа шалгаж, цэвэрлэх зуураа агаарын чанарын мэдээллийг цаг алдалгүй гаргаж, цахимаар, гудамжинд байрлах дэлгэцээр иргэдэд харуулж байгаагаа, цаашлаад дэлхий нийтийг хамарсан сүлжээнд нэгдсэнээ олзуурхан хэлээд “Манай хойд хөрш болох ОХУ-д хүртэл одоогоор агаарын чанарын ийм сүлжээ байхгүй. Бид нэг алхам түрүүлж байгаа биз” гэж бахархан ярьж байв.
Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тооцохдоо озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаарт түгээмэл тархсан бодисуудаар авч үздэг байна.
Озон гэхэд агаар мандлын дээд давхарга болон газрын гадарга орчим байдаг бөгөөд хаана байгаагаас шалтгаалж эрүүл мэндэд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Агаар мандлын дээд давхаргын озон нь нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хүн, амьтныг хамгаалах ач холбогдолтой бол газрын гадарга орчмын агаар дахь озон нь эрүүл мэндэд аюултай аж.
Хэдийгээр манай агаарын найрлага дахь озоны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байгаагүй ч хэзээ нэгэн өдөр давбал гуурсан хоолойн багтраа өвчнийг сэдрээж, мөн амьсгалын замын халдварт өвчин ихэсгэж болзошгүй гэнэ.
Тэгвэл тоосонцор нь уушги, зүрх өвчлөх нэг хүчин зүйл болдог. Хүний үс 50-70, элсний ширхэг 90 микроноор хэмжигддэг бол нарийн ширхэгт тоосонцор 2.5, бүдүүн ширхэгт нь 10 микрон байдаг. Тиймээс тоосонцор ихтэй үед амны энгийн хаалт зүгээд нэмэргүй (тоосонцор хэтэрхий жижиг учир ямар ч нүх сүвийг нэвтлэх чадвартай), заавал зориулалтынхыг зүүж, эрүүл мэндээ хамгаалах ёстой.
Энэ мэтээр агаар бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах нүүрстөрөгчийн дутуу исэл, амьсгалын замыг нарийсгадаг хүхрийн давхар исэл, уушгины эдийг цочроох азотын давхар исэл зэрэг нь хэр их байгааг суурин харуулын станц хүний оролцоогүйгээр тодорхойлж, мэдээллээ ч бас мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр гаргаж, дэлхий дахинд цацаж буйг тус албаны мэргэжилтнүүд онцолсон юм.
Харин мэргэжилтнүүд өдөр бүр ирж, засвар, үйлчилгээ хийх төдийгүй, тасралтгүй ажиллаж буй, эсэхийг нь төвөөсөө хянадаг байна.
Сүүлийн үед утаанд хар тугалга, хүнцэл агуулагдаж буй, тэр нь иргэдийг чимээгүй алж байна гэх болсон. Энэ талаар Х.Галымбек даргаас асуухад “Агаарт дэгдээд байгаа тоосонцрын химийн бүтцийг шинжилж үзэхэд тийм бодис илэрдэггүй. Баталгаагүй мэдээлэл түгээж болохгүй” гэсэн юм.
УТААГ ХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ
Одоохондоо манайд байтугай дэлхийд агаарын чанарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль байхгүй. Ийм нөхцөлд тус алба хэрхэн бүрэлдсэн юм бол? Ижил төстэй мэргэжилтэй хүн сонгон авч, сурган ажиллуулдаг аж. Тэднийд экологич, химич, химич инженер мэргэжилтэй хүмүүс голдуу ажилладаг.
Японы олон улсын байгууллага болох ЖАЙКА-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өдгөө тус албаны мэргэжилтнүүдийг бэлдэж, баг багаар нь Японд аваачин, сургаж мэргэшүүлдэг юм байна. Уг төсөл нь 2017 он хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш тэд өөрсдөө мэргэжилтнүүдээ бэлтгэхээр болжээ.
Мэргэжилтэн бэлтгэх хугацаа нэг жилээс багагүй байдаг гэсэн. Одоогоор тэднийхээс Японд нэг доктор, магистр, БНСУ, Австралид тус бүр нэг магистр сурч байгаа гэсэн. Тэд мэргэжлээ дээшлүүлчихээд буцаж ирээд ажиллах гэнэ лээ.
“Иргэд АЧА-ыг утаа бууруулах буюу тэмцэх алба гэж ойлгодог. Хүмүүс биднийг агаарын бохирдлыг бууруулах бодлого тодорхойлж, зуух, түлш зарж байгаа юм шиг янз бүрээр хэлдэг. Бид үүргээ биелүүлж, агаарын бохирдлыг хэмжин, эх үүсвэрийг нь тоолж байна.
Тооллогод үндэслээд агаарын бохирдлын тархалтын загварчлал гаргаж буй. Агаар бохирдуулагч эх үүсвэр бүрт дүн шинжилгээ хийж байгаа юм. Гэтэл биднийг утаа бууруулсангүй гэж байнга шүүмжлэх нь бий. Байнга дайралтад өртдөг болохоор хүмүүст хэчнээн хэлсэн ч ойлгодоггүй.
Агаартай холбоотой газар бүрийг утаа бууруулах ёстой гэж үздэг хүн олон. Цэвэр агаарын сангийн айхтар хэрэг гарахад хөндлөнгийн хүмүүс байтугай гэр бүл, хамаатан садан нь хүртэл “Чи зүгээр биз дээ” гэж асууж байсан” гэж АЧА-ны дэд дарга Х.Галымбек хэлсэн юм.
АЧА-нд суурин эх үүсвэрээс үүдэлтэй агаарын бохирдлыг хэмждэг зургаан хүн байдаг юм байна. Суурин эх үүсвэр гэдэгт дулааны цахилгаан станц, усан халаалтын, уурын зуух багтана. Улаанбаатар хотод одоогоор 184 газарт халаалтын 300 гаруй зуух байгаа юм.
Зургаан мэргэжилтэн тэдгээр зуух хэр их утаа ялгаруулж буйг хэмжиж тогтоохоор өвлийн турш ажилладаг. Нэг зуухыг хэмжихийн тулд наад зах нь бүтэн өдөр зарцуулдаг гэнэ. Тэдний зургаан мэргэжилтэн хоёр багт хуваагдан, нэг өвлийн дотор халаалтын бүх зуухнуудыг арай ядан хэмждэг.
Манай стандартад “Хэмжих үед зуух хүчин чадлынхаа 70 хувиар ажиллаж байх ёстой” гэж заасан учир уг ажлыг заавал өвөл амжуулах ёстой аж.
АЧА-ныхан хэмжилт хийж, зуух нь хэр их бохирдол ялгаруулж буйг тогтоогоод, голдуу нэмэлт тоноглол хийх зөвлөмж өгдөг гэнэ. Уг зөвлөмжийг биелүүлсэн үгүйг мэргэжлийн хяналтын байгууллага хянадаг байна.
Сургууль, цэцэрлэгийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ хотын төв биш, ихэвчлэн зах орчимд байрлаж буйгаас усан халаалтын зуухаар л дулаанаа шийдэж, агаарын бохирдлыг нэмсээр байна.
Халаалтын зуух жилээс жилд нэмэгдсээр байвал тэд хүн хүчээ нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Учир нь хэмжилт гэдэг ганц хүний ажил биш, цогц арга хэмжээ гэнэ лээ. Нэг хүн нь яндан дээр очоод багажаа боож байхад, нэг нь шугам сүлжээгээ холбох, тоног төхөөрөмж дээрээ хяналт тавих, өөр нэг хүн тухайн газрын мэдээллийг цуглуулж, цагт хэдий хэмжээний түлш түлж байна, зуух нь ямар тоноглолтойг шалгана, бас нэг хүн бүртгэл явуулна.
Тэр бүртгэлд нь зуух нь ямар маркийнх, ямар байгууллага, хэзээ суурилуулсан, хэмжилт хийх үед гадаах температур ямар байсан зэрэг багтана. Хэмжээд дууссаны дараа тэр бүх мэдээллийг нэгтгэж, цахим санд оруулахад бас нэг хүн шаардагддаг байна.
Тус албаныхны хэмжих багаж Монгол Улсад өөр аль ч газарт байхгүй, сайн чанарынх. Багажуудыг нь ЖАЙКА нийлүүлжээ. Биднийг “Гутал оффис” төвд байрлах Хэмжилтийн багийнхан дээр 15.00 цагт очиход тэд энэ долоо хоногийнхоо ажлыг дуусгаж байв.
Тус багийнхан даваа гаригт багажаа бэлдэн, тохируулдаг, баасан гаригт дүнг боловсруулдаг байна. Үлдсэн гурван өдөр буюу мягмар, лхагва, пүрэв гаригт нь хэмжилтээ хийдэг аж. Бид баасан гаригт очиж таарсан тул тэд багажаа цэвэрлэж байлаа.
Техникийн мэргэжилтэн С.Батсая “Төвийн зургаан дүүрэг дэх бүх зуухыг манайх бүртгэж шалгасан. Баянзүрх дүүрэгт гэхэд усан халаалтын 56 зуух байна. Иргэд “Уурын зуух утаа гаргаж, ойр орчмын агаар бохирдуулаад байна. Үүнийг зогсоох арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдол ирүүлэх нь цөөнгүй” гэлээ.
Автомашинаас ялгарч буй бохирдлыг хэмждэг дөрвөн хүн бас тус албанд байдаг. Машинаас гарч буй утааг хавар, намар хэмждэг аж. Өвөл хэмжихээр тоног төхөөрөмж нь царцаж, дүн мэдээ нь буруу гарах магадлалтай. Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл 300.000 орчим бий.
Гэхдээ автомашинаас үүдэлтэй бохирдлын 60 хувийг нь автобус ялгаруулдаг байна. Нийслэлд 1400 гаруй автобус явж байгаа нь агаар бохирдуулах томоохон хүчин зүйл болж буй гэсэн үг. Арга хэмжээ авахын тулд автобуснуудыг дизель биш, хийн хөдөлгүүртэй болгосон ч үр дүнд хүрээгүйг тус албаны мэргэжилтнүүд дурдаж байлаа.
Автобус үйлдвэрлэгч компаниуд дургүйцэж “Тоног төхөөрөмж өөрчилж буй нь манай компанийн нэр хүндэд халдсан хэрэг. Өөрчилснөөс болж иргэд аюул осолд өртвөл бид хариуцахгүй. Өөрчилбөл манай бүтээгдэхүүн биш болох учир бүх бичгийг ав” гэсэн гомдол гаргадаг байна.
Харин өдгөө шүүлтүүр тавихаар ЖАЙКА-гийн төслийн хүрээнд судалж байгаа гэнэ лээ. Өнгөрсөн хавар, намар хэмжилт хийж, янданд нь шүүлтүүр тавьчихвал тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг 80 хувь бууруулах боломжтой аж. Гэхдээ ийм төхөөрөмж нэвтрүүлэхийн тулд дахиад хэд хэдэн удаа хэмжиж, турших шаардлагатай юм байна.
Хэмжилтийн баг утаагүй түлшний чанарыг бас шалгадаг. Энэ өвөл утаагүй түлшинд татаас өгөхгүй гэж байсан ч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард тогтоол гаргаж, татаас олгох болсон.
Удахгүй Баянгол дүүргийн есөн хорооны 10.000-12.000 айлд сайжруулсан түлш түгээх аж. Түлш нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулчихаад байгаа гэнэ.
Түлшний чанар сайн байгаа гэж АЧА-ныхан хэлсэн. Энэ өвөл таван аж ахуйн нэгж түлш нийлүүлэх хүсэлт гаргажээ. Тэд нийлээд 55.000 айлыг түлшээр хангах боломжтой. Одоогоор дөрвөн аж ахуйн нэгж түлш нийлүүлэх гэрээ байгуулаад буй аж. Тэдгээр нь “Хур туг”, “Баялаг эрдэнэ цом”, “Шарын гол”, “Хөх чоно” аж.
Үлдсэн нэг компани нь “Өвөл бараг дуусаж байгаа энэ үед үйлдвэрээ ажиллуулбал маш их зардал гарна, түүнийгээ нөхөж чадахгүй. Ирэх жилээс нэгмөсөн нийлүүлье” гэсэн хариу өгчихөөд буй гэсэн.
Төрийн байгууллагын хаалгыг сахих хүн мундахгүй. Тус байгууллагад ч “Зуух зохион бүтээлээ”, “Автомашины утааг бууруулах тоног төхөөрөмж хийчихлээ”, “Богд уул, Гүнтийн давааг сэтэлж, агаарын бохирдлыг бууруулъя” гэсэн хүн цөөнгүй ханддаг гэнэ.
Гэсэн тэдгээрийн дунд үр дүнтэй санал байдаггүй аж. Ийм учраас манайхан агаарын бохирдол гэж багагүй хугацаанд ярьсан ч одоогоор далайцтай бууруулж чадаагүй байгаа билээ.
Агаарын бохирдол хотын төв хэсэг буюу “Тэнгис” кинотеатр орчим, 120 мянгат орчмоор их байдаг юм байна. Улаанбаатар хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн хонхор газар оршдог. Салхи уулын амуудыг дагаад хотын төв рүү чиглэсэн. Ингэхээр хотын төвд нь хүйтэн агаарын нуур үүсгэчихдэг. (Голууд тал талаас нь цутгаж, нэг нуур үүсгэж буйтай адилтгаж болох).
Хотын захын гэр хорооллыг хумих арга хэмжээ авахгүй бол утаа нь төвдөө төвлөрсөөр байна гэсэн үг. “Утааг бууруулахын тулд зайлшгүй цогц арга хэмжээ авах шаардлагатай. Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 60 хувь нь байшин, 40 хувь нь эсгий гэрт амьдардаг, нүүдэлчин хэвээр.
Гэр хорооллын нэг өрхийн сарын дундаж орлого 590.000 гаруй төгрөг аж. Ийм орлоготой өрх өвөл дулаанаа хэрхэн боломжийн үнээр шийдэх вэ гэхэд нүүрс л байна. Энэ утгаараа утаа манай нийгмийн хөгжил, хүн амын орлогын толь болж буй юм” гэж тус албаныхан хэлж байв.
Ч.МӨНХЗУЛ