Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр байсан ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Уг асуудал олон нийтийн дунд маргаантай байгаа тул завсарлагын хугацааг сунгах, намын бүлгүүд нэгдсэн ойлголтод хүрэх, зөвшилцөх саналтай байна” хэмээн гурав хоногийн нэмэлт завсарлага авах хүсэлт гаргасан.
УИХ-ын дарга З.Энхболд уг хүсэлтийг хүлээн авч буйгаа мэдэгдээд, завсарлагын хугацаанд бүлгүүд Цэцийн талаарх маргаанаа шийдэж, ойлголцохыг сануулав. Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүнийг зургаан жилээр томилдог.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Цэцтэй холбоотой энэ мэт маргаантай асуудал дахин бүү оруулж ирээч. Эрх баригчид олон нийтийн үгийг сонсоорой. Хуулийн байгууллагыг улс төрийн хүүхэлдэй болгож байна.
Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх гэсэн санаархал” гэхэд Р.Гончигдорж гишүүн ихэд эмзэглэсэн аятай “Намайг Цэцийн дарга болох нь гэсэн яриа гарчихсан байсан. Би тайлбар хиймээр байна” гэж спикерээс үг хэлэх зөвшөөрөл хүссэн ч микрофоныг нь нээсэнгүй.
Иймд Р.Гончигдорж гишүүн цаас барин, Ц.Нямдорж гишүүн дээр очиж, жичид нь тайлбар хийв.
НОЁН УУЛ, ГАЦУУРТЫН ОРД ТОЙРСОН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ
Энэ өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн найруулгыг сонссон. Мөн Ноён уул, Гацууртын орд тойрсон асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр уг асуудлыг анхнаас нь эсэргүүцсэн гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар байр сууриа илэрхийлж, холбогдох Байнгын хорооны даргад асуулт тавив.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг “Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамруулахад хүрнэ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн саналыг Байнгын хороо дэмжсэн.
Ингэснээр 11 мянган га талбайг байгалийн нөөц газрын, 405 га талбайг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм. Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргаж байгаа ч хилийн цэсийг нь Засгийн газар тогтооно.
Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авъя гэвэл тогтоолын төсөл санаачилж, өргөн барих шаардлагатай” гэв.
Тухайлбал, гишүүн Г.Уянга “Кыргызийн түүхийг давтах нь. Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө тогтоосон байхад Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Ядаж түүхийг минь бидэнд үлдээгээч. Та бүхэн эцэг, эхийнхээ хийсэн бүхнийг өнгөрч буй 20 гаруй жилийн хугацаанд нураасан, ухсан. Би Засгийн газарт итгэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Ноён уулыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой гэж байгаа. Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх нь чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод л байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа” гэв.
Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжихтэй хамт салбарын сайд Н.Батцэрэг танхимыг орхин гарч, эс үйлдлээрээ эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Ингэхдээ тус ордын төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрөв.
Энэ тухайд Уул уурхайн сайд Р.Жигжид “Ашигт малтмалын хуулиар Засгийн газар 34 хувиа эзэмших, эсвэл үүнтэй дүйцэх хэмжээний, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах юм.
Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тусгай төлбөрийг гурван хувь байхаар тохироод буй. Гэхдээ зах зээлийн үнээс хамаарч уг хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Алтыг унци тутамд 1100-1400 ам.доллар байхад дээрх хувийг мөрдөхөөр урьдчилан тохироод байна.
Тогтоол баталсантай холбогдуулан Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, ордыг ашиглах гэрээ байгуулна. Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай.
Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Дээр нь тухайн аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилна.
Ингэвэл Монгол Улс олон жилийн дараа ногдол ашиг авах боломж бүрдэнэ. Тиймээс тусгай төлбөр авснаар улсын төсөвт түрүүлж орлого орж ирнэ гэж харж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний татварыг чөлөөлөхөөр болж буй юм.
Энэ үеэр УИХ-ын дарга зөвхөн баруун гэлтгүй бүх алслагдсан сумыг татварын чөлөөлөлтөд хамруулах санал гаргаж, төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Б.НОМИН