Суурьгүй байшин байдаггүйг хүн бүр мэднэ. Байлаа ч нэг хүчтэй салхилахад л нураад унана. Түүнийг барихад зарцуулсан цаг хугацаа, мөнгө, хөдөлмөр өнөөх салхитайгаа хамт хийснэ. Нефть боловсруулах үйлдвэр барих ажил манай улсад яг иймэрхүү байдалтай л явж ирсэн байх юм.
2005 оноос хойш ийм үйлдвэр барих 15 тусгай зөвшөөрөл хувийн компаниудад олгосон. Гэвч нэг ч үйлдвэр боссонгүй. Хувийн хэвшлийнхэн бор зүрхээрээ зүтгээд ч дийлэхгүй асуудал, төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй салбар гэж байдаг аж.
10 гаруй жил бүтэл муутай оролдсоны эцэст одоо л нэг ул суурьтайгаар асуудлыг шийдвэрлэх цаг ирэв. Шийдлийн Засгийн газраас тусгайлан Аж үйлдвэрийн яам байгуулсны хэргийг үүн дээр гаргах ёстой.
ТЭРБУМ ДОЛЛАРАА ОРОСТ ӨГӨХ ҮҮ, ДОТООДДОО ҮЛДЭЭХ ҮҮ
Улсын хэмжээнд хэтийн төлөв бүхий хайгуулын 31 талбай ялгаснаас 21-д нь 16 гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй. Үүнээс Дорнод аймагт хоёр (Тосон-Уул XIX, Тамсаг-XXI), Дорноговь аймгийн Зүүнбаянд нэг (БХГ-97) нийт гурван талбайд газрын тос олборлож буй.
2015 онд эдгээр талбайгаас 1.2 сая тонн түүхий тос олборлож, урд хөрш рүү гаргажээ. Ингэхдээ манай тал тээвэрлэлтийн зардлаа өөрсдөө хариуцдаг. Урт зам туулж тосоо зөөчихөөд олон улсын хөрөнгийн бирж дээрх “Brent” маркийн нефтиэс баррелийг нь 3.62 доллараар хямдаар зардаг.
Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд унаж буй. Гэтэл манайх унасан үнээс ч доогуур зарж, тэрбум доллар олжээ. Түүхий тосоо урагш нь хямдхан зарчихаад хариуд нь ОХУ-аас жилд 1.2 сая тонн боловсруулсан бүтээгдэхүүн буюу шатахуун, дизелийг тэрбум доллараар авдаг.
Гадаад валютын нөөцөө бараг тэр чигт нь шатахуунд зориулдаг гэсэн үг. Хэрэгцээт шатахуун, дизелийнхээ 95 хувийг тус улсаас авч, хараат болсон байна. Гунигтай сонсогдож байгаа биз. Түүхий эд нь бэлэн ч боловсруулах үйлдвэргүйн зовлон энэ.
Түүхий тосоо зарж олсонтой тэнцэх мөнгөөр буцаагаад ОХУ-аас боловсруулсан бүтээгдэхүүн авах уу, энэ мөнгийг эх орондоо үлдээх үү. Эх оронч сэтгэлгээтэй хүн бүр хоёр дахь сонголтыг дэмжих байх.
Үүний тулд боловсруулах үйлдвэр барьж, яаралтай ашиглалтад оруулах ёстой. Газрын тос бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн ач холбогдлоо хамгийн түрүүнд тооцох нь чухал.
НЕФТЬ ДАМЖУУЛАХ 544 КМ ХООЛОЙ БАРИНА
Сөхөрч буй эдийн засгаа аврахын тулд Ч.Сайханбилэгийн санаачилсан тогтоол, хөтөлбөр дотор газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн өгүүлбэр дурайж буй. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат жил гаруйхны хугацаанд чамлахааргүй ажил хийжээ. Урьдчилсан ТЭЗҮ-ийг бэлэн болгож, үйлдвэрээ хаана барих боломжтойг тогтоосон байна.
Засгийн газарт танилцуулсан тогтоолын төсөлд үүнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар тусгасан байгаа юм. Үйлдвэр байгуулахад хамгийн түрүүнд дэд бүтэц шаардлагатай.
Мөн цахилгаан, усны нөөц хүрэлцээтэй байх учиртай. Мэдээж түүхий тос олборлож буй газартайгаа ойр байвал тээврийн зардал хэмнэнэ. Энэ бүх шалгуурыг Бор-Өндөр сум хангаж буй гэнэ.
Тэнд “Монросцветмет”-ийн олборлолт явуулж байсан жоншны уурхайн дэд бүтэц бэлэн байгаа. Мөн өдөрт 14 мянган шоо метр ус ашиглах нөөцтэй аж. Гэхдээ нефть боловсруулах үйлдвэр өдөрт 4000 шоо метр ус ашиглана.
Хэрэглэсэн усныхаа 90 хувийг буцаан ашиглана. Бор-Өндөрт тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолойн цогцолбор барих юм. Учир нь төмөр зам барих өртөг нь дамжуулах хоолой тавихаас тав дахин өндөр байдаг аж.
Нэг км дамжуулах хоолой тавих өртөг 400 мянган доллар бол төмөр замынх 2.5 сая доллар. Тиймээс өртөг багаар нь дамжуулах хоолойг манай улс сонгох нь. Түүхий тосны ордоос Бор-Өндөр хүртэл 544 км дамжуулах хоолойг дөрвөн өргөлтийн станцын хамт 264.5 сая доллараар барихаар тооцжээ.
Боловсруулах үйлдвэрийг нийт 1.3 тэрбум долларын хөрөнгөөр босгохоор төлөвлөсөн байна. Мөн жилд 1.55 тэрбум долларын борлуулалт хийж, 160 сая долларын цэвэр ашиг олж, хөрөнгө оруулалтаа найман жилд нөхнө гэж тооцжээ.
Одоо газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгох уралдаант шалгаруулалт зарлахаар АҮЯ зэхэж буй.
Манай улсад газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.25 сая тонн байдаг аж. Мөн цаашид ч нөөц илрэх магадлалтай тул түүхий эдэд санаа зовох зүйлгүйг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Хүчин чадал, технологио тодорхойлсны дараа үйлдвэр барих зураг төслөө хийлгэнэ. Ийм зураг төсөл бэлэн байдаг учраас цаг алдахгүй.
Үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах цаад хугацаа нь дөрвөн жил. Улмаар 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч, үүнд зориулж байсан тэрбум долларыг эх орондоо үлдээх боломж жинхэнэ утгаар бүрдэх нь.
Уг үйлдвэр ашиглалтад орвол 600 ажлын байр шинээр бий болох юм билээ.
Жил гаруйн өмнө баталсан Газрын тосны тухай хуульд гэрээлэгчид олборлосон тосоо тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр дотоодын үйлдвэрт нийлүүлэх үүргийг тусгаж өгсөн юм. Энэ нь ч тэдэнд ашигтай.
БНХАУ руу тээвэрлэх зардал хасагдана, бас дэлхийн зах зээлээс доогуур биш, ижил үнээр дотоодын үйлдвэртээ худалдана.
Олон жил ярьсан үлгэрийг ажил болгохоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зүтгэж буй нь энэ. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт энэ амлалт бий. Гэхдээ асуудлыг нэг намын амлалт гэдэг улстөржсөн өнцгөөр харах хэрэггүй.
Эдийн засгийн үр ашиг, үндэсний аюулгүй байдлаа илүүд үзэж, энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Улстөржихдөө эдийн засгаа чирдэг тэнэг зуршил өдий хүртэл нэг ч үйлдвэр босоогүйн бас нэг шалтгаан.
Гэвч бид хэдий болтол ОХУ-аас хараат амьдрах гэж. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ өөрсдөө хангах цаг ирж байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд явцуухан сэтгэдгээ больж, стратегийн чухал асуудлаа эв нэгтэй шийдэх цаг болсон. 2016 оны сонгуулиар ямар нам ялахаас үл хамааран энэ төсөл ажил хэрэг болох нь улс оронд чухал байна.
С.ТУУЛ