Нэг үе борооны дараах мөөг шиг цэцэглэж байсан ломбардууд цаг үеэ дагаад бэхжих нь бэхжиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь үүдээ барьсаар өдгөө нийслэлд барьцаалан зээлдүүлэх 500 гаруй газар үлджээ.
Монгол орон зах зээлд шилжсэн үеэс энэ төрлийн бизнес цэцэглэж, олон тэрбумаар нь биш ч, хэдэн сая хүртэлх төгрөгийн дотор иргэдийн байнга хэрэглээд байдаггүй эд зүйлийг барьцаалан зээл олгож, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулахад нь ломбард тус болж ирсэн гэдэгтэй олон хүн санал нэгдэх нь гарцаагүй.
Өнөөдөр ломбарданд эд зүйлээ тавьж үзээгүй, халаас, хэтэвчиндээ үнэт эдлэлээ барьцаалсан бичиггүй хүн тун ховор.
Оюутан байхдаа бид ломбардны байнгын үйлчлүүлэгч байв. Манай оюутны байрны дэргэд, сургуулийн хажууд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг газар олон.
Ангийнхаа хэн нэгний монетон ээмэг, бөгж, гинжний аль нэгийг нь тавиад хэдэн төгрөг авна. Дараа нь ангийнхнаасаа мөнгө цуглуулаад эргүүлэн авч өгдөг байсан. Өдгөө ч ингэдэг оюутнууд бий гэдэгт итгэлтэй байна. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар дэлхийн олон оронд бий.
Дээхнэ үед ломбардны хүү нь хамгийн багадаа 10 хувь байсан шиг санагдаж байв. Харин өдгөө ихэнх ломбард 6-7 хувийн хүүтэй мөнгө олгож байгаа. Бараг л жамаараа, улс төр, улстөрчдөөс татаас тэтгэмж авалгүй үйл ажиллагаа явуулдаг бизнес гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Гэтэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хуультай болгохоор УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан Засгийн газарт өргөн барьчихаад байна.

Хууль батлаад хэрэгжүүлдэггүй атлаа зүгээр л жамаараа яваа бизнесийг хуульчлах гэж улайрч байгаа нь ард түмэнд сайхан харагдах гэсэн арга уу, эсвэл тэдэнд туслах гэсэн санаа юу.
Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг 2013 онд санаачлан, УИХ-д өргөн барьсан ч өнөөг хүртэл батлагдаагүй л байна. Уг нь энэ хуулийн төслийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд зориулсан байтал нөгөө хэдэн ломбардаа бараг банк бус санхүүгийн байгууллага мэт тооцсон байгаа юм.
Тиймдээ ч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл авахаар тусгажээ. Энд бас л төрийн хүнд суртал төвлөрлийг бий болгох заалт орж ирснийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч хэд хэдэн байгууллагын ажилтан, эзэд хэлж байгаа юм.
Тэд “Төрөөс ямар нэг дэмжлэг татаас авалгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа эгэл жирийн иргэд биднийхээ бизнесийг хясан боож болзошгүй хуулийн төсөл байна лээ. Бид түүнтэй нь танилцах нь танилцсан.
Г.Уянга гишүүн хууль санаачлахдаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг иргэдийнхээ санал бодлыг аваагүй нь төслөөс харагдаж байгаа юм. СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авна гэх мэтийн бараг илүүц заалт орсон байна.
Тэнд нөгөө л төрийн хүнд суртал, жирийн бизнес эрхлэгчдээ дарамтлах гэсэн дунд тушаалын албан хаагчид сууж байдаг шүү дээ.
Энэ хууль батлагдах юм бол хөрөнгө мөнгө багатай ломбардны эзэд үүдээ барьж, хөрөнгө гайгүйтэй цөөн хэд нь дүрмийн сангаа нэмэгдүүлэн банк бус санхүүгийн байгууллага болж өргөжөөд алт, үнэт эдлэл, бусад эд зүйл барьцаалахаа больж, үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг болно.
Ингэхээр нөгөө хоногийн хоолоо залгуулдаг жирийн иргэд л хохирно. Ломбардаар үйлчлүүлэгч нар чинь байнга хэрэглэдэггүй үнэт эдлэлээ барьцаалаад л мөнгө авдаг, ихэнхдээ цалин мөнгө багатай, хоногийн хоолоо яаж хүргэх вэ гэсэн хүмүүс байдаг шүү дээ” гэсэн юм.
Хууль санаачлагчид болохоор ломбардны хүү өндөр, хулгайн замаар авсан эд зүйл барьцаалдаг, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцааных нь эд хөрөнгийг борлуулдаг явдалд дүгнэлт хийж, хуулийн төсөл боловсруулсан бололтой.
Хуулийн төслөөс нь өмнө Барьцаалан зээлдүүлэх стандарт (Монгол Улсын стандарт MNS 5274:2003) баталж өдгөө амьдралд хэрэгжүүлж байгаа. Тэр стандартад заасан шаардлагыг өдгөө ихэнх ломбард мөрдөж байгаа юм билээ.
Жуулчны гудамжинд байх ломбардны ихэнх нь барьцааны хөрөнгөө хадгалах тусгай төмөр шүүгээтэй, дохиолол, хяналтын телекамертай ажиллаж байна.
Харин шинээр санаачилсан хуульд энэ бүхнийг 11 дүгээр зүйл болгон “Үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага” гэсэн гарчиг дор оруулжээ. Энд бараг л өдгөө хэрэгжиж байгаа үйл ажиллагааг заасан байгаа юм.
Гэхдээ хүү, эд зүйлийг нь худалдан борлуулах хугацаа нь янз бүр байв. Барьцаалан зээлдүүлэх хэд хэдэн газраар ороход хүү нь 6-7 хувьтай байгаа хэрнээ хүүгээс хүү бодох, мөнгөө олж авахын тулд барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулахдаа “Хугацаа хэтэрснээс хойш 14 хоног, 30 хоног хүлээгээд ломбардыг хохиролгүй болгоно” гэх зэргээр янз бүрээр заажээ.
Хууль батлахынхаа оронд энэ бүхнийг журамлачихвал иргэдэд харин хэрэгтэй мэт санагдав. Хуулийн төслийн 12 дугаар зүйлд Зээлийн гэрээний үүргийг хангуулах гэсэн хэсэг оржээ. Ломбардны эздэд ч тэр, жирийн иргэдэд ч гэсэн зардал чирэгдэлтэй заалт оруулсан байгаа юм.
Тухайлбал 12.1-д “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ” гэжээ.
Өнөөдөр бид мэдээлэл технологийн зуунд амьдарч буй атал хэн цаас бариад зээл авсан хүнийг хайгаад явж байх вэ дээ. Ломбардны эздийн хэлж буйгаар бүгд л утсаар нь залгах юм уу, мессеж бичиж хугацаа нь дууссаныг сануулаад хүлээх хоногоо хэлж, эс ирсэн тохиолдолд худалдан мөнгөө олж авч байгаа юм билээ.
Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүхийн эхнэрийнх гэдгээр нь хүн бүр мэддэг “Начин заан” ломбард гэхэд Барьцаат зээлийн үйлчилгээний журамдаа “Иргэний хуулийн 286.3-т заасны дагуу зээлийн гэрээний хугацаа хэтэрснийг 60 дахь хоногт мессежээр мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа зээлийн барьцаа хөрөнгийг борлуулж, ломбардны орлого болгоно” гэж заажээ.
Хугацаа дуусаж байгааг иргэнд хоёр удаа мессежээр мэдэгдэхээр тусгасан байгаа юм. Гэтэл заавал бичгээр мэдэгдэнэ гэдэг нь хүндрэлтэй гэдгийг олон хүн хэлж байна. Тухайлбал, “Уянга Жи Эс Эс” ломбардыг ажиллуулдаг иргэн Галаа “Г.Уянга гишүүний санаачилсан хуулийн төсөлтэй танилцсан.
Ийм хууль баталж, бор зүрхээрээ үйл ажиллагаа явуулж байгаа биднийгээ хавчиж шахах хэрэг байсан юм уу гэж санагдсан. Бид тэр хуулийн төсөлд заасан заалтыг амьдралд хэрэгжүүлээд үзчихсэн л дээ. Жишээ нь 12.1-д заасан заавал бичгээр мэдэгдэх заалт байна.
Бид хүмүүсийн үнэт эдлэлийг барьцаалаад хугацаа нь дууссаны дараа нэг бус удаа хаягаар нь явж, бичгээр мэдэгдэх гэж үзсэн. Харамсалтай нь манай гэр хорооллын хаяг, гудамжны байрлал ямар билээ.
Бичсэн хаягтаа байхгүй байх нь олон. Өнөөдөр гар утас хэрэглээ болчихоод байхад заавал бичиг цаас гэж зардал чирэгдэл гаргах хэрэггүй. Хаягаар нь хүргэж өгөхөд хүртэл шатахуунаас авахуулаад зардал чирэгдэл ихтэй шүү дээ” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Эрдэнэбилэг ч бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг эсэргүүцэж байв. Тэрбээр “Гар утасгүй хүн өнөөдөр Монголд байхгүй. Заавал цаас гарздаад, энхэл донхолтой гудмаар айл эрээд явна гэж юу байх вэ дээ. Цаас ч хайран, цаг ч алт шүү дээ. Тиймээс утсаар мэдэгдсэн нь зөв.
Тэгээд ч энэ хуультай, хуульгүй жамаараа л яваа бизнест төр оролцох хэрэг байхгүй. Хэд хэдэн заалт нь амьдралд хэрэгжихгүй юм билээ. Барьцааны хөрөнгийг хугацаа хэтэрсэн тохиолдолд худалдан борлуулах талаарх заалт нь ялангуяа зөрчилдөнө” гэлээ.
Манайхан санхүүгийн боловсрол тааруу, банк санхүүгийн байгууллага, ломбардаар үйлчлүүлэх соёл тиймхэн учраас сануулсаар байтал хугацаандаа ирдэггүй, утсаар нь холбогдохоор “Өө тэгсэн үү, тэгж байгаад нэг авна даа” гэх мэтээр ярьсаар эд зүйлээ ломбардны орлого болгож байна.
“Би ч гэсэн эгэл жирийн амьдралтай хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдардаг болохоор ломбардаар үйлчлүүлдэг. Хугацаа нь дуусахаар ломбард мессежээр мэдэгддэг. Тэр үед нь боломжгүй бол хэд хоног хүлээгээч гэж ярилцаж байгаад л хүүг нь төлөөд юмаа авдаг л юм” хэмээн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч Б.Тунгалагтамир ярьж байна.
Хуулийн төслийн зарим заалт нээрээ л амьдралд хэрэгжихгүй санагдсан. Хууль ёсыг сайтар мөрддөг Германд зээл эргэж төлөх хугацаа өнгөрснөөс хойш өөрөөр тохиролцоогүй бол дор хаяж нэг сарын дараа зээлдүүлэгч барьцааны эд зүйлийг зарж борлуулах эрхтэй байдаг юм билээ. Харин манайд хамгийн багадаа 14-30 хоног хүлээгээд зардаг нь ч бий, дөрөв дэх сараа дуусгаад худалддаг нь ч байна.
Өнөөдөр ломбарданд шинэ эдлэлээ барьцаалдаг хүн бараг л үгүй болов уу. Шинэ байсан ч гэсэн ломбардны эзэд эд зүйлийг нь шинийнх нь үнээр тооцож авдаггүй. Эд зүйлээ авахгүй хоног хугацаа хэтрээд ломбард өөрийнхөө орлого болгосон тохиолдолд эхлээд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэх юм гэнэ.
Хөрөнгийн үнэлгээний газар мэдээж үнийн дүнгийн 10 хувиас доошгүй хөлс авна. Барьцааны эд хөрөнгө нь зах зээлийн үнэдээ хүрэх нь юу л бол. Гэтэл үнэлүүлсэн хэмжээнээс багаар борлуулахыг хориглоно гэж заасан нь нөгөө ломбардны эздийг үхмэл хөрөнгөтэй үлдэхэд хүргэх нь гарцаагүй.
Ломбарданд тавьсан үнэт эдлэлийг барьцаалах хугацаа нь хэтрээд борлуулж байгаа тохиолдолд хүний хуучин алт, мөнгөн эдлэлийг нөгөө хүний янз бүрийн энерги дагаж байдаг гэдэг утгаараа хүн аваад зүүхгүй нь лавтай.
Харин алт мөнгөн эдлэл хийдэг инжаанууд алт, мөнгө, монетыг зах зээлийн үнээр граммлан худалдан авч, өөр хэв загварт цутган шинэ эд болгож зарж байгаа. Тэгэхээр хуулийн заалтууд нь ломбард ажиллуулан, жирийн иргэддээ мөнгөн дэмжлэг үзүүлж буй хүмүүсийг хавчиж байгаа мэт харагдаж байгаа юм.
Тэгэхээр заавал хууль гаргаж байхаар тодорхой заалттай журам баталж, хүүгээс хүү тооцдогийг болиулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хэд хоногийн дараа худалдан борлуулж болохыг тодорхой болгох хэрэгтэй санагдана.
Түүнчлэн телекамерын хяналтаа сайжруулах, сэжигтэй санагдсан эд зүйлс барьж ирсэн хүнийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, тухайн эд зүйлийг, барьцаалж буй хүнийг нь сайтар баримтжуулах тухай журамлавал илүү үр дүнтэй баймаар. Тэрнээс биш амьдралд хэрэгжихгүй хууль санаачилж, батлуулан төрийн мөнгөөр тоглох хэрэггүй шүү дээ.
Г.ЦОЛМОН