Нийслэлд өдгөө 700 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг тухай албаны хүмүүс хэлж байна. Үүнээс эвдэрсэн, дугаарын хязгаарлалтаас хамаараад хөдөлгөөнд оролцдоггүй, мөн нийслэлд бүртгэлтэй атлаа орон нутагт байдаг тээврийн хэрэгслийг хасахаар өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог ажээ.
Ийм тооны төмөр хөлөг замын хөдөлгөөнд оролцоход өглөө, оройдоо хөдөлгөөний ачаалал нэмэгддэг ч замын чанараас болж хөдөлгөөн удаашрах тохиолдол нэлээд гарч байна.
Өнгөрсөн хугацаанд төв зам, томоохон уулзваруудыг нэлээд өргөтгөн шинэчилсэн ч орон сууцны хороолол доторх болон туслах замуудыг дорвитой засахгүй байгаад жолооч нар ам муутай байгаа юм.
Тухайлбал, “Улаанбаатар такси” компанийн жолооч Н.Батбаяр “Нэг үеэ бодвол хотын зам сайхан болсон. Өмнө нь төв зам нь ч хаа сайгүй хонхорхойтой байлаа. Харин сүүлийн жилүүдэд орон нутаг, улсаас замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт их хийдэг болсны илрэл харагдаж байгаа.

Тойрч гарахгүй л бол буферээ эвдчихмээр том том нүхнүүд байсныг засчихсан. Гэхдээ орон сууцны хороолол доторх нарийн замуудыг чанартай тавихын сацуу өргөтгөх шаардлага бий.
Хоёр машин зөрөх төдий нарийн замын нэг эгнээнд эвдрэл гаргахаар ид ачааллын цагаар тухайн хэсэгт нь замын хөдөлгөөн бөглөрчихдөг. Жишээлбэл, X хорооллоос цааш явсан туслах зам, “Драгон” төв орчим, XIII хорооллын зарим орон сууцны дундах замыг нөхөхгүй байна.
Дээрх замууд яах аргагүй хөдөлгөөний ачаалал ихтэй шүү дээ. Хотод бүртгэлтэй машинаас жил бүр татвар авч байгаа юм чинь эвдэрсэн замыг тухай бүрт нь засаж байх нь зөв байх” гэж ярилаа.
Зам засварыг өмнө нь Авто зам засвар, арчлалтын компани дангаараа хариуцаж, бүх л замын арчлах, засах ажлыг хариуцдаг байж. Харин үүний дараа нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл энэ бүгдийг хариуцаж ажиллахаар болсон. 2014 онд гэхэд тус нэгтгэл 12 км замд нөхөөс хийж байсан гэнэ.
Харин өнгөрсөн оноос эхлэн зам засвар, арчлалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг хэсэгчлэн авч гүйцэтгэдэг болж. Энэ талаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн зам, барилгын инженер Ж.Батболдоос тодруулахад тэрбээр “Манайх гол замуудын эвдрэлийг хариуцаж байгаа.
Өнгөрсөн онд бид өвөл зам нөхдөг төхөөрөмж оруулж ирсэн. Үүгээрээ хэд хэдэн газрын замыг нөхсөн. Энэ онд тийм ч олон нөхөөс хийсэнгүй. Харин орон сууцны хороолол доторх замын эвдрэлийг дүүргүүд засдаг болсон” гэв.
Ийнхүү дүүргүүд авто замд засвар хийхдээ нийслэлийн Авто замын газарт засварлах шаардлагатай замын жагсаалтаа хүргүүлдэг болжээ. Улмаар нийслэлийн Авто замын газар жагсаалтыг нь нягталж, төсөв баталдаг юм байна.
Өнгөрсөн онд улсын авто замын сангаас нийслэлд шинээр авто зам, гүүр барих, өргөтгөх, засах ажилд 91.1 тэрбум төгрөг олгожээ. Харин Авто замын газар төвийн зургаан дүүрэг тус бүрт 1.5 тэрбум төгрөг төсөвлөж олгожээ.
Үүгээр дүүргүүд хороолол доторх замаа зассан гэнэ. Гэвч энэ жил хороолол доторх авто замыг засах хөрөнгө дүүргүүдэд төсөвлөөгүй байгаа гэнэ. Ялангуяа нийслэлээс татаас авдаг дүүргүүдэд зам засах хөрөнгө байхгүй учраас нэлээд хүнд асуудал болж буй юм байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот тохижилт хариуцсан орлогч Т.Батцогтоос тодрууллаа.
-Хороолол, хотхон дундах авто замын засварыг дүүргүүд хариуцдаг болжээ. Танай дүүрэг энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-2015 онд нийслэл дүүргүүдэд 1-1.5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх эрх шилжүүлсэн. Манай дүүрэгт 1.5 тэрбум төгрөгийн эрх шилжиж ирсэн. Үүгээр бид хороолол доторх замуудаа засаж, шинэчилсэн.
Ялангуяа гэр хорооллын замыг түлхүү заслаа. Манай дүүргийн газар нутгийн 70 орчим хувь нь гэр хорооллын суурьшлын бүс. Тиймээс гэр хорооллын гудмуудын энхэл, донхол замыг сайжруулсан шороон зам болгож зассан.
Нийтлэг үйлчилгээний газрынхаа дор гурван техник авч, нэлээд хэдэн гудамжийг ингэж янзалсан. Ингэхдээ ажилчдын цалин, шатахуун зэрэг зардлыг дүүргээс гаргасан. Хэрэв ирэх тавдугаар сараас цаг агаар дулаарвал бид энэ ажлаа үргэлжлүүлнэ.
Харин энэ жилийн тухайд бид ямар хөрөнгөөр уг ажлыг хийх нь тодорхойгүй байгаа. Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд эрх шилжүүлсэн ажил алга. Мөн энэ ажлыг хийх төсөв дүүрэгт байхгүй. Хэрэв нийслэлээс мөнгө шилжүүлбэл бид засвараа эхэлнэ.
-Дүүргийн удирдлагууд нутаг дэвсгэртээ хийх ажлын жагсаалт гаргаж, хөрөнгө баталдаг биз дээ?
-Дүүргийн ИТХ хуралдаж, төсвөө баталдаг. Манай дүүрэг төсөв батлахдаа авто замын ажилд хөрөнгө суулгаагүй. Дүүргийн хөрөнгө оруулалтын мөнгө гэж тодорхой хэмжээний төсөв баталдаг ч тэр хөрөнгөөр замын ажил гүйцэтгэх боломжгүй.
Ихэвчлэн жижиг тохижилт буюу 50-60 сая төгрөгөөр гүйцэтгэх явган хүний зам тавих зэрэг ажлыг л хийх боломжтой байдаг юм. Харин “Улаанбаатар” нэгтгэл өөрийн гэсэн асфальт үйлдвэрийн газар, тоног төхөөрөмжтэй. Уг нэгтгэл замын нөхөөс хийх төлөвлөгөөнийхөө дагуу ажил гүйцэтгэдэг.
-Тэгэхээр нийслэлийн хэмжээнд зам нөхөх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Хан-Уул, Сүхбаатар зэрэг дүүрэг орон нутгийн төсөв гэж баталдаг. Учир нь дээрх дүүргүүд нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлдэг юм. Тиймээс өөрсдийнхөө нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын ажил төлөвлөсөн байж магадгүй.
Манайх нийслэлд нэг тэрбум төгрөг л төвлөрүүлдэг. Гэсэн ч манай хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбумаас хэтэрдэггүй. Үүнийг бүх ажилд хуваахаар хаанаа ч хүрдэггүй юм. 2015 онд хөрөнгө оруулалтын ажилд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Гэтэл энэ жил хөрөнгө оруулалт тэг байна. Орлого бүрдүүлж чадахгүй гэх шалтгаанаар багасгасан. Тэгэхээр дүүрэг, нийслэл юм уу, улсаас тодорхой хэмжээний эрх шилжиж ирвэл хамтарч гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй сууна.
-Орон нутгийн хөрөнгөөр засвар хийж болдоггүй юм уу?
-Иргэдийн саналд үндэслэн энэ хөрөнгөөр гэрэлтүүлэг, явган хүний зам, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн гэв.
ЭВДЭРСЭН ЗАМААС БОЛЖ ОСОЛ ГАРВАЛ ЖОЛООЧ НАР ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
Энэ мэтээр бусад дүүргүүдэд ч орон сууцны хороолол доторх замыг засах хөрөнгө байхгүй аж. Гэтэл замын эвдрэлээс болж осол гарах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд жолооч нар “Би нүх тойрч гарах гэж байхад чи урдаас ирлээ”, эсвэл “Эсрэг талын машинаа өнгөрүүлэлгүй урсгал сөрсөн” гэх зэргээр маргалддаг.
Улмаар нүх тойрч гарах гээд эсрэг урсгалд орсон жолоочийн буруу болох магадлал өндөр байдаг аж. Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайханаас тодруулахад “Энэ төрлийн осол гарсан бол замын цагдаа бүртгэж авдаг.
Хэрэв жолооч нар “Бидний буруу биш. Замыг засварлах ёстой хүмүүсийн буруу” гэж үзвэл гомдол гаргах эрхтэй. Замын цагдаа гомдлын дагуу шалгалт хийж, үнэхээр замын эвдрэлээс болж осол гарсан бол жолооч нар иргэний журмаар хохирлоо нэхэмжилж болдог” гэлээ.
Г.ЦЭЦЭГ