УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өнгөрөгч баасан гаригт өндөрлөлөө. 2015 оны намрын ээлжит чуулган ажлын 90 өдөр үргэлжлэхдээ бие даасан 26, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 347 хууль баталжээ.
Ингэхдээ 2016 оны төсвөөс авахуулаад Сонгуулийн, Эрүүгийн, Зөрчлийн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн, Эрчим хүч хэмнэлтийн болон Хамтын тэтгэврийн тухай зэрэг хүлээлт үүсгэж, анхаарал татсан олон хуулийг баталсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ “2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул УИХ яаралтай арга хэмжээ авч, Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүллээ.
Хууль баталснаас хойших хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ.
Ипотекийн зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд судалгаа хийж, зохих бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Үүнийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй” хэмээн тэмдэглэсэн.
Ээлжит чуулганыг хаахаас урьтаж, өглөөнөөс ажлын цаг дуустал Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хорь гаруй хууль баталсан.
Тухайлбал, 2030 он хүртэл баримтлах Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар бүх шатны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь мөрийн хөтөлбөрөө уг баримт бичигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргэж байхаар боллоо.
Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг уг баримт бичгээр төсөөлж буй юм.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан. Тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавьсан.
Энд бодлогын том зөрүү байгаа. Хэрэглээний зээлийг дэмжсэнээр эдийн засгаа улам муудуулж, буруу жишиг тогтооно. Энэ нь эргээд эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ.
Харин үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн, ажлын байрыг шинээр бий болгох, импортыг орлосон шинэ эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ үе шаттайгаар авч явуулна” гэж байлаа.