Цагаан сараар монголчууд бэлгэтэй сайныг ярьдаг ард түмэн. Улиран одож буй жил бидэнд ямар ололт амжилт, сайн сайхныг авчрав гэдгийг дүгнэн, айлчлан ирж буй жилийн маань зураг төөрөг ямархуу байна, яавал саар бүхнээс хол байх вэ гэдгийг урьдаас хэлэлцдэг уламжлалтай.
Модон хонь жилд одтой байж, хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаараа монгол түмнээ баярлуулсан эрхмүүдээс онцлон Цагаан сарын тухай дурсамжаас нь хуваалцлаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо өнгөрсөн жил “Чингис хаан” одон хүртсэн нь утга зохиол, соёлын салбараас анхных нь болов. Энэ бол улиран одож буй модон хонин жилд Монголын утга зохиол, соёлын салбарт тохиосон томоохон үйл явдал мөнөөсөө мөн билээ.
“Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна.
Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би монгол үндэстний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар луу тууштай чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээн тэрбээр шагнал гардах үеэрээ хэлсэн юм.
Түүний хэлсэнчлэн өнөөдөр зарим хэл мөхөж, зарим үндэстэн уусан алга болж байхад азаар бидний аялгуу сайхан монгол хэл увдислаг, язгуур эрчим долгионоо алдалгүй өнөөдөртэй золгосон.
Гэвч даяаршлын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай учраас зохиолчдод үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага ногдож буйг Г.Мэнд-Ооёо мөн онцолж байв.
Г.Мэнд-Ооёо: Хамгийн сайхан амтыг
тэр чихрээс мэдэрч билээ
Таван настайдаа аавыгаа дагаж, айл хэссэн тэр жилийн Цагаан сар миний сэтгэлд тод үлдсэн байдаг. Нударгатай дээл өмсчихсөн, мориныхоо жолоо, цулбуурыг өөрөө барих үедээ бариад, хааяа ааваараа хөтлүүлээд хэдэн айлаар орсон юм.
Айлууд надад хайрсан боорцгон дээр хоёр ёотон тавиад бор цаасанд боож өгнө. Тэрийг нь ганзгалж яваа богцондоо хийчихнэ. Харин Нанзад гээд хөгшин хоймрын авдраасаа цаасанд боодолтой ховор чихэр гаргаж ирээд боорцогтой хамт өгсөн нь тэр жилийн хамгийн гоё бэлэг байсан даа.
Орос чихэр байсан юм болов уу даа, хөдөөгийн хүүхэд би орчлонгийн хамгийн сайхан амтыг тэр чихрээс мэдэрч билээ. Тэр жилийн Цагаан сараар би анх удаа хурдан морь унаж уралдаад, аман хүзүүдэж байсан юм.
Хожим Сүхбаатар аймгийн Онгон сумын сургуульд ороход Цагаан сараар айлууд сурагчдад 12 мөнгөний дэвтэр, харандаа их бэлэглэдэг байсан. Тэгээд сүүлд оюутан болж хотод ирээд Цагаан сарын баяраас ер нь хөндийрсөн дөө.
Харин Монголын радиод ажиллаж байхад Цагаан сараар Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор явах болсон тул ажлын далимаар Шинийн гурванд аав, ээж дээрээ очиж золгосон юм.
Тэгэхэд аав, ээж хоёр минь “ам ууц” гээд бага малын жижиг ууц тавьчихсан, тосонд хайрсан дөрвөлжин боорцгоор гурван үе бололтой таваг засаад, дээр нь цагаан тос, ааруул тавьсан байсан. Цагаан сараар малчид одоогийнх шиг данагар том сүүлтэй, бүтэн хонины мах тавьдаггүй байсан юм билээ.
Тухайн жил мал нь ямархуу тарга тэвээрэгтэй орсныг харах гэж л бага малын зөвхөн ууц хэсгийг шүүсэнд тавьдаг байсан гэдэг. Одоогийн манайхны Цагаан сарыг ингэж айхтар нүсэр тэмдэглэдэг болсон нь XIX зууны сүүлч, XX зууны эхээр Хүрээнд дэлгэрсэн “Хүрээ соёл”-оос улбаатай юм болов уу гэж боддог.
Хүрээнийхэн тэр үед Цагаан сараар хүртэл баян тансаг, чамин үзэмжтэй байдлаараа ялгарах гэдэг байсан юм билээ. Аль ч талаас нь аваад үзсэн, Цагаан сар бол монгол түмний уламжлалт сайхан баяр юм даа.
Улиран одож буй модон хонин жил Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудас нээсэн гайхамшигт он цаг байлаа. Дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түрүүлж, алтан медаль хүртсэн явдал олон монгол хүний баяр бахдалыг төрүүлсэн.
Урлагийн олимп гэгддэг уг уралдааны шилдгийн шилдэг Гранпри шагналыг хүртсэн тэрбээр өнгөрсөн жил яалт ч үгүй салбарынхнаасаа хамгийн тод гэрэлтсэн од нь байсан юм.
Тиймээс Г.Ариунбаатарыг онцлон, дурсамжийн галт тэргэнд “суулгалаа”. Хэдийгээр тэр нас залуу, цус шингэн ч хөдөө төрж, өссөн болохоор Цагаан сарын дурсамж намтар нь ахмадуудынхаас дутахгүй зузаан юм билээ.
Г.Ариунбаатар: Гаднын гийчдийн дэргэд
ээжийгээ их ичээсэн гэдэг
Цагаан сар дөхөхөөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумандаа өнгөрүүлсэн бага насны минь дурсамжууд сэтгэлд дурайтал тодордог. Цагаан сарын баяр хөдөө л жинхэнэ утгаараа болдог юм шиг санагддаг.
Битүүний урд өдөр ээж минь гэр орныхоо тоос тортгийг гөвж цэвэрлээд, аав минь адуундаа явж, Сар шинээр унах морьдынхоо дэлийг засаад, багачууд бид хамгийн сайхан зүстэй, явдал сайтай морьдоо унана гэж хөөрцөглөөд л.
Эмээ, ээж хоёрынхоо хийж өгсөн шинэ дээлийг хурдхан өмсөөд, айлуудаар хэсэж бэлгээ авахсан гэхээс байж яддаг мөн ч сайхан баяр шүү... Битүүний орой аав намайг өвөлжөөний хойд талын уул руу явуулж, дагтаршиж мөстсөн гурван хэсэг цас авчруулаад тотгон дээрээ тавьдаг байсан.
Миний хүндтэй бөгөөд хамгийн дуртай үүрэгт ажил тэр байв. Орой нь айл хотлоороо битүүлэх үеэр хүүхдүүдийн авьяасыг үзэх гэж “айхтар” юм болно доо. Эцэст нь хүүхдүүд хувиа авцгааж, нэг нэг богтос чөмөгтэй харьцгаана.
Хүүхэд байхад Шинийн нэгэнд үеийнхэнтэйгээ морьтой айл хэсэх шиг жаргал үгүй мэт санагддаг байж билээ. Хүйтэн жаварт алгадуулан, морины нуруун дээр давхиж явах үнэхээр сайхан. Аав минь 10 хүүхэдтэй айлын том нь учраас манайд хүн их цуглана.
Нэг удаа би айл хэсээд өвөр дүүрэн бэлэгтэй иртэл манайд баахан гийчин байв. Тэгсэн би орж ирэнгүүтээ өврөөсөө бэлгээ гаргаад “Ээж ээ, энийг би өөрөө авна шүү. Энэ энэ бэлгийг та хүүхдүүдэд өгөөрэй.
Энэ жил тэднийх муухай бэлэг өгсөн. Тэр гуайнх харин ийм гоё бэлэг өгч байна” гэхчлэн зогсоо чөлөөгүй ярьж, гаднын хүмүүсийн дэргэд ээжийгээ маш их ичээсэн гэдэг юм. Бидний багад ч дээр үеийнх шиг ёотон бэлгэнд өгдөг айл байсан.
Гэхдээ бидний үеийн хүүхдүүдэд бол ёотон, мөнгө энэ тэр онцгүй бэлгэнд тооцогддог байлаа (инээв). Модон хонь жилд нийслэлд чамгүй олон бүтээн байгуулалт өрнөсөн. Хамгийн гол нь төр, засаг ард иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал бодлыг бодлого, шийдвэртээ тусгаж хамтран ажиллаж болдгийг Э.Бат-Үүл даргын баг хамт олон харуулсан байх.
42 жил “гар хүрээгүй” байсан Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн зуслангийн 16.35 км автозам болоод Улиастай-Гачууртын замыг 20 жилийн дараа засаж, шинэчилснийг нийслэлчүүд мэдэж байгаа.
Нийтийн тээвэрт 60 жил мөрдсөн тогтолцоог өөрчилж цахим картаар үйлчлүүлдэг, цагийн хуваариар явдаг, хүн ачдаг бус хүндээ үйлчилдэг болох эхлэлийг тавьсан. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэд, гадаадын жуулчид, наадамчин олонд зориулан соёл урлагийн багц хөтөлбөрийг толилуулж, “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд анх удаа олны хүртээл болгосон юм.
Ягаан байшингийн гадаа дуурийн тоглолт үзнэ гэж, төв талбайд Венийн вальс эргэнэ чинээ санасан хүн хэр олон бол... Зүүн Хойд Азийн бүс нутгийн удирдлагууд “Хотын ногоон хөгжил” сэдвээр манайд чуулж, тэндээс гарсан мэдэгдлийг арванхоёрдугаар сард Парист болсон НҮБ-ын нэгдсэн чуулганд хотын мээр өргөн барьж, Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болсон гээд улиран одож буй хонь жил нийслэлчүүд бидэнд хишгээ хүртээсэн тул Э.Бат-Үүл даргыг онцоллоо.
Түүнд Цагаан сарын дурсамж гэхээр зүйл ховор байсан ч үүнийх нь учир шалтгаан залуу хойч үеийн бидэнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах “боломж” мэт санагдав.
Э.Бат-Үүл: Эхний жилийн Цагаан сараар
хотын бид их хөглөсөн
Цаг үеийн шаардлагаар монгол түмний уламжлалт баяр Цагаан сартай хотын бид тун хожуу “танилцсан” гэхэд болно. Цагаан сарыг малчдын баяр гээд хотынхон тэмдэглэдэггүй байсан тул багаасаа л энэ талын ямар ч ойлголтгүй өссөн.
Гэхдээ Битүүний өдөр Спортын төв ордонд болдог бөхийн барилдааныг хааяа үздэг байсан. Тэгээд 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглэх эрхтэй болтол яаж шинэлэх, ямар ёс заншил дагах ёстойгоо, аав, ээжтэйгээ хэрхэн золгохоо хүртэл мэдэхгүй байлаа шүү дээ.
Эхний жилийн Цагаан сараар хотын бид их хөглөсөн. Өглөө зүг мөрөө гаргахаас эхлээд л юуг, яаж хийхээ мэдэхгүй, нэг нэгнээсээ асууж сураглана. Нуугдах нь холгүй юм болж байж зүг мөрөө гаргаад, ахмадуудтайгаа золгож, хөөрөг зөрүүлэх болтол ямар ерөөл бэлгэдлийн үг хэлэхээ мэдэхгүй, ичингүйрцгээсэн байдалтай өнгөрүүлж билээ (инээв).
Дараа дараагийн жилийн Цагаан сараас арай жаахан “нүүр хагарцгааж” байгаа юм. Шинийн нэгэнд гэр бүлийнхэнтэйгээ аавынд золгуутаар очихоор их олон хүн ирчихсэн бужигнаж байдаг сан. Манайд хүн бараг ирэхгүй ч буузаа ахиухан хийж, “азын бууз” олохын хорхойд том, багагүй автдаг байлаа.
Гэр бүлийнхнээ дагуулаад ахмад настай айлуудаар золгуут хийдэг минь одоо ч хэвээрээ. Цагаан сарын баярын гол утга учир нь ураг төрлөө мэдэлцэх гэж боддог юм. Нөгөөтэйгүүр энэ бол монгол түмний арвин баялаг өв уламжлал, соёл, зан заншлын агуу цогц юм байна. Тиймээс үүнийг хойч үеийнхэндээ зөв талаас нь таниулж ойлгуулах нь чухал.
Л.ГАНЧИМЭГ